Монголд цахилгаан байнга тасардгаас үүдэн 18 настнууд хиймэл оюун ухаан бүтээжээ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-06-07

18 настнуудын “Data lord” баг хиймэл оюун ухаан ашиглан эрчим хүч хуримтлуулах “Solar power” буюу сэргээгдэх эрчим хүчний технологийн төсөл санаачилжээ. Тус багийн гишүүн Б.Нандинцэцэг “Монголд маш олон удаа цахилгаан тасардаг. Тэр үед утас цэнэггүй, интернет байхгүй, зурагт гарахгүй. Хоол хийж идье гэсэн ч плитка ажиллахгүй болдог. Хэзээ нэгэн цагт манай цахилгаан байхгүй болох юм уу, ер нь манай улс яаж цахилгаантай байдаг юм бэ гэдэг үүднээс бид судалгаа хийж эхлээд өөрсдийнхөө багаа бүрдүүлсэн. Судалгааны явцад бид сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан хиймэл оюун ухаан бүтээх санаа гаргасан юм. 

Хэзээ нэг цагт манай байгалийн нөөц дуусахтай адил цахилгааны нөөц ч дуусна. Энэ үед хиймэл оюун ухаан л үүнийг орлохоос өөр арга байхгүй юм байна гэж бодсон.  AI маань нарны хэт ягаан туяа буюу дулааны энергийг хэмжиж тухайн өнцгийг байнгын тооцоолж суралцаад явна гэсэн үг. Тэндээс өөрийн тооцоолсон төгс өнцөгт байршлаа автоматаар солино. Ингэснээр 25 хувиар илүү энерги гаргаж авна гэсэн үг” гэлээ.

Харин багийн гишүүн А.Дагвадорж “AI маань алдаж магадгүй. Өгөгдсөн алгоритм дээр эхлээд тооцоолол гаргана. Хэрвээ энэ үед алдаа гарвал засаад, үүнийгээ бусад solopanel-ууд руу илгээснээр дараа дараагийн асуудлыг шийднэ. Ингээд өдөр ирэх тусам алдаагүй болно гэсэн үг. Бид хиймэл оюун ухаанаа бүтээхэд есөн сарын хугацаа зарцуулсан. Эхлээд автоматжуулах систем дээр нь ажилласан. АI маань байнгын суралцах шаардлагатай. Тиймээс хэд хэдэн физик тооцооллыг оруулж өгсөн байгаа” гэлээ.

Мөн багийн гишүүн А.Даваажаргал “Манай хүргэн ах системийн инженер. Түүний найз нь Швейцарьт ажилладаг. Тэднээр дасгалжуулагч хийлгээд, кодуудаа шалгуулсан. Яагаад гэвэл Монголд судалгааны материал хомс. Тиймээс тэднээр дамжуулан Швейцарийн судалгааны материалууд дээр ажилласан. Хүн төрөлхтөн хөгжих тусам дата улам ихэснэ. Энэ датаг багасгаж чадаад байвал маш ашигтай. Хүссэн хэмжээгээр тооцоолон бодож, аливааг бүтээж чадна л гэсэн үг.  

Хэрэв бид хөрөнгө оруулалт авч чадах юм бол бүх технологийн салбарт суурилсан АI бүтээхийг зорьж ажиллана. Ингэж ажилласнаар манай улс болон дэлхийд, байгальд ээлтэй ирээдүйг бий болгож чадна” гэсэн юм.

Тэд АНУ-ын Сиэтл хотын North Seattle College-д сурдаг бөгөөд жилийн завсарлага авч, Монголдоо иржээ. Мөн тэд давхар МУБИС-ийн 12 дугаар ангид суралцаж байна.  

“Надад ийм шинэ санаа байна” гэсэн хэн ч “Эрдэм хакатон”-д оролцох боломжтой юм байна. Ингэхдээ мэдээллийн технологи, био технологи, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацын таван чиглэлийн хүрээнд төсөл бэлтгэх ёстой аж.

2023 оны "Эрдэм хакатон"-ы тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны Сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов. Дэд байрт, “Эко хөнгөн бетон” төсөл, гуравдугаар байрт “Метаког” төсөл, тусгай байранд “Амин хүнс”, “Эко грин гоулд” баг тус тус  шалгарлаа. 

#Мэдээ