“Call Me By Your Name” номын үзэсгэлэнтэй мөрүүд


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-02

“Тэр ирсэн. Тэгээд буцсан. Юу ч өөрчлөгдөөгүй. Би өөрчлөгдөөгүй. Хорвоо ертөнц ч хувьсаагүй. Гэвч юу ч урьдынх шигээ байхгүй нь..."

Андре Асиманы гайхалтай бүтээлүүдийн нэг “Call Me By Your Name” зохиолд 17 настай Америк, Итали гаралтай Элио хүү, 24 настай Америк гаралтай Оливер нарын зүрх өвтгөм хэдий ч бодлоос огт гарамгүй үзэсгэлэнт хайр дурлалын түүхийг өгүүлдэг. 

"Call Me By Your Name" зохиол нь 2007 онд хэвлэгдэн гарч байсан бол 2017 онд яг энэхүү нэрээрээ дэлгэцийн уран бүтээл болон гарсан билээ. Энэхүү кино нээлтээ хийснээс хойш багагүй алдар нэрийг олж, кино багийнхан олон олон шагналыг хүртсэн байдаг. Клаудиа Монейгийн уран зураг бодит амьдралд буусан мэт “мөрөөдлийн” гэмээр дүрслэлтэй энэхүү бүтээлийн хамгийн сэтгэлд хүрсэн 10 мөрийг сонгон хүргэж байна.
 
1. "Би чамайг эргэн ирнэ гэж итгэл найдвар тавин хүлээсээр байсан ч энэ хэвээрээ үүрд хүлээх нь миний туйлын хүсэл байж ч магад. Үүрд хүлээх... Толгойгоо өндийлгөн чамайг харах, нарны тос, дэрсэн малгай, улаан шаргал усны хувцас, лимоны шүүс. Зүгээр л толгойгоо өргөөд чамайг олж харна гэдэг. Удахгүй ингээд харахад чи минь байхгүй байна гэдэг..."

2. "Тэр минь үргэлж миний хажууд байдаг шигээ байвал надаас хол байх үедээ юу хийх нь огт хамаагүй ээ. Надаас холдсон үед хэн нэгэн түүнийг минь битгий өөрчлөөсэй. Манай гэр бүлийнхэнд болон надад харуулсан амьдралаас нь өөр амьдралаар түүнийг бүү амьдруулаасай. Намайг түүнийг алдахад бүү хүргээсэй."

3. "Аз жаргалтай байх нь тийм ч хэцүү биш байж мэднэ. Зүгээр л өөрийгөө аз жаргалтай болгох зүйлээ хайж олоод бусад хүмүүсээс өөрийн аз жаргалаа бүү хайгаарай."

4. “...Нүд рүү минь удаанаар ширтээд, нулимсаар дүүрэхийг нь хараач.”

5. "...Энэ бол ганцаараа байхыг үзэн яддаг ч эцэст нь ганцаар хоцордог, тайвшрал гэгчийг үл мэдэх хүмүүсийн тухай түүх билээ."

6. "... Хүн бүр л тривиаментогийн үетэй тулгардаг. Амьдралдаа эргэлт хийж, өөрийн үргэлж сонгодог замаас ондоо замыг сонгох үе. Зарим хүмүүс нөхцөл байдалдаа дасаж, зарим нь дассан мэт жүжиглэж, зарим нь хэзээ ч эргэн ирэлгүй одож, зарим нь эхлэхээсээ ч өмнө хулчийж, үлдсэн хэсэг нь эргэлт хийхээс айн тээнэгэлзсэнээр бүхий л амьдралаа дэмий үрдэг."

7. “...Тийм ээ, тийм, тийм. Би жаргалтай байсан. Хэн нэгэнтэй хамт байсан ч, орь ганцаараа байсан ч би жаргалтай байсан. Тэр л чухал шүү дээ."

8. “... Бид эхлээд найзууд байснаа хосууд болсон. Хосууд найзууд байхаас эхэлдэг ч байж магадгүй юм.”

9. “... Яг л далд ухамсар шиг, дурлал шиг, дурсамж шиг, цаг хугацаа шиг, бид бүгд шиг энэ сүм ч бас нурсан балгасны суурин дээр баригдсан. Ямар ч ёроол үндэс үгүй, ямар ч анхны эсвэл сүүлчийн гэх зүйл байхгүй. Зүгээр л нэг нэгнээ халхлах олон давхаргууд, нууц гарцууд, хоорондоо холбогдох танхимууд.”

10. “... Бид шархаа эдгэх ёстой хугацаанаас нь өмнө эдгээх гэж өөрсдийгөө хэтэрхий ихээр зовоодог. Тэгээд л 30 гарах үедээ байдгаараа хоосорч үлдэнэ. Хүмүүс шинэ хүнтэй учрах бүртээ өмнө нь байснаасаа ч илүү хоосорсон байдаг.  Гэвч дахин зовохгүй байхын тулд сайнтай муутай бүхий л мэдрэмжээс зугтана гэдэг хэтэрхий хайран биш гэж үү? "

Миний бие энэхүү номыг үргэлжлүүлэн унших эрч хүчээ цуглуулахын тулд гүнзгий амьсгаа авахдаа л нүдээ салгадаг байлаа. Энэ номноос авч болох хамгийн том сургамжууд яг дээрх мөрүүдэд багтсан байдаг.

Хайртай хүнээ өөрийнхөө нэрээр дуудаж, энгэрт нь эрхлэхдээ өөрийгөө олдог тийм гүнзгий дурлалыг бүтээчхээд зуны аагим халуунд Италийн хаа нэгтээ хамтдаа дуу аялсаар амар сайхандаа жаргадаг талаар өгүүлэх ном байсансан бол ингэтлээ зүрхэнд минь үлдэхгүй байх байсан даа. Харин хорвоо ертөнцөөс хайсан бүхнээ олчхоод түүнийгээ тавьж явуулахын гунигийг, төгсгөл нь ирэхийг мэдсээр байж төгсгөлд нь ирээд сөхрөхийн өвдөлтийг ч үзэсгэлэнтэйгээр буулгасан учир сэтгэлд тодхон үлдсэн юм болов уу? Бид бүгд зүрх зогсох шахам галзуу дурлалыг хүлээдэг атлаа зүрхээ дахин бүтэн болохгүй болтол нь зовоож шаналгахыг хүсдэггүй учир айдастай байдаг байх. 

Гэвч энэхүү зохиолын гол дүр болох Элиогийн аав нь түүнд "Энэ зүрх сэтгэл, бие махбод чамд ганц удаа л заяагдана" хэмээгээд өөрт мэдрэгдэж буй мэдрэмжээ хязгаарлахгүй, өөрийгөө хүчлэхгүй байхыг зөвлөдөг нь онцлууштай. 

Аз жаргал, уйтгар гуниг гэдэг яг л зоосны хоёр тал шиг. Аль нэгийг нь хүсэхгүй болохоор холоос хол чулуудаж орхивол хоёулаа орхиод л явчихна. Жаргал ч үгүй, зовлон ч үгүй... Тиймээс зүрх сэтгэлээ зовоохоос айн хулчийхгүйгээр ганцхан олдох энэ амьдралаас мэдэрч болох бүхнийг зоригтойгоор мэдрээд үзчихвэл харамсах зүйлгүй юм байна гэх бодол төрж билээ. 

Дэлгэцийн бүтээлд дүрүүдийн дотоод мэдрэмжийг номонд дүрсэлсэн шиг нэг бүрчлэн буулгах боломжгүй тул ихэнхдээ нарийн нандин хэсгүүд нь орхигдсон байдаг. Харин "Call Me By Your Name" кино энэ тал дээр бараг алдаагүй гэж хэлж болно. Номын зохиолоосоо үл ялиг өөрөөр төгсдөг киноны төгсгөл нь номоосоо дутахгүй сэтгэл өвтгөм. Ил галын дэргэд чимээгүй уйлах хөвгүүн, түүний тайвшрахыг хүлээхгүй үргэлжлэх амьдрал...

Хүн өөрийн туршлага, сонирхол, дурсамжаас шалтгаалж аливаа зүйлийг өөр өөр өнцгөөс хардаг тул та ч мөн энэхүү зохиолыг уншаад үзээрэй. Миний мэдэрснээс тэс өөр зүйл мэдрэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч тэр мэдэрсэн зүйл тань гайхалтай байх болно гэдэгт итгэлтэй байна. 
"Хэрэв чи үнэхээр л бүхнийг санаж байгаа бол, үнэхээр л надтай адилхан юм бол намайг орхиод одохынхоо өмнө, эсвэл амьдралынхаа төгсгөлд эргэн тойрныхоо бүхий л хүмүүстэй салах ёс хийснийхээ дараа зөвхөн энэ л удаа над руу эргэн нэг хараарай. Тэгээд нүд рүү минь эгцлэн ширтээд өөрийнхөө нэрээр намайг дуудаарай."

~Arabelle

#кино #ишлэл #хайр