ЗАХИДАЛ: Надад хөвгүүд сайн болдог ч яг миний сонирхдог нь сайн болдоггүй


ССҮТөв | YOLO.MN
2018-02-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бүгд л их дотно болж, надад сайн юм шиг хандаж байснаа гэнэт л холддог

Надад хөвгүүд амархан сайн болдог ч яг миний сонирхдог, сайн хөвгүүд надад сайн болдоггүй.

Сайн байна уу би анх удаа зөвөлгөө авах гэж байна. Би 15 настай эмэгтэй. Надад хөвгүүд амархан сайн болдог ч яг миний сонирхдог, сайн хөвгүүд надад сайн болдоггүй. Бүгд л их дотно болж, надад сайн юм шиг хандаж байснаа гэнэт л холддог. Энэ юуных вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бусдыг ойлгохыг хичээж байгаа шигээ өөрийгөө ч ойлгодог болохыг хичээгээрэй

Өөрсдийгөө бүрэн ойлгож би хэн бэ гэдэг тодорхойлолт нь бүрэн бэлэн болоогүй үедээ өсвөр насныхан сэтгэл хөдлөлөөрөө амархан дотносох бас хөндийрөх нь элбэг.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа.  Хөвгүүд чамайг ямар үед илүү сайн хандаж, ямар үед тоохгүй, хөндий байдалтай байна вэ? Үүнийгээ ажиглавал чи өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгодог болоход туслана. Чиний насны охид хөвгүүд бүгд өөрсдийгөө болон эргэн тойрныхноо таньж мэдэх гээд завгүй явдаг. Энэ үед заримдаа яагаад гуниглаад эсвэл баярлаад байгаагаа бүр эсвэл яагаад хэн нэгэнтэй хамт баймаар эсвэл ганцаараа баймаар байгаагаа ойлгохгүй байх үе ч тохионо. 

“Ангарагаас эрчүүд Сугараас эмэгтэйчүүд” гэдэг эсрэг хүйстэнээ ойлгоход туслах гарын авлага дээр зөвхөн хөвгүүд гэлтгүй охидуудад ч гэсэн өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байдаг тул харилцаа эхлэх гэж байгаа үед зайгаа авмаар санагддаг үе байдаг тухай дурддаг. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн чамд тохиолдоод байгаа бус юм.

Нөгөө талаас дээр дурдсан шиг өөрсдийгөө бүрэн ойлгож би хэн бэ гэдэг тодорхойлолт нь бүрэн бэлэн болоогүй үедээ өсвөр насныхан сэтгэл хөдлөлөөрөө амархан дотносох бас хөндийрөх нь элбэг.

Бусдыг ойлгохыг хичээж байгаа шигээ өөрийгөө ч ойлгодог болохыг хичээгээрэй. Үүний тулд чи ямар үед ямар сэтгэл хөдлөл гаргаж байна, ямар бодол толгойд чинь орж ирж байна, энэ нь эргэн тойрныхонд чинь хэрхэн нөлөөлж байна зэргийг ажигладаг болоорой. Бусдыг таних нь өөрийгөө танихаас эхлэдэг шүү дээ. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Advice #Girl #Boy