Зуны амралтаар заавал туршиж үзэх зүйлсийн жагсаалт


М.Намуун | YOLO.MN
2023-05-31

Авьяас нэг хувь байхад хичээл зүтгэл 99% хувь байдаг. Аливаа зүйлийг хийхэд авьяас заавал шаардлагагүй бөгөөд зөвхөн тууштай байдлын тусламжтай хүссэн үр дүндээ хялбархан хүрэх болно.  

Зуны амралт эхлэх дөхөхөөр дотнын найзууд, дуртай хичээл, сургуулийн крашаасаа холдох нь гунигтай ч нөгөө талаар шинэ зүйл туршиж, өөрийгөө өөрчилж, сорих боломжийг эрэлхийлэх нь сэтгэл догдлом. Ингээд Yolo.mn та бүхэнд амралтаараа хийж болох сонирхолтой зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.  

Анимейшн хийж сурах 

Хүссэн хүүхэлдэйн киноны дүрээ өөрөө бүтээнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Хүсвэл та өөрийгөө ч бүтээж болно. Ингэхдээ тусгай программ дээр өөрийн бүтээлээ туурвих бөгөөд техник хэрэгсэлтэй харилцаж сурах, баруун тархиа хөгжүүлэх зэрэг маш олон давуу тал бий. Үүнийг бид сургалтын төвүүдэд сурахаас гадна Wacom tablet, Youtube хоёрын тусламжтайгаар гэрийн нөхцөлд сурах ч боломжтой.  

Керамик урлал 

Бид шавраар ваар, аяга, таваг, сувинер гээд л өөрт хэрэгцээтэй, бусдад дурсгалтай олон зүйлсийг хийх боломжтой. Керамик бүтээл нь шавраа зуурах, хэлбэржүүлэх, хатаах, будах, шатаах гэсэн 4-5 шат дамжлагын үр дүнд бий болдог. Гараар бүтээх учраас дахин давтагдашгүй бөгөөд анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдгээрээ онцлог юм.  

Туялзуур сэлэм 

Цагаан өнгийн битүү хувцас өмсчихсөн хоёр хүн нарийн, урт төмрөөр хоорондоо тулалдаж байхыг аль нэг киноны үзэгдлээс та харж байсан байх. Тэгвэл энэхүү спортоор хичээллэснээр таны хурд, орон зайн баримжаа, уян хатан байдал сайжрахаас гадна өөртөө итгэх итгэл ч мөн нэмэгдэнэ. Туялзуур сэлмийг бие даан суралцах боломжгүй учир мэргэжлийн багш, сургалтын төвд хандах хэрэгтэй шүү. 

Эпокси урлал   

Эпокси гэх шингэн бодисоор бид сувинер, ширээ, ханын цаг, аяганы суурь, шүүгээ зэрэг маш олон гэр ахуйн хэрэгслүүдийг өөрсдөө бүтээх боломжтой. Эдгээр зүйлсийг хийхэд, эпокси болон тухайн хийх гэж буй зүйлийн хэв, хэмжээ зөв технологи зайлшгүй шаардлагатай. Эпокси урлал нь стресс тайлах бөгөөд бүтээлч сэтгэхүй, тууштай зан чанарыг хөгжүүлэхэд тустай. Бие даан суралцах боломжтой хэдий ч мэргэжлийн хүнээс зөв технологийг нь заавал асууж зөвлөмж аваарай. 

Иогаар хичээллэх 

Иог нь ой тогтоолт, уян хатан байдлыг нэмэгдүүлж, стресс, нойргүйдэл хөдөлгөөний дутагдал зэргийг бууруулах олон давуу талтай. Онлайн болон танхимын сургалтаар хичээллэх боломжтой бөгөөд Youtube дээрх иогийн хичээлүүдийг дагаж бие даан үзэх ч боломжтой.  

Лаа хийж сурах 

Өнгө өнгийн лааг өөрийн гараар урлаад хайртай дотнын хүмүүстээ бэлэглэнэ гэхээр романтик биш гэж үү? Лаа нь гэрэл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэхээс гадна эерэг, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ зун тэмдэглэлт үйл явдал нь тохиох дотнын хүндээ өөрийн гараар лаа хийж бэлэглэвэл хэзээ ч мартагдахгүй бэлэг болох нь гарцаагүй. 

Стресс тайлж, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх эдгээр зүйлсээс туршиж үзэн зуныг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлээрэй 

#Мэдэхэд илүүдэхгүй