Ц. Анударь: Догдолсон л юм чинь битгий харамсаарай


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-06-06

Хэн нэгнээс сонссон сэтгэл хөдлөм үгс, түүнтэй бүтээсэн мартахын аргагүй дурсамж, амьсгалыг нь хүртэл мэдэрч дүрсэлмээр нэгэн, агаарыг нь ч алдалгүй тэмдэглэхийг хүсэх зүйлс бишгүй. Уншигч та ч бас урьд өмнө утасныхаа note дээр аль нэг мэдрэмжээ тэмдэглэж үлдээж л байсан байх.  

Тэгвэл өөрийн дотоод дуу хоолойг @soulsearching0429 инстаграм хаягаар дамжуулан номын гараагаа эхэлж буй Ц. Анударь зохиолчтой номын баярын өдрөөр цөөн хэдэн хором ярилцах боломж олдсоныг тэмдэглэн хүргэж байна. Тэр дөнгөж саяхан "Догдолсон л юм чинь битгий харамс" номоо өлгийдөн аваад буй билээ. 

Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. 

- Намайг Цоггэрэлийн Анударь гэдэг. Одоо “Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер туслах найруулагч найруулагчаар ажиллаж байна. Саяхан БНХАУ-д Олон улсын эдийн засаг, худалдаа мэргэжлээр төгссөн.  

@soulsearching0429 хаягийнхаа тухайд? 

- Ер нь би багаасаа өгүүллэг, шүлэг бичих дуртай байсан. Анх өөрийнхөө хаяг дээр пост оруулдаг байлаа. Гэтэл өөрийн минь зураг, шүлэг 2 холилдоод замбараагүй болж эхэлсэн учраас тулад нь хаяг нээсэн. Би өөрийгөө зохиолч/зохиогч гэж хэлэхээсээ ичдэг. Яагаад гэвэл би зүгээр л мэдрэмжээ бусадтай хуваалцдаг. Тиймээс намайг битгий зохиолч/зохиогч гэж дуудаарай. Зүгээр л дотоод сэтгэл, хүмүүсээс авсан мэдрэмжээ илэрхийлэх нэг арга минь шүү дээ. 

Бичихэд хүндрэлтэй зүйл бий юу? 

- Хэцүү зүйл огтхон ч байхгүй. Би “Надад мэдрэмж өгсөн бүх хүмүүстээ баярлалаа” гэж хэлмээр санагддаг юм. Би их дурламтгай хүн. Эксүүддээ, харилцаж байсан залуустаа баярлалаа гэж хэлье. /инээв/ Би тэр хүмүүсийн надад өгсөн мэдрэмжээр услагдаж ном бүтээсэн. Надад муухай хайрын түүх гэж байдаггүй. Би гомдсон ч гэсэн дараа нь үргэлж сайханаар дурсаж боддог. Хэрэв үүнийг уншиж байвал тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Бүх хүмүүс гэхээр хүмүүс намайг ямар шалиг юм бэ гэж бодож байж магадгүй. Гэхдээ нэгээс дээш гэдэг чинь л олон тоон дээр орчихно шүү дээ. /инээв/ 

Энэ удаагийн номын баяр таны хувьд их онцлог болж байгаа байх. Сэтгэгдлээ хуваалцвал? 

- Миний асарт сууж буй анхны номын баяр. Өмнө нь номын баярт жил өнжилгүй ирж сонирхдог байхдаа асар дотор сууж байгаа хүмүүст их атаархдаг байсан. “Ямар гоё юм бэ? Би ингэж суугаад өөрийнхөө бүтээсэн номыг танилцуулах юм сан” гээд л... 2023 оны номын баяраар миний bucket list /зорилгын жагсаалт/ биелж байна. Миний бодож явсан мөрөөдлүүдийн нэг биеллээ олж байгаад баяртай байна.  

Номоороо дамжуулан уншигчдад өгөхийг хүссэн мессеж тань юу вэ? 

- Ном “Догдолсон л юм чинь битгий харамс” гэдэг нэртэй. Одоо үед залуус маш их харамсал тээж явдаг юм шиг санагдсан. “Би түүнтэй яагаад учрав? Яах гэж энэ хүнд цаг хугацаагаа үрэв дээ?” гээд л. Чи догдолсон л юм чинь харамсах шаардлагагүй. Тэр хүн чамд гоё мэдрэмж, цаг хугацааг өгсөн шүү дээ. Дараагийн харилцаанд чинь бэлдсэн учрал гэж бодоод болсон бүхэнд талархаж, догдолсон л юм чинь битгий харамсаарай гэж хэлэхийг хүссэн юм. Бас энэ дан ганц миний ном биш шүү. Ард нь маш хөөрхөн 3 охин байгаа. Манай зураач Билэгзаяа, нягтлан Сайнжаргал мөн туслах Ариунзаяа гээд энэ гурван хүн миний арыг маш сайн даадаг. Тэр гуравтаа ч бас баярлалаа гэж хэлмээр байна.  

Цаашид үргэлжлүүлэн шүлэг бичиж, ном бүтээх үү? 

- Бичнэ ээ. Дараа жилийн Валентины баяраар “2nd edition” буюу өөр нэртэй, өөр хэв маягтай ном гаргана. Номын ажил энэ зундаа багтаад дуусчихна. Хүмүүс намайг инстаграм дээрх постуудаа ном болголоо гээд хэсэг дургүйцсэн. Би цаасан дээр бичих, инстаграм дээр бичих ямар ч ялгаагүй гэж боддог учраас түүнд нэг их эмзэглэхгүй байна. Миний номыг сонирхож буй бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.                                                                                                                                      

#Мэдээ