Оюутнууд цэцэрлэгийн 250 хүүхдэд урлагийн сэтгэл заслын аргыг хэрэгжүүллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-05-22

Кристина Ноблийн Хүүхдийн Сан сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй 3,4-р түвшний оюутнуудыг чадавхжуулах “БИД ИРЭЭДҮЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД” төслийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.  

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь Австрали улсын засгийн газартай хамтран 2022-2023 онд сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй залуу мэргэжилтнүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

  • Урлагийн сэтгэл заслын практик арга зүй олгох,
  • тэднийг чадавхжуулах, тэднээр дамжуулан олон мянган хүүхдүүдэд хүрч ажиллах,
  • нийгмийн оролцоог дэмжих,
  • сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах онол практик хосолсон арга зүйд сургах зорилготой “Бид Ирээдүйн Сэтгэл Зүйчид” төслийг Монгол улсад анх удаа санаачлан хэрэгжүүллээ.  

Тус төслийн хаалтын арга хэмжээг 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр МҮХАҮТанхимд зохион байгуулсан. Арга хэмжээг нээж Австрали улсын элчин сайдын нэг дүгээр нарийн бичгийн дарга Dave Preston, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Захирал Б. Амаржаргал, Клиник сэтгэл зүйч, доктор Т. Хонгорзул нар үг хэлж төслийг амжилттай төгссөн 50 оюутанд баяр хүргэв.

Хаалтын үйл ажиллагаа үндсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт Төслийн зөвлөх, хүүхдийн сэтгэл засалч Миранда Марш “Бага насанд туулсан амьдрал нь насанд хүрсэн хойно нь хэрхэн нөлөөлөх вэ?”, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Батсүх “Сэтгэл судлалын орчин үеийн чиг хандлага”, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга “Урлагийн сэтгэл заслын нөлөө” тус тус сэдвийн хүрээнд гайхалтай илтгэлүүдийг танилцуулсан. Мөн Бага насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал вэ? гэсэн сэдвийн хүрээнд модератороор сэтгэл зүйч О.Бадралын чиглүүлгээр Боловсролын газрын дарга Б.Ням-Очир, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Батсүх, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Кайзерлаутерны технологийн их сургуулийн докторант, тархи, сэтгэл судлалын ухааны магистр Б.Дорждэрэм, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн сэтгэл зүйн хөтөлбөрийн менежер, сэтгэл судлаач Э.Номин-Эрдэнэ нарын дунд хэлэлцүүлэг өрнөлөө.  

 Хаалтын үйл ажиллагаанд сэтгэл зүй чиглэлээр суралцдаг оюутнуудаас гадна урлагийн сэтгэл заслыг сонирхогч, сэтгэл судлаачид, сэтгэл зүйд анхаарлаа хандуулагч эцэг эхчүүд нийлсэн 260 хүн оролцож нэг өдрийг үр өгөөжтэй өнгөрөөв.  

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь анх 1989 онд Вьетнам, 1997 онд Монгол улсад байгуулагдаж байсан. Одоогоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэгч 2 орон, үйл ажиллагааг дэмжигч, санхүүжүүлэгч 7 орон нийт дэлхийн 9 оронд 34 жилийн туршид үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.  

Тус сан Монгол болон Вьетнам улсуудад эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, биеэ даасан, хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг улс төр, шашнаас ангид, ашгийн бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм.  

“Бид Ирээдүйн Сэтгэл Зүйчид” төслийн хүрээнд сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг 3,4-р түвшний 50 оюутныг сонгон шалгаруулж сэтгэл зүйч мэргэжилтний ёс зүй, урлагийн сэтгэл заслын тухай, чиглүүлэгт зурган засал, хүүхдийн тархины хөгжлийн үйл явц, ээнэгшлийн онол, сэтгэл зүйн гэмтэл шарх, тоглоомын сэтгэл заслыг практикт ашиглах нь,  талархах заслыг практикт ашиглах нь талаарх олон талт цогц мэдлэгийг олгож, 4-6 насны хүүхдэд урлагийн сэтгэл заслыг ашиглах нь гарын авлагыг боловсруулжээ. 

Төслийн оролцогчид сургалтаас олж авсан мэдлэгээ бататгах зорилгоор 3 сарын хугацаанд цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд урлагийн сэтгэл засал, бүжгэн засал, эерэг сэтгэл заслын аргуудыг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүний хүрээнд 250 гаруй хүүхдэд урлагийн сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэн, хүрч ажилласан шинэлэг туршлага болсон. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд 2 шилдэг баг “Цэцэрлэгийн насны хүүхдийн түгшүүр болон сургуульд бэлэн байдалд үзүүлэх урлагийн сэтгэл заслын нөлөөг судалсан нь”, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн түгшүүрт үзүүлэх урлагийн сэтгэл заслын нөлөөг судалсан нь” сэдвийн хүрээнд илтгэл хэлэцүүлж үр дүнгээ оролцогч нарт тайлагналаа. 

Бүтэн жилийн хугацаанд амжилттай сургалцсан 7 оюутанд Тоглоомон сэтгэл заслын арга зүй олгох 10 өдрийн сургалтанд суух эрхийн бичгээр шагнан урамшуулав. 

Бид ирээдүйн сэтгэл зүйчид төсөлд хамрагдсан 50 оюутан бүр ирээдүйд маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэх чин хүсэлтэй залуу боловсон хүчнүүд гэдгийг бид олж харсан билээ. Шилдэг оюутнууддаа амжилт хүсье. 

#Мэдээ