"Өөрийгөө хэрхэн өөрчлөх вэ?"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-23

"ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?" цахим санал асуулгадаа оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ!

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өөрийгөө өөрчилмөөр байна  

Би өөрийгөө өөрчилмөөр байна. Хүн болгоны хайрыг татсан охин болмоор байна. Яаж өөрчлөгдөх вэ? Юунаас эхлэх вэ?

Намайг А гэдэг. Би 13 настай. Манай ээж гадаадад байдаг. Надтай утсаар ярих болгондоо “Хэрэг төвөг тариагүй биз? Буруу хүүхэдтэй нийлээгүй биз?” гэсэн сөрөг асуулт дандаа тавьдаг. Үүнээс гадна би тийм ч хөөрхөн биш учраас өөртөө итгэлгүй болсон байж ч магадгүй. Хичээлдээ уг нь гайгүй л дээ. Гэхдээ яагаад ч юм сүүлийн үед их муудах боллоо. Бас дандаа бусдаас нуугдаж ангиасаа ч гарч чаддаггүй. Учир нь би сайн хүндээ муухай царайгаа харуулахыг хүсдэггүй юм. Би өөрийгөө өөрчилмөөр байна. Хүн болгоны хайрыг татсан охин болмоор байна. Яаж өөрчлөгдөх вэ? Юунаас эхлэх вэ?

 

ЗӨВЛӨГӨӨ: Сургуулиас гадуур олон нийтийн үйл ажиллагаа, сургалт, дугуйланд сайн хамрагдаарай

Яг л энэ дээрх шиг, чи хүмүүстэй ярилцахдаа өөрийнхөө юу хүсэж байгааг, чамд ямар санагдаж байгааг сайтар хэлж ойлгуулж, ойлголцож байх хэрэгтэй.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд чи өөрөө өөрчлөгдөхийг хүсэж буй чинь сайн хэрэг. Харин дараагийн асуудал бол чамд энэ талаар буюу чиний гадаад байдалд зөвлөж чадах хэн нэг эгч, найз, багшийг олж харилцан ярилцаарай.

Харин ээжийнх нь тал дээр чамаас хол байгаа тул чамд муу зүйл тохиолдчих вий гэдэгт санаа зовоод тэр зүйлийг их асууж байгаа, чи дараагийн удаа ярихдаа энэ нь тийм ч таатай биш байгааг хэлж, өдөр бүр тохиолдож буй асуудлаа ярих бүрдээ хэлж байя, тэр бүрийг шүүмжлэлгүй хүлээж авч харилцан ярилцаж зөвлөж байхыг ээждээ сануулаарай. Ээж нь өөрийнх нь асуудаг асуултууд чамд хүнд тусч, заримдаа бүр чамайг болохгүй хүн гэж үзээд байгаа юм шиг сэтгэгдэл ч төрүүлээд байна гэдгийг мэдэхгүй л яваа. Тиймээс нэг талаас чи ээждээ ямар санагдаж байгаагаа хэлж, яриагаа чиглүүлж бас болдог юм шүү.

Яг л энэ дээрх шиг, чи хүмүүстэй ярилцахдаа өөрийнхөө юу хүсэж байгааг, чамд ямар санагдаж байгааг сайтар хэлж ойлгуулж, ойлголцож байх хэрэгтэй. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд чи сургуулиас гадуур олон нийтийн үйл ажиллагаа, сургалт, дугуйланд сайн хамрагдаарай. Энэ нь чамайг олон хүний дэргэд байхдаа айх айдсаа давах, бусадтай чөлөөтэй харилцах, цаашлаад өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Parents #Teenagers