ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюунаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс 4 тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олгожээ


Э. Оргил | YOLO.MN
2023-05-07

Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 27, 28 өдрүүдэд болсон “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээнд Монгол Улсаас ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн гурван оюутан багшийнхаа хамт оролцжээ. Монголын “Safe focus” баг гурван оюутан нэг багшаас бүрдэнэ. Багийн гишүүн Д.Төгсбилэг, Б.Ганчимэг нар Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курс, М.Анударь 3-р курст суралцаж байна.

Тэд “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” санаагаар хиймэл оюун ухаанд тулгуурласан бүтээл нь шилдгээр шалгарч хийсэн төхөөрөмжөө дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гарджээ.

Япон улсаас зохион байгуулж буй хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх тэмцээнд анх удаа гадаад баг оролцож, гадаад хүн японоор илтгэл тавьсан нь энэ үйл явдал болжээ.

Монгол Улсад инженер, технологийн салбарын уралдаан тэмцээн цөөн болдог тул өөрсдийгөө сорьж үзэхээр гаднын тэмцээн уралдааныг сонирхож, оролцохоор бэлдэж эхэлсэн байна. Энэ явцад гурван охин баг болж, санаагаа ч олоод мэргэжлийн багш Ж.Цанжидхүүгийн тусламжтайгаар хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн нь ийн үнэлэгджээ гэсэн бахархалт мэдээг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан хүргэж, баяр хүргэжээ.

#Технологи