Бид зүрхний цохилт бүртэй уралдан, цээж дүүргэх амьсгал бүртэй зэрэгцэн хувьсаж байдаг энэ ертөнцөд хором мөч бүрийг нандин байлгахыг хичээдэг. Тэгвэл 2021 онд бид юуг хэрэглээндээ нэвтрүүлж чадвал цагаа илүү үр бүтээлтэй, өөрт ашигтайгаар өнгөрүүлж чадах бол?
Энэхүү асуултын хариулт болгож зөвхөн уншигч танд төдийгүй эргэн тойрны тань хүмүүсийн тань амьдралд ч эерэг өөрчлөлт авчрах 7 хэрэглээг танилцуулж байна.
“ЯАЖ БИЧДЭГ ЮМ БЭ?”
Бид сурагч, оюутан, аль нэг байгууллагын ажилтан байх эсэхээс үл хамааран өдөр тутамдаа бичгэн хэлбэрээр харьцаж байдаг. Энгийн нэг Фэйсбүүк пост, “crush”-даа л харуулах гэж нийтэлсэн Инстаграм сторигоос эхлээд багш руугаа илгээж буй бие даалт, захирал руугаа илгээх тайлан зэрэгтээ албан ба албан бус бичгийн хэлийг өдөр алгасахгүй хэрэглэдэг шүү дээ.
“Болзъё гээд зөв биччихэж чадахгүй байж охин найрч яадаг юм” гэдэг болсон цаг үед бидний хэн хэн нь эх хэлээ аль чадлаараа зөв ашиглахыг хичээдэг болсон. Тэгвэл зарим үгийг хэрхэн зөв бичихээ мэдэхгүй эргэлзээд байвал Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас гаргасан Spellcheck.gov.mn сайтаар зочлоорой.
Уг сайт таны текстэн дэх дүрмийн алдааг хянахын зэрэгцээ зөв бичих хувилбаруудыг ч санал болгоно.
“ЗӨВ” МОДА
Олны дунд дэлгэрсэн шинэ, сонирхолтой мода бүхэн этгээд эсвэл өнгө үзэмж чухалчилсан байдаггүйг илтгэх трэндүүдийн нэг бол "zero waste" буюу байгальд ээлтэй хэрэглээ юм. Өнгөрсөн жилийн зунаас хойш Монголчууд бид даавуун уутанд “дурлаж” эхэлсэн гэж хэлж болно. Дэлгүүр явах болгондоо гялгар уут худалдан авч мөнгөө дэмийн үрэн, байгаль орчноо ч бохирдуулж байхаар “зүрхний” ганц хоёр даавуун тортой болчихвол ёстой хаа хаанаа л хэрэгтэй. Анхандаа ийм даавуун торнуудыг гадаадаас захиалж авч хэрэглэдэг байсан бол өдгөө Монголдоо төрөл бүрийн өнгө, дизайнаар үйлдвэрлэгддэг болсон нь бахархууштай.
Төмөр соруул ч мөн адил. Бидний хэдхэн минут хэрэглээд л хаячихдаг хуванцар соруулууд байгальд зовлон тарьж дуусдаггүй эд. Тиймээс төмөр соруул хэрэглэж хэвшвэл байгаль орчинд ч, өнгө үзэмжид ч эерэгээр нөлөөлөх болно.
ТӨВӨГТЭЙ ХАМТРАН АМЬДРАГЧ
“Тархиа амраа” гэдэг үг айл бүрд багадаа л гэхэд долоо хоногт нэг удаа сонсогддог болсон гэвэл нэг их буруудахгүй болов уу. Мөнхийн мэдээлэл бүхий сошиал медиа, анхаарал сатааруулагч видео тоглоом гээд техник технологитой хамтран амьдардаг болчихсон тул ингэж хэлэх нь арга ч үгүй биз.
Хамгийн хачирхалтай нь бид утсаа түгжээд өөрөөсөө холдуулсан ч, тархиа амраах гээд унтсан ч тархи маань бүрэн амардаггүй аж. Өөрөөр хэлбэл унтаж байхад ч тархи ажилласаар л байдаг гэнэ. Оронд нь юу ч бодохгүй гуравхан минутыг өнгөрөөхөд л тархи дэндүү гэхэд дэндүү сайн амарч чаддаг байна. Тэгвэл өнөөх хэцүү "хамтран амьдрагч"-аасаа, тархинд ямар ч түрээс төлөлгүйгээр оршин суудаг мянга мянган бодлуудаасаа түр ч болтугай хагацахад тань бясалгал ихээхэн туслах болно.
Бид хэдхэн жилийн өмнө л бясалгал гэдэг үгийг сонсоод зөвхөн лам, гэгээрсэн хүмүүс л хийдэг их л холын зүйл мэт санагддаг байсан нь нууц биш. Гэтэл өнөөдөр сэтгэцийн эрүүл мэнд, тархины үйл ажиллагаа зэрэгтэй холбоотой ном, подкаст, нийтлэл бүхэн бясалгалтай холбогддог болжээ. Үүнийгээ дагаад үнэ төлбөргүй, хаана ч, хэзээ ч хийх боломжтой бясалгалын аргууд интернэт орчинд хаа сайгүй байрлах болсон байна.
Та ЭНД даран бясалгал хийхэд тань туслах Youtube хаягууд болон апликэйшнүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой.
ШИНЭ ҮЕИЙН ХАМГААЛАГЧ
Дэлхий дахинд коронавирусийн халдвар авагсдын тоо 50 сая давсан энэ хүнд нөхцөлд бид өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалахаа хэрхэвч мартаж болохгүй. Гайхалтай нь ингэхэд тийм ч их зүйл шаардагдахгүй аж.
Гэрээсээ гарахдаа амны хаалт зүүхээ бүү мартаарай. Утас, чихэвчээ мартахаараа эргээд гэр лүүгээ яардаг шигээ амны хаалт руугаа ч яарч хэвшээрэй. Мөн гадуур гарсан л бол гараа угааж, биедээ гар ариутгагч бодис авч явахыг зөвлөж байна.
ЦАХИМ НОМЫН ДЭЛГҮҮР
Англи хэлээ сайжруулах хамгийн сайн аргуудын нэг нь ном унших гэх зөвлөгөөг та бүхэн сайн мэдэх биз. Гэтэл англи хэл дээр ном уншихад бид нийтлэг хэдэн асуудлуудтай нүүр тулгардаг. Дэлгүүрт буй англи хэл дээрх номууд сонголт жаахан багатай... Хүссэн ном маань харин жаахан үнэтэй гээд л...
Танд ч бас ийм асуудлууд тулгардаг бол номын дэлгүүр зүглэхээсээ өмнө цахим орчноор нэг аялаад үзээрэй. Жишээ нь manybooks.net сайтад англи хэл дээрх 50,000 гаруй ном үнэ төлбөргүй байрладаг. Мөн e-nom.mn сайтаас монгол хэл дээрх зарим номуудыг цахим хэлбэрээр унших боломжтой.
ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ
Хүн бүрд л хоногийн 24 цаг олгогддог. Харин энэ цагаа хэрхэн хуваарилж, хэрхэн зарцуулахаа бид өөрсдөө шийддэг. Тиймээс цагаа “янзтай” төлөвлөж сурсан нь л амжилтад ойртдог болжээ. Ингээд цаг төлөвлөх олон төрлийн арга байдгаас залуу үеийнхэн хамгийн түгээмэл ашиглаж буй хоёр аргыг танилцуулъя.
- Google Calendar
Ажил хэрэг болгон бичиг, хэргийн дэлгүүр лүү явж, дэвтэр худалдан авч, дэвтэр дээрээ хийх ажлуудаа гараараа тэмдэглэхээс илүүтэйгээр утас болон компьютертайгаа ойр ажиллаж хэвшсэн хүмүүст е-календарийн арга тохирно. Е-календар дундаас "Google Calendar" дээр бүхий л ажлаа цахимаар төлөвлөж, чухал үйл ажиллагаануудыг сануулах сэрүүлэг тохируулж болдог тул ашиглахад хамгийн хялбар нь гэгддэг.
- Bullet journal буюу төлөвлөгч дэвтэр
Бичих, зурах эсвэл эргээд харахад дурсамжтай зүйлс бүтээх дуртай хүмүүст энэ арга илүү тохиромжтой. Мэдээж таны дэвтэр гоёмсог, тансаг байх албагүй. Харахад ойлгомжтой, танд хэзээ юу хийхийг сануулж чаддаг байхад л болоод явчих нь тэр.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх