Бүрхэг өдрийн төгсгөлд өөрийгөө эрхлүүлэх нь


О.Батхишиг | YOLO.MN
2023-11-28

Өдөр бүр өөр өөр. Өнөөдрийн жаргал маргааш хаашаа ч юм үргэн одоод хөнгөн гунигаар солигдоно. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлдэл сэтгэл эмзэглүүлж эс бөгөөч юунд ч юм санаа чилээнэ. Тэр бүрийд зүгээр дээ амьдрал угаас ийм шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулна. Аа гэхдээ зүрх гэгч дураараа эрхтэн үг бүрийг хүлээн авах нь цөөн. Тиймээс бүрхэг өдрийн төгсгөлд зүрх сэтгэл, оюун бодлоо амраах дараах энгийн зүйлсийг хийгээд үзээрэй.  

Нэхмэлээр тайвшрах  

Өдрийн болсон зүйлийг хэтрүүлэн бодолгүй дуртай кино, шоу нэвтрүүлгээ үзээд хүссэн зүйлээ нэхээрэй. Нэхмэл нэхэх явц хүний тархийг амрааж, сэтгэлийг тайвшруулах ид шидтэй шүү.  

Дотнын найзтайгаа холбоо тогтоох 

Өөрт төрсөн мэдрэмжээ дотнын итгэлт нэгэнтэйгээ хуваалцах нь тэр өдрийг бүхэлд нь аварч чадна. Тиймээс дотнын найз, хайртай хүнтэйгээ уулзаж эс бөгөөс утсаар ярилцаж мэдрэмжээ уудлаарай. Магадгүй та ганцаараа байхыг илүүд үздэг бол өөртэйгөө ярилцах тухтай орчныг бүрдүүлж болох.  

Хөгжим тоглох 

Сэтгэл түгшээсэн асуудлаа намжаахын тулд гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийг эгшиглүүл. Тайван аядуу аялгуу хормын төдийд бухимдлыг тань үргээнэ.  

Тэжээвэр амьтнаа эрхлүүлэх  

Үслэг зөөлөн нохой, ялдамхан муураа элбэнгээ санаа сэтгэлээ уужруулж болох. Та хайртай амьтантайгаа ярилцаж, тэднийг эрхлүүлээрэй. Ингэснээр бухимдал тань тодорхой хэмжээнд буурна. 

Лаа асаан бясалгах 

Хүнд өдрийн төгсгөлд гэртээ хариад, өрөөнийхөө гэрлийг унтраан анхилам үнэрт лаа асаагаарай. Лааны дулаахан илч дотоод сэтгэлийг тань бүлээцүүлэх эгшинд өөрийн мэдрэмжээ цааснаа буулгаж тайтгарч болох юм.  

Шүршүүрт орох 

Хүн стресстэх үед бие хүнд оргиж тухгүй мэдрэмж төрдөг. Тиймээс өдрийн төгсгөлд хөөсөн ваннд тухалж жазз аялгуу сонсонгоо нүдээ анин гэгээн зүйлсийг төсөөлөөд үзэхийг зөвлөе. Санаанд оромгүй тайтгарал дотоодыг тань дүүргэх нь гарцаагүй.  

Номын тавиураа цэгцлэх 

Ном бол бүхэлдээ ид шид. Магадгүй та ном уншдаггүй байж болох. Аа гэхдээ гэртээ жижигхэн номын булантай болохыг зөвлөе.  Энэ нь нэг талаас унших сэдлийг өдөөж өгдөг төдийгүй хэцүү үед тань хань болно. Амьдралын хүндхэн нэгэн өдрийн ард гарахдаа хананд өлгөөстэй номын тавиураа түшин номын хуудас эргүүлэн зогсох  нь ер бусын тайтгарал болж мэдэх.  

Энэ бяцхан нийтлэлийг уншиж буй та заавал өөрийг тань юу тайвшруулж эдгээдэг тухай эргэцүүлэн, хариултыг нь олоорой.  Чөлөө завгүй амьдрал, урсан өнгөрөх үйл явдлууд биднийг хэчнээн удаа эмзэглүүлэхийг тааж мэдэшгүй. Тэр бүрийд туньж нугарахаас илүүтэй өөрийгөө сэв хийтэл нь өргөөд босгох ид шидийн дохиурыг гартаа атгавал та хамгийн хүчирхэг нэгэн шүү.  

#нийтлэл