Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Найзуудын минь муу зуршил намайг залхааж байна
Сайн байна уу.
Би одоо 14 настай. Би гадаадад сурдаг юм л даа тэгээд энд миний үеийн хоёрхон хүүхэд байдаг. Тэд хоёулаа тамхи татдаг. Асуудлын гол юунд байгаад байна вэ гэхээр би тэр хоёрыг тамхи татдаг болохоор нь найзлахыг хүсдэггүй юм л даа. Гэхдээ уулзахгүй болохоор ганцаарддаг. Миний үеийн хүүхдүүдийн 80% тамхи татдаг ба 30% аль хэдийнээ архинд орчихсон байна гэж би боддог. Түүгээр ч зогсохгүй миний хамгийн дотно найзууд маань хүртэл ''Чамайг ирэхээр чинь зад ууна шүү'' гэж байна нийгэм нь ийм болохоор арга ч үгүй дээ гэж бодож байна. Заримдаа ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ДЭЭР ГАНЦААРХНАА БОЛЧИХСОН ЮМ ШИГ САНАГДДАГ. Гэхдээ би архи уугаад тамхи татаад явахаар надад сөрөг үр дагавар гарна уу гэхээс биш эерэг үр дагавар хэзээ ч гарахгүйг би сайн мэддэг. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Аливаа нөхцөл байдалд өөрийгөө сайн сонсож өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаарай
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чи өөрийгөө ганцаараа гэж бодох хэрэггүй. Чиний үзэл бодол бусдын зан байдлыг дүгнэж буй байдал чинь цэвэр хүмүүжил гэж ойлгож болно. Ингэж бодож байгаад огт буруу зүйл байхгүй. Өөрийнхөө юу бодож мэдэрч байгаагаа найзууддаа өөртөө итгэлтэйгээр чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Түүний дараа тэд чамайг ойлгож байна уу, хүлээн зөвшөөрч цадаж байна уу, чиний ч мөн эрх ашгийг бодох ёстой гэдгээ ухамсарлаж байна уу гэдгийг нь сайтар ажиглаарай.
Хэрвээ үнэхээр чамайг байгаагаар нь хүлээж авч хүндэлж чадаж байвал чи найзуудтайгаа хамтдаа байх боломжтой болно гэсэн үг. Хэрэв үл ойлгож байвал чи ч мөн ялгаагүй тэдгээр найзуудынхаа сөрөг зан үйлийг тэвчиж, тэдэнд таалагдах гэх шаардлагагүй юм. Учир нь тэд ч мөн чамд тохирох гэж хичээгээгүй шүү дээ. Найз нөхөрлөл гэдэг нь тухайн хүмүүс ямар ч алдаа дутагдалтай байсан нэг нэгнийхээ буруу үйлдлийг засаж залруулах, түүнийг нь ойлгуулах билээ. Гэхдээ энэ нь найзыгаа өөрийнхөө хүслээр байлгах гэсэн үг огт биш гэдгийг бас санаарай.
Эргэн тойронд байгаа хүрээллээс чи арай өөр бөгөөд хайж байгаа найз чинь одоохондоо гарч ирээгүй л байгаа хэрэг юм. Тийм байсан ч хэн нэг хүнтэй заавал байх ёстой гээд өөрийгөө буруу зүйл рүү түлхэх огт хэрэггүй. Чи өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж, олон зүйлийг туршиж үзэж, дугуйлан секцэд суралцаж болно. Гадаадад сурч буй тул энэ талын үйл ажиллагаа сургуулийн чинь хүрээнд их зохион явагддаг гэдэгт итгэлтэй байна, гол нь сайн асууж сураглаж, чиний дуртай чиглэлд юу зохион байгуулагдаж буй дээр нэг анхаараад үзээрэй. Аливаа нөхцөл байдалд өөрийгөө сайн сонсож өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж өөрийгөө илэрхийлэх нь чиний гол давуу тал болж чадна гэдэг итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх