"Улаанбаатар кап" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн 22-нд эхэлнэ


YOLO.mn | YOLO.MN
2023-04-14

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулдаг "Улаанбаатар кап" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 22-нд эхэлнэ.

Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулагдана.

Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал: НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран өнгөрсөн жилээс эхлэн уг тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Улаанбаатар кап”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн амралтын өдрүүдээр Д.Сүхбаатарын талбайд болно. Тавдугаар сарын 21-нд аваргуудын аварга буюу финалын тэмцээнийг зохион байгуулах юм. Энэ тэмцээнд ялсан баг долоодугаар сард болох Макаод болох “ФИБА 3x3 Макао” дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрх авна. Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны сошиал хуудсуудаар мэдээлэл өгч, багуудын бүртгэлийг тэмцээн болохын өмнөх өдөр зохион байгуулна. Ангиллын хувьд нас хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар зохион байгуулах тул 16-аас дээш насны хэн бүхэн оролцоход нээлттэй. Спортын энэ төрлөөр манай тамирчид өндөр амжилт гаргасаар байна. Цаашид олон хүүхэд, залуус 3x3 сагсан бөмбөгийн спортоор хичээллэх суурийг тавьж, стандарт талбайнуудыг байгуулж байгаад талархал илэрхийлье гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн иргэд, тэр дундаа хүүхэд залууст биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхээр есөн дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн 118 талбай байгуулах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн онд 34 талбайг ашиглалтад оруулсан бол энэ жил 40 талбай байгуулахаар төлөвлөж байна. Ирэх жил мөн энэ ажил үргэлжилнэ. Тэгэхээр сагсан бөмбөг сонирхогчдод олон улсын стандартад нийцсэн талбайд тоглох боломж бүрдэж буй. Энэ нь иргэдэд амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, спортоор хичээллэхэд нь нөлөөлнө хэмээлээ.

 

#Мэдээ