Их Британийн оюутнууд курсын ажлаа хиймэл оюун ухаанаар хийснээ хүлээн зөвшөөрчээ


А. Мишээл | YOLO.MN
2023-04-11
Кардиффын их сургуулийн захирга оюутнууд хиймэл оюун ухаан ашиглаж байгааг мэдэж байгаа бөгөөд журмаа чангална гэжээ

Их Британийн Кардиффын их сургуулийн оюутнууд хиймэл оюун ухааны ChatGPT программ  ашиглан курсын ажил бичсэнээ хүлээн зөвшөөрчээ. Тус программыг ашиглан хийсэн эрдэм шинжилгээний ажлууд маш сайн болсон бөгөөд зарим бүтээл нь өндөр оноо авсан байна.

ChatGPT /Generative Pre-Trained Transformer/ нь харилцан ярианы хэлбэрээр ажилладаг, асуултуудад үнэн зөв хариулт өгөх чадвартайгаараа онцлог программ юм.

Guardian сонины сэтгүүлч Алекс Херне тус программаас зөв хариулт авахын тулд зөв асуулт тавих шаардлагатай гэжээ. Тэрээр "Та бусад хүмүүстэй харилцаж байгаа шигээ асуулт асууж болно, гэхдээ хүнтэй харьцаагүйгээ битгий мартаарай. Тиймээс хэрэгтэй хариулт авахын тулд зөв асуулт тавих хэрэгтэй” гэжээ. Тэгэхээр оюутнууд зөв асуулт тавьж, хиймэл оюун ухааныг тултал нь ашиглаж байгааг сайшаах хэрэгтэй гэв.

Харин Кардиффын их сургуулийн захиргаа дүрмээ шинэчилж, оюутнууд бүтээл бичихдээ юу хийж болох, юу хийх ёсгүйг шинэ журамдаа тусгахаар болсон байна.  

OpenAI компани өнгөрсөн арваннэгдүгээр сард ChatGPT программ гаргажээ.

Нэгэн оюутан энэ оны нэгдүгээр сард курсын хоёр ажил бичиж өгчээ. Түүний хичээлийн жилийн дундаж оноо 2.1 орчим байв. Курсын ажил нь 2500 үгтэй байх ёстой. Тиймээс тэр нэгийг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар, хоёр дахиа өөрөө бие даан хийжээ. Гэтэл ChatGPT ашиглан хийсэн ажил нь нэгдүгээр зэргийн үнэлгээ авсан (тэрээр хэзээ ч ийм өндөр оноо авч байгаагүй) бол бие даан хийсэн ажил нь 2.1-д арайхийн хүрсэн байна.

Их сургуулийн бүтээлийг дараах зарчмын дагуу үнэлдэг байна:

Маш сайн, бараг хэн ч хийж чадахааргүй өөгүй бүтээл 100 хувийн үнэлгээ хүртдэг. Харин бүтээлийн харагдах байдал, үзэл бодлоо зөв илэрхийлсэн болон эх сурвалжаа дурдсан эсэх зэрэг үзүүлэлтээс шалтгаалж үнэлгээ буурдаг аж.

  • Нэгдүгээр зэрэгт 70 хувиас дээш үнэлгээ ордог,
  • Хоёрдугаарт (2.1) - 60-70 хувь,
  • Дараагийнх нь (2.2) - 50-60 хувьтай байдаг гэнэ.

Тухайн оюутан "Би хиймэл оюун ухааны надад гаргаж өгсөн бүх хариултыг хуулж тавиагүй. Гэхдээ би илүү богино хугацаанд зөв хариулт олж авахын тулд ChatGPT-тэй харилцсан” гэжээ. Мөн тэрээр цаашид ажлаа төлөвлөхөд тус программыг ашигласаар байх болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

2023 оны нэгдүгээр сард Кардиффын их сургуулийн Wi-Fi сүлжээгээр ChatGPT сайтад 14,443 удаа зочилсон бол өмнөх сард нь нэг ч удаа хандаагүй аж. Энэ нь нэгдүгээр сард эхний семестрийн эцсийн ажлыг хүлээлгэн өгөх цаг болсонтой холбоотой байж магадгүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

#Мэдээ