Stray Kids энэхүү цэнгэлдэхэд тоглосон 4-р үеийн анхны K-pop хамтлаг болж түүхэн амжилт тогтоолоо


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Зургаадугаар сарын 1–2-нд АНУ-ын Лос Анжелес хотын SoFi цэнгэлдэх хүрээлэнд "Stray Kids" хамтлагийн дэлхийг тойрох "dominATE" аялан тоглолт болж өнгөрлөө. Шүтэн бишрэгчид асар их ирснээс болж анх төлөвлөсөн тоглолтын өдрөөс гадна нэмэлт тоглолт хийхээр болсон байна.

SoFi нь дэлхийн том, алдартай концертын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг бөгөөд 70,000 гаруй хүний багтаамжтай. Өмнө нь The Rolling Stones, BTS, TWICE зэрэг дэлхийн одууд энд тоглож байв. Stray Kids энэхүү цэнгэлдэхэд тоглосон 4-р үеийн анхны K-pop хамтлаг болж түүхэн амжилт тогтоолоо.

2023 онд тэд Лос Анжелест харьцангуй жижиг BMO Stadium-д тоглолт хийж байсан бол энэ удаагийн тоглолтоороо хоёрхон жилийн дотор үзэгчдийн тоог гурав дахин нэмэгдүүлж, Хойд Америк дахь нэр хүнд, нөлөөгөө үлэмж хэмжээгээр өсгөсөн нь харагдав.

Гурван цаг үргэлжилсэн тоглолтын турш хамтлаг нийт 30 дуугаа амьд дуулсан ба тэд анхны уран бүтээл болох “District 9”-аас эхлээд "GIANT" дууны солонгос хувилбар хүртэл олон төрлийн уран бүтээлээр үзэгчдийг баясгав.

Тоглолтын төгсгөлд тэд “Өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх STAY-д чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхнээс авсан хайрыг эргэн өгөх боломж бидэнд тохиосонд бид маш их баяртай байна” хэмээн тэд хэлжээ.

Тус хамтлагийн аялан тоглолт үргэлжлэх бөгөөд ирэх зургаадугаар сарын 6–7-нд Техасын Арлингтон хотын Globe Life Field-д, харин зургаадугаар сарын 10-нд Атланта хотын Truist Park-д тоглолт хийхээр төлөвлөгджээ.

 

#Stray Kids