Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян өндөрлөлөө.
Аяныг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлсэн юм.
Хүн худалдаалах гэмт хэрэг аль ч улсад үйлдэгдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан, илтгэлд дурдагдаж байна. Уг гэмт хэргийн дийлэнх тохиолдол бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг ба хүүхэд, эрчүүд ч өртдөг.
Монгол Улсын хувьд хүн худалдаалах гэмт хэргээр сүүлийн гурван жилийн хугацаанд 49 хүүхэд хохирогчоор илэрч бүртгэгдсэн байна (ЦЕГ-ын мэдээлэл).
Иймд эрсдэлтэй тохиолдлыг мэдээлдэг, эрсдэл өндөр хүүхэд, хохирогчийг илрүүлэх, тэднийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандуулах, хамгаалах хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мэддэг, мэдээлдэг байя” аяныг эхлүүлж, хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагч нарт контент, биет өдөрлөг, сургалтуудаар дамжуулан мэдээлэл хүргэсэн юм.
Тухайлбал Нийслэлийн Ерөнхий Боловсролын хоёр сургуульд өдөрлөг зохион байгуулж энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орсон. Мөн Скаутын холбооны намрын аяллаар мэдээлэл түгээж, нийт 400 гаруй хүүхдийг хамруулжээ.
Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл "Хэрэв хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, болох эрсдэлтэй нүүр тулбал эхлээд цагдаад хандана. Бас Итгэлийн утас гэж байдгийг өнөөдрийн сургалтаас мэдэж авлаа. Би ер нь аав, ээжтэйгээ нээлттэй байдаг. Тийм болохоор ямар ч асуудал тулгарсан би тэдэндээ түрүүлж ханддаг. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд фэйсбүүкийнхээ дагагчийг нэмэх гэж танихгүй хүний найзын хүсэлт авах биш өөрсдийнхөө аюулгүй байдлыг эхлээд бодоорой, ирээдүйд учирч болох эрсдэлээс болгоомжлоорой гэж захимаар байна" хэмээн ярьж байв.
ХХГХ-ийн нэг төрөл болох хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зорилготой аюулгүй ажлын байрны талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг мөн МУБИС-д зохион байгуулж, 120 оюутныг хамруулсан байна.
Аяны дэмжигчээр “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК ажилласан. Хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөгийн талаарх QR хуудсыг CU сүлжээ дэлгүүрийн 340 салбарт байршуулж мэдээлэл түгээлээ.
Түүнчлэн хүүхэд, өсвөр насныханд зориулсан “Ажил хийхээр төлөвлөж байгаа бол заавал мэдэх зүйлс” гарын авлага, “Ажил хайж байгаа бол анхаарч үзээрэй” комик болон стикерийг бэлтгэж, тараав.
Найдвартай, аюулгүй ажлын байр хаанаас олох болон ажилд орохдоо юу анхаарах талаар зөвлөмж бүхий гарын авлагыг цахи хэлбэрт шилжүүлэн их, дээд сургуулиудын дотуур байрны мэдээлэл авах хэсэгт байршуулсан.
Хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог хангах зорилготой “Бидэнд санаа байна” эсээ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шилдгүүдийг тодруулснаар ийнхүү сарын аян өндөрлөж байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу болох, хэрхэн үйлдэгдэж байгаа хийгээд хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагчид юу анхаарах ёстой мэдээллийг өгснөөр мэдээлэлтэй иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой хэмээн үзэж буй бөгөөд цаашид энэ агуулгын хүрээнд мэдээлэл хүргэн ажиллах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх