Olivia Rodrigo: Хүмүүс миний дууг сонсохгүй байсан ч би дуу зохиосоор байх болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-06-03

Диснейн од, АНУ-ын жүжигчин, дуучин Olivia Rodrigo энэ онд “Drivers License” хэмээх анхны бие даасан уран бүтээлээрээ олон рекордыг шинэчлэн тогтоосноор хөгжим шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсаар байгаа юм.

Анхны дуу, анхны цомгоороо л хэдэн зуун сая хүнийг байлдан дагуулж буй Olivia Rodrigo-гийн W сэтгүүлд өгсөн ярилцлагыг yolo.mn сайтаас орчуулан хүргэж байна.


: 18 настайдаа “Drivers License” дууг олны хүртээл болгож, Диснейн ертөнцөөс дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан Olivia Rodrigo-гийн дуунууд өдгөө ч та нарын сэтгэлд тодхон байгаа биз ээ. 

Сэтгүүлийн зураг авалтын дараа өдөр Olivia-тай холбоо барихад тэрээр өөрийн амьдардаг буудлаасаа Zoom аппликейшнээр бидэнтэй холбогдсон юм. Тэрээр энэ жил ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч бөгөөд шинэ уран бүтээл дээр ажиллахаас гадна хичээлдээ ч анхаарах шаардлагатай болсон аж.

- Би хичээлийн хөтөлбөрөөсөө нэлээд хоцорчихсон байгаа юм. Өнгөрсөн сар бол миний амьдралын хамгийн завгүй үе байсан. 18 нас хүрсэн болохоор гэрээсээ нүүж, ганцаараа амьдрах шаардлагатай болсон. Дээрээс нь шинэ дууны бичлэгээ дуусгахын тулд хоногийн 12 цагийг ажиллаж өнгөрүүлж байна. 

MRC Data төвөөс Olivia-гийн “Drivers License” дууг “дэлхий даяар нэг тэрбум удаа сонссон” хэмээн мэдээлсэн юм. Иймээс хүмүүс түүнийг Taylor Swift, Lorde-гийн дараагийн үе хэмээн тодорхойлж байгаа аж.

- Үнэнийг хэлэхэд би үнэхээр их айж байна. Хэн ч миний дууг сонсохгүй байсан ч би дуу зохиосоор байх болно. Яагаад гэвэл би чартад тэргүүлэхийн төлөө эсвэл бүх хүнд таалагдахын тулд дуу бичдэггүй. Гэхдээ анхны бичсэн дуу маань ийм их амжилтад хүрч, хүмүүст таалагдаж байгаа нь хачин байгаа биз дээ? 

“Drivers License”, “Deja Vu” гээд л ихэнх нь сэтгэл өвтгөм салалтын тухай дуунууд шиг санагдсан.

- Салалтын тухай дуулахгүй байхыг хичээж байна. Би ийм төрлийн дуунд дуртайч үргэлж охидод зориулсан гунигтай дуу бичдэг төрлийн уран бүтээлч байхыг хүсэхгүй байна.


Britney Spears-ээс эхлээд Christina Aguilera, Miley Cyrus, Selena Gomez гээд маш олон алдартнууд Диснейгээс хөгжмийн гараагаа эхлүүлсэн байдаг шүү дээ.

- Би тэдэнд үнэхээр их хайртай. Багаасаа л тэднийг сонсож, үлгэр дуурайл авдаг байсан. 

Дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын улмаас бидний амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдэгтэй маргахгүй биз ээ. Хүн бүр цахимаар харилцдаг болсон энэ үед Olivia ч мөн адил цахим сүлжээ ашиглаж олон нийттэй холбоотой байхыг хичээж байгаа аж. 

- Миний дуу чартад тэргүүлж байхад би статистикийн хичээлээ хийгээд гэртээ сууж байсан. Дуу маань чартад тэргүүлж байгааг зүгээр л компьютерийн дэлгэцээр харах тийм ч таатай санагдаагүй. Магадгүй хүмүүсийн сонсож байгааг, сонсоод ямар мэдрэмж авч байгааг нь бодитоор харсан бол илүү сайхан санагдах байсан байх. 

Цар тахлаас үүдэн хүмүүс илүү их бухимдалтай, эмзэг болж байгаа шүү.

- Бид бүгдээрээ гунигтай байна. 


Гэнэт алдар хүндтэй, олны танил болох мэдрэмж хааяа бухимдал төрүүлдэг үү?

- Олон хүний сэтгэл хөдлөл, янз бүрийн үзэл бодол мэдрэгддэг ч би тоохгүй байхыг илүүд үздэг. 

Би хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байвал зүгээр л бууж өгөхийг хүсдэг. Энэ нь намайг өөртөө илүү их анхаарал тавих ёстойг сургасан. Амьдралынхаа 75 хувьд нь ажилдаа анхаарч, үлдсэн 25 хувийг нь өөртөө зарцуул” гэж хаа нэгтээгээс сонсож байсан юм байна. Энэ бол миний өнгөрсөн сард сурсан зүйл. 

Түүний дуунууд хайр дурлал, хагацлаас авч болох бүхий л мэдрэмжийг маш нарийн тусгасан байдгаараа онцлогтой. Магадгүй үүнийг Olivia-гийн дуу бичих өвөрмөц хэв маяг ч гэж хэлж болох юм.

- Би хайраас өөр зүйлийн тухай дуу зохиохыг хичээсэн боловч тэр нь чихэнд тийм ч наалдацтай болоогүй. Би дуугаараа өөрийн мэдэрч буй мэдрэмжээ илэрхийлэхийг илүүд үздэг. Миний дуунууд ихэвчлэн хүмүүсийг бүжиглүүлдэг доргио хэмнэлтэй бус хүний сэтгэлийг хөдөлгөж, бодолд автуулж чаддагаараа онцлогтой.


Гэхдээ үргэлж салалтын тухай дуу дуулах нь бусад хүмүүст хувийн амьдралынхаа талаар буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй ч байж мэдэх юм.

- Би “Drivers License” дууг бичсэнийхээ дараа амьдралыг өөр өнцгөөс харах болсон. Би өөртөө илүү итгэлтэй болсон. Өсвөр насан дээрээ хайртай хүнээсээ салах нь яг л дэлхийн төгсгөл юм шиг санагдаж болно. Ирээдүйд бидний амьдралд олон зүйл тохиолдох хэдий ч нас залуу байгаа учраас энэ талаар мэдэж амжаагүй байдаг. Би дуртай уран бүтээлчдийнхээ салалтын тухай дуунуудыг сонсож, хооронд нь харьцуулж үзсэн. Тэдний 17 болон 25 настайдаа зохиосон салалтын тухай дуу тэс өөр байсан. Тиймээс салалт гэдэг амьдралын туршлагаас хамаараад өөр өөр байдаг юм шиг санагдсан. “Drivers License” маш гунигтай дуу хэдий ч шударгаар хэлэхэд энэ дууг бичихдээ би өөртөө итгэлтэй байсан шүү.

Тэрээр “Deja Vu” дууг гаргасныхаа дараа бүхнээс хараат бус амьдрахаар шийдсэн байна. 

- Дисней шиг юу хийх, юу хэлэх, юу өмсөхийг нь нэг бүрчлэн заадаг орчинд дасчихсан болохоор бүгдийг өөрөө шийдэх шаардлагатай нөхцөл байдалд эхэндээ дасаж өгөхгүй байсан. Гэхдээ би ийм зүйлд бодож байснаасаа ч илүү бэлэн байсан гэж хэлж болно. Одоо бол хэн нэгнээс хараат бус амьдарч байгаадаа баяртай байна. Өөрийгөө амьдралаас бага багаар суралцаж байгаа гэж боддог. 

Тэрээр ярилцлагын төгсгөлд бидэнд хандаж “Та нар өдөр бүр студи дээр ирвэл юуны тухай дуу зохиох байсан бэ?” гэсэн асуултыг тавьсан юм. 


#Ярилцлага #Дуучин #Алдартан