Өсвөр наснынхны хэрэгжүүлж буй 4 байгаль орчин ба нийгмийн төсөл


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-10

Бидний эргэн тойрон асуудлаар дүүрэн. Гагцхүү түүнийг олж харж шийдэх нь зөвхөн шийдвэр гаргагчдын, эсвэл зөвхөн томчуудын хийж бүтээх зүйл биш гэдгийг харуулсан өсвөр үеийнхнийг онцолж энд өгүүлэх гэж байна. Тэд хэн бэ? Тэд юуг хийж бүтээв? Тэд яаж энд ирэв? Тэдний түүхийг тухлан сууж уншаарай. 

ЭХЛЭЛ

Энэ бүхэн “Teen шийдэл” төслийн уралдаанд оролцохоор шийдсэн тэр цагаас эхлэлтэй. Байзнаарай. Тэгвэл “Teen шийдэл” гэж юу вэ?

Жил бүр Монгол Экологи Төвөөс Европын холбооны санхүүжилттэйгээр “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (YSC-Youth Sustainability Corps) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Магадгүй та хаа нэгтэйгээс сонссон гэдэгт итгэж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчдын өөрсдийн санал санаачилгыг дэмжих, санаагаа бодит ажил хэрэг болгох, нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрсдөө тодорхойлж шийдвэрлэхэд гар бие оролцох боломжоор хангах зорилгоор “Teen шийдэл” төслийн уралдааныг зарласан гэнэ. Тус уралдааныг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны санхүүжилтээр зохион байгуулжээ. 

Дөрвөн үе шаттай зохион байгуулсан уг төслийн уралдаанд Монгол улсын 20 аймгаас 1000 гаруй сурагчид нийт 226 төслийн санал ирүүлсэн байна. Гайхалтай дүн биш гэж үү?Тэд бүгд л эргэн тойронд байгаа асуудлыг олж шийдэх арга замыг хайн, итгэл сэтгэлээр уралдаанд төслөө илгээсэн нь сайшаалтай. Бас санал ирүүлсэн бүх багийн гишүүд төслийн менежменттэй холбоотой цуврал сургалтуудад цахимаар хамрагдаж төслийн саналаа сайжруулсан байна. 
 Ингээд тэднээс 3 дугаар шатанд 10 баг шалгарч ментортой болжээ. Тус тусын менторуудын тусламжтай төслөө улам бүр баяжуулж, тулгарч буй эргэлзээтэй асуудлаа шийдвэрлэхэд туслах зөвлөмж, мэдлэг мэдээлэл, ноу-хауд суралцах сургалтад сууж, шүүгч нарын өмнө төслийн саналуудаа танилцуулсан. Үүнээс шилдэг 4 төсөл санхүүжилт авч чадсан ба багууд төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Ингээд Монгол орон даяар өсвөр насныхны санаачилсан төслүүдээс шалгарсан 4 багийн ажил, юуг, яаж, хэрхэн хийсэн тухай тордруулсныг хүргэж байна.

“ХҮҮХЭД БҮР ХОГНЫ ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА”

Увс аймгийн Улсын тэргүүний 2 дугаар цогцолбор сургуулийн “Эх дэлхий эко клуб” нь 2017 оноос хойш байгаль орчин, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хогоо ангилж хаях соёлыг түгээхээр уг төслийг санаачилжээ. Тэдний гол зорилго нь сургуулийн орчноос үүсэх хог хаягдалд дүн шинжилгээ хийж, багш сурагчдад хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах дадал хэвшилд сургах. Улмаар сургуулиас үүсэж буй хог хаягдлын хэмжээг 20% бууруулж ЭКО сургууль болох гэнэ.

Төслийн үр дүнд ахлах ангийн таван сурагчид хамтран сургууль дээрээ дахивар бүтээгдэхүүн цуглуулах аян зохион байгуулсан бөгөөд 1,350 гаруй хуванцар сав, 120 шил, 2 шуудай лааз цуглуулж, түүнийгээ борлуулан 60 мянган төгрөг хуримтлуулжээ. Хуримтлуулсан мөнгөөрөө тэд сургуулийнхаа ойр орчимд 60 шар хуайс мод тарьж хог хаягдлыг баялаг болгож чадсан байна.

-Яагаад энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болов?

Манай “Эх дэлхий эко клуб” 2017 оноос хойш байгаль орчин, экологийн асуудлуудтай тэмцсээр байна. Бидний хувьд хог хаягдал гэдэг хамгийн том асуудал байсаар ирсэн. Асуудал байгаа газар шийдэл үргэлж байдаг учир сургуулийнхаа 1,300 сурагчид тусгайлан сургалт хийх боломж хомс, мөн хогийн сав дутмаг байсан тул энэхүү төслийг санаачилж, хогоо ангилж хаях соёл түгээхийг зорилоо.

-Төсөл хэрэгжүүлэх үйл явцаас дурдвал?

Цаасан дээр буулгасан байсан төслийг ажил хэрэг болгох үйл явц маш сонирхолтой байсан. Бид “Монголчууд зөвхөн уул уурхайгаа ухаж баялгийг бүтээдэг” гэх түгээмэл ойлголтыг ч эвдэхийг хичээсэн. Хогийг хаягдал болгох уу?, баялаг болгох уу?  Энэ бол манай багийн хамтын ажиллагааны зарчим байсан.

-Төслийн дараа танай багийнханд гарсан өөрчлөлт ямар байсан бэ?

Төслийнхөө санхүүжилтийг амжилттай авсны дараах үйл явц яг л том хүн болчихсон мэт санагдаж байсан. Бид нэг баг гэхээсээ илүүтэйгээр нэг гэр бүл шиг дотно, халуун дулаан уур амьсгалтай болсон. Бас бүгдэд нь маш том үүрэг, хариуцлага ирж дор бүрнээ хичээнгүйлэн ажилласаар байгаа.

Дуслыг хураавал далай

Дуулсныг хураавал эрдэм гэгчээр амьдралд боломжгүй зүйлс байдаггүй шүү.

“БОРООНЫ УСЫГ ДАХИН АШИГЛАХ ЗАМААР СУРГУУЛИЙН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ”

Гарчгаасаа л маш сонирхолтой санагдаж байгаа биз? Юу вэ? Борооны усыг яаж ашиглах юм бэ, гэж гайхаж байна уу? Тэгвэл тэд ихэнх барилга байгууламжийн дээвэр болон ус зайлуулах хоолойгоор шууд гадагшилж, ямар ч үр ашиггүйгээр урсан өнгөрдөг борооны усыг сонирхолтойгоор дахин ашиглах шийдлийг олжээ. 

Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагчдаас бүрдсэн Creative team багийнхан хавар, зун, намрын улиралд сургуулийнхаа дээврээс гоожих усыг тосохоор агуулах, сав зэргийг худалдан авч байршуулахаар шийдсэн байна. Тэдний гол зорилго нь тосож авсан саарал усаа сургуулийнхаа ногоон байгууламж болох мод бут, зүлэг, цэцэг зэргээ услах мөн өдөр тутмын цэвэрлэгээний үйл ажиллагаанд ашиглахад оршино.

-Яагаад заавал борооны ус гэж?

Бороо орсны дараа манай сургуулийн гадна талбайд их хэмжээний ус цугларч, явахад хүндрэлтэй болж, ойр орчмын зам талбайд эвдрэл, гэмтлийн асуудал байнга тулгардаг байсан. Тиймээс бид өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү төслийг сэдэж, хэрэгжүүлэхээр болсон.

-Төслийн үйл явцаас яриач

Манай багийн төсөл урин дулаан цагт бороо орох үеэр хэрэгжихээр төлөвлөгдсөн учир эхний шатанд хэрэглэгдэх материалуудаа бэлдчихсэн байгаа. 

-Төслийн эцэст ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Төслөө хэрэгжүүлсний дараа сургуулийн нэг жилд ашигладаг цэвэр уснаас 5.3% буюу 318.37 тонн ус хэмнэнэ. Мөн цэвэр усанд зарцуулагддаг зардлыг жилд дунджаар 2,944,916 төгрөгөөр хэмнэж чадна гэж төлөвлөж байна.

“HAPPINESS CORNER” 

Хөвсгөл аймгийн Хатгал суманд хичээлээ хийж суух, ангийнхан болон бусад хүүхдүүдтэй хамтарч үйл ажиллагаанд оролцох, клубүүдийн уулзалт хийх анги танхим олддоггүй асуудал бий гэнэ. Үүнээс гадна сургуулийн дотоод орчин хүйтэн, хэрэглэх компьютер, принтер, хичээлийн судлагдахуун, орчин үеийн ном, интернэтийн хүрэлцээ маш бага байдаг аж. Тиймээс Хатгалын Ерөнхийн боловсролын сургуулийн "Conquerors" баг өөрсдөдөө болон сургуулийнхаа нийт хүүхдүүдэд тулгараад буй энэхүү асуудлыг шийдэхээр зорьжээ. Тэдний гол зорилго нь сургуулийнхаа сурагчдыг дулаан, тохилог орчинд хичээлээ хийж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болгох ядвал юм.

-Төслийн тухайд?

Манай сургууль баригдаад олон жил болсон учир хуучин тавилга, халаалт муу гэх мэт олон асуудал бий. Үүнээс болж ангидаа удаан хугацаагаар суух боломжгүй, тохьгүй болсон учир манай баг уг асуудлыг шийдэхийн тулд төслөө бичсэн. Бидний асуудал их ойрхон байсан л даа.

-Төслөө хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл тохиолдсон уу?

Бид сургуулийнхаа нэг танхимыг тохижуулахаар төлөвлөсөн байсан ч бидэнд олгох танхим байгаагүй. Тиймээс сошиалаар номын хандив цуглуулж, орон нутгийн модны үйлдвэрээс байшингийн торх хандиваар авсан. Бас номын сан бий болгох байшинг засварлахад зориулах 10 сая төгрөгийн санхүүжилт маань хүрэлцээгүй тул Захирагчийн ажлын албанаас тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж засварын ажлыг дуусгасан. Мөн санхүүжилтийн 10 сая төгрөгөөс бид сургуулийн мэдээллийн төвийн өрөөнд тавилга худалдан авч ашиглаж байгаа.

-Ажлын үр дүнгээс хуваалцаач

Төслийн дараа манай сургуулийн хүүхдүүд болон сум, орон нутгийн иргэд маш их баярласан. Байгуулсан номын санд маань хүүхдүүд кофе ууж, сургалтад хамрагдаж, хичээлээ давтаж, ном уншиж байгааг нь харах баяртай байдаг. Түүнчлэн 12 дугаар ангийн сурагчдадаа ЭЕШ-ын ном хандивлаж, тэд хамтдаа хичээлээ давтаж байна. Цаашдаа ч илүү олон хүүхдэд ач холбогдол, үр өгөөж өгсөн ээлтэй төсөл болно гэдэг итгэлтэй байна.

-Багийн гишүүд та бүхэнд ямар өөрчлөлт гарсан бэ?

Бидний хувьд анх төсөл бичиж байх үедээ бие биетэйгээ ойлголцоход бага зэрэг бэрх байсан Тухайлбал, хэн нь илтгэлээ тавих вэ гэдгээ мэдэхгүй,  бие биеэсээ их ичиж байсан. Гэтэл 6 сарын дараа тэр бүх айдас сарниж, бүгд илтгэх, багаар ажиллах чадварт суралцаж, бусдад туслах арга замыг эрэлхийлдэг болсон. Манай номын сангаар үйлчлүүлсэн хүн бүхэнд баярлалаа.

“ХООЛ ХОГ БИШ” 

Дэлхий дээрх нийт хүнсний 1/3 нь хаягдал болж үлддэг гэвэл та итгэх үү? Гэтэл хүнс боловсруулахад маш их хэмжээний ус, талбай, хүч хөдөлмөр, олон эх үүсвэр шаардагддаг. Харамсалтай нь хог хаягдал дундаас хүнсний хог хаягдлыг хүмүүс тэр бүрчлэн сайн мэддэггүй ажээ. 

Тиймээс энэхүү асуудлыг шийдэхийн тулд  Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Beta" болон "Meraki" баг хамтран уг төслөө хэрэгжүүлжээ. Тэдний гол зорилго нь хүмүүст хүнсний хог хаягдлын тухай олон талаас нь мэдээлэл өгч, хог хаягдлыг багасгах болон дахин боловсруулж хор хөнөөлийг нь бууруулахад чиглэх юм.

-Төслийн ажлыг хэрэгжүүлэхэд саад бэрхшээлтэй зүйл байсан уу?

Манай төслийн хамгийн гол зорилго бол сурагчдад хүнсний хог хаягдал гэж юу болох, үүнийг хэрхэн багасгах, хог хаягдлын сөрөг нөлөөг мэдээлэх явдал юм. Тэдэнд энэ бүх мэдээллийг хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх тал дээр хүндрэлтэй байсан. Жишээлбэл хүүхдүүдэд байдаг л тодорхойлолт, баримт хэлээд байвал тэд төдийлөн сонирхохгүй. Тиймээс бид хүнсний хог хаягдлын талаар хөлөгт тоглоом бүтээх, хог хаягдлаа бууруулах сонирхолтой, энгийн арга сэдэж түүнийгээ хэрэгжүүлэхээр болсон. 

-Төсөл ямар шатанд явж байгаа вэ?

Одоогийн байдлаар төслийн бэлтгэл шат бүрэн дууссан. Логарифм сургуулийн 160 гаруй хүүхдэд эвент зохион байгуулж, хүнсний хог хаягдал бордоошуулагч БОКАШИ сав бэлэглэсэн. Удахгүй өөр 5 сургууль дээр энэхүү өртөөт эвентээ зохион байгуулна. 

Бүх сургуулиудад уг эвентийг зохион байгуулах боломжтой. Бид тодорхой мэдээлэл, сургалтын материал зэргээ өгөх бүрэн боломжтой, нээлттэй шүү. 

-Багийн гишүүний хувьд энэ төсөлд оролцсоноор ямар өөрчлөлт мэдэрсэн бэ?

Багийн ажиллагаанаас илүү олон хүнд мэдээллээ хэрхэн оновчтой, хүртээмжтэй хүргэх талаар сайн суралцсан. Багш байж үзлээ. Олон сургуулийн олон өөр хүүхдүүдтэй харилцах шаардлага гарч харилцааны чадварт суралцсан. Эхний сургууль дээр эвентээ маш амжилттай зохион байгуулсан учир үүнээсээ урамшиж, дараа дараагийн сургуулиудтай хамтран зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Тэд ийн хэлсэн юм. Бидний мэддэг ч мартаж орхидог, харсан ч анзаараагүй юм шиг өнгөрдөг асуудлуудыг тэд барьж авчээ. Тэд бүгд өөр өөрсдийн олж харсан асуудалд гарц хайн, төслүүдээ хэрэгжүүлсээр буй ч бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээх нэгэн хүсэл зорилгоор урагш тэмүүлжээ. 

Бусдыг шийдэж өгсөнгүй гэж гомдоллож суулгүй, ирсэн боломжийг алдалгүй атгаж, асуудлыг шийдэл болгон өөрсдөө ажиллаж буй өсвөр үеийн өртөөлөгчдөөрөө бахархаж байна. 

Энэ оны “Teen Шийдэл” уралдаанд 2023 оны 3 сарын 15-наас 4 сарын 15 хүртэл дараах линкээр өргөдөл хүлээн авч байна.

Өргөдөл хүлээн авах линк: https://form.jotform.com/mongolec/teenshiidel2023 

#YSC