Үнэгүй АППЛИКЕЙШНҮҮД хэрхэн МӨНГӨ ОЛДОГ вэ?


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-03

Инстаграм, Clash of Cland, Snapchat бүр Facebook хүртэл бүгд үнэгүй аппликейшнүүд. Өнөөдөр зах зээл дээр байгаа аппликейшнүүдийн 90 хувь нь үнэгүй байдаг нь хэрэглэгчид үнэгүй ашиглах сонирхолтой байдаг учраас тэр. Гэтэл аппликейшн хөгжүүлэгчид яаж тогтвортой үйл ажиллагаа явуулж, амжилтад хүрсээр байдаг вэ?

АППЛИКЕЙШН ДОТОРХ СУРТАЛЧИЛГАА

Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн ашигтай мөнгө олох арга нь сурталчилгаа үзүүлэх юм. Учир нь хэрэглэгчид аппликейшн дотор гар утсаа ашиглаж буй хугацааныхаа дийлэнхийг өнгөрүүлдэг. BusinessInsider-ийн тооцоолсноор 2020 он гэхэд энэ төрлийн сурталчилгааны зах зээлийн эргэлтийн хөрөнгө 100 тэрбум ам. долларт хүрэх аж.

Жишээ нь Taco Bell Snapchat дээрх сурталчилгаандаа хэдэн арван сая ам. доллар зарцуулсан бөгөөд үр дүнд нь 224 сая хүнд хүргэж чаджээ. Хэрэглэгчид ганцхан өдрийн дотор 12,5 жилтэй тэнцэх хугацааг Taco Bell-ийн санхүүжүүлсэн филтер ашиглахад зориулсан байна.

АППЛИКЕЙШН ДОТОРХ ХУДАЛДАА

Төлбөр төлөх арга нь хялбархан байвал хэрэглэгч дуртай тоглоомдоо мөнгө зарцуулахаас татгалздаггүй. Урт хугацаанд үнэгүй ашиглаж байсан тоглоом нь 0,99 ам. доллароос эхлээд төрөл бүрийн үнэтэй боломж санал болгоход хэрэглэгч худалдан авах нь бараг хууль.

Судалгаагаар нийт хэрэглэгчдийн ердөө 5 хувь нь л аппликейшнээс худалдан авалт хийдэг бөгөөд тэд үлдсэн хэрэглэгчдийн бүрдүүлдэг орлогоос 20 дахин их мөнгө компани оруулдаг аж.

Энэ оны сүүлээр гэхэд зөвхөн аппликейшн доторх худалдааны орлого 37 тэрбум ам. долларт хүрнэ гэсэн тооцоо бий.

ҮНЭГҮЙ ХУВИЛБАР

Зарчмын хувьд үнэгүй хувилбар санал болгож байгаа нь аппликейшн дотор худалдаатай ижил. Гэхдээ хэрэглэгчийн татаж авсан анхны үнэгүй хувилбар нь зарим нэг боломжууд хязгаарлагдмал байдаг.

Хэрвээ сэтгэлийг нь татаж, сонирхлыг нь төрүүлж чадвал хэрэглэгч үлдсэн боломжуудыг ашиглахын тулд мөнгө төлнө гэсэн үг.

Энэ төрөлд Spotify хамгийн тод жишээ юм. Энгийн төлбөр төлдөггүй хэрэглэгчид тун хязгаарлагдмал нөхцөлд контент хүлээн авдаг бол төлбөр төлсөн хэрэглэгчдэд бүх боломж нээлттэй.

Бараг сурталчилгаа бүр нь төлбөр төлдөг хэрэглэгч болохыг санал болгож, 30 өдрийн хугацаатай үнэгүй ашиглахыг сануулдаг. Ингэснээр сарын идэвхтэй хэрэглэгчийнх нь тоо 75 сая хүрсэн Spotify-ийн төлбөр төлдөг хэрэглэгчийн тоо 20 сая хүрчээ.

Бусад аппликейшнүүдийн хувьд төлбөр төлдөг хэрэглэгчийн эзлэх хувь дунджаар 2-4 хувь байдаг байхад Spotify-ийн хувьд энэ тоо 27 хувьтай тэнцэж байна.

ТОГТМОЛ ТӨЛБӨР ТӨЛӨХ

Тогтвортой үйл ажиллагаа явуулахад тогтмол орлог тун чухал. Ялангуяа контент нийлүүлдэг, шинэ бүтээгдэхүүн санал болгодог аппликейшнүүд ингэж байж хэрэглэгчдээ тогтоож чадна. Тогтмол төлбөр авдаг аппликейшнүүдийн хувьд сурталчилгаанд суурилсан аппликейшнтэй харьцуулахад 2-3 дахин их орлого олдог.

Түүнчлэн аппликейшн доторх худалдаа санал болгодог аппликейшнүүдээс 50 хувиар илүү орлоготой ажилладаг аж. Наад захын жишээ гэхэд Headspace хэмээх бясалгалын аппликейшн сарын 7,99 ам. долларын төлбөр авдаг.

Зүгээр л зөв амьсгалахад тусалдаг аппликейшний хувьд үүгээрээ дамжуулан жилд 50 сая ам. долларын орлоготой ажилладаг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 250 сая ам. доллар давжээ.

#Free #Apps #Money