Хий үзэгдэлтэй таарч байсан К-ПОП алдартнууд


Аравдугаар сар дундаа орж аймшгийн баяр хаяанд ирлээ. Бид энэхүү нийтлэлээрээ к-поп алдартнуудад тохиолдож байсан аймшгийн түүхүүдийг хуваалцах болно. Хачин жигтэй, жихүүдэс хүрэм үйл явдалд дуртай хэн бүхэнд зориулав.

Ингэхэд чи сүнс, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэг үү?

MINAH БА SOJIN

Одоо ярих гэж буй түүх Girl’s Day хамтлагийн дотуур байранд болсон үйл явдал бөгөөд хамтлагийн гишүүн Minah-г шүршүүрт орж байхад нь хэн нэгэн хаалгыг нь онгойлгох гэж оролджээ.

Тухайн үед тэр хамтлагийнхаа гишүүдийн нэгийг нь гэж бодоод хэн болохыг нь асуутал ямар ч хариу өгөөгүй аж. Удалгүй хаалгыг нь илүү хүчтэй нүдэж эхэлсэн бөгөөд зориг гарган хаалгаа нээтэл хэн ч байгаагүй бөгөөд хамтлагийн бусад гишүүнд ч бас ижил зүйл тохиолдож байжээ. Энэ тухай тэд KBS телевизийн “Hello Counselor” нэвтрүүлгийн үеэр ярьсан юм.

SOLAR

MBC телевизийн “Show Champion” хөгжмийн нэвтрүүлгийн тайзны ард Mamamoo хамтлаг уг түүхээ хуваалцсан юм.

Solar нэгэн шөнө хамтлагийнхаа дотуур байранд унтаж байхдаа хөлийн чимээнээр сэрсэн ба өрөөнийх нь үүдэнд нэг хүн зогсож байхыг харжээ. Тухайн үед Hwasa-тай нэг өрөөнд амьдардаг байсан болохоор түүнийг байна гэж бодоод “Хурдхан шүршүүрт ор” гэж хэлчхээд эргээд унтсан аж.

Хэсэг хугацааны дараа нойрноосоо бүрэн сэрээд маш их айсан гэдэг. Учир нь тэрээр Hwasa, Wheein нар тэр шөнө байрандаа эзгүй байсныг санасан байна.

ONEW

Нэгэн радио нэвтрүүлгийн үеэр тэр “Би Minho-тай хамт дотуур байр руугаа явж байсан юм л даа. Тухайн үед дараагийн хуваарьт ажил руугаа очиход бага хугацаа үлдсэн учраас хурдхан шиг шүршүүрт орчхоод гарах хэрэгтэй байлаа.

Тэгэхэд угаалгын өрөөнд алчуур байгаагүйг анзааралгүй шүршүүрт орсон болохоор Minho-г дуудаад, хуурай алчуур авч ирэхийг хүссэн юм. Удалгүй өрөөний гадна түүнтэй адилхан өндөртэй хүн холхиод л байлаа. Би эхэндээ алчуур олдохгүй байгаа юм байх даа гэж бодоод хэсэг хүлээтэл бас л байдаггүй. Түүнийг ахиад дуудсан чинь тэр өөрийнхөө өрөөнөөс гарч ирээд “Ах аа дуудсан уу?” гэж хариулахад нь би үнэхээр их айсан. Тухайн үед байранд бид хоёроос өөр хүн байхгүй байтал тийм зүйл тохиолдсон болохоор би таван минут чичирч суусан” гэжээ.

LISA

Jisoo болон Lisa уг явдлыг V Live-ийнхаа үеэр ярьсан юм. Тэрээр “Манай хамтлагийн дотуур байранд Jisoo эгч Rosе хоёрын өрөө яг зэрэгцээ байдаг юм л даа. Тэгээд нэг орой би Jisoo эгчийн өрөөнд сууж байсан чинь коридороор нэг хүн зочны өрөөг чиглээд явсан.

Тэр үед Jisoo эгч нүүрээ угаах гээд угаалгын өрөөнд орчихсон байсан болохоор би Rosе-г гэж бодоод “Rosе, энэ чи юу?” гэж асуутал “Айн, тийм ээ” гэж хариулсан. Гэтэл түүний хоолой нь зочны өрөөнөөс биш өөр чиглэлээс дуугарахаар нь “Чи хаана байгаа юм?” гэж асуухад “Өрөөндөө л байна шүү дээ” гэж хэлсэн.

Тэгээд би энэ тухай Jisoo эгчид хэлэхэд “Сүнс чиний өрөө рүү явчихсан юм биш үү?” гээд тоглоом хийгээд өнгөрсөн л дөө. Гэтэл маргааш шөнө нь би сүнсэнд даруулсан. Арай гэж нүдээ нээгээд хартал миний орны дэргэд нэг эрэгтэй хүн сууж байсан” хэмээн ярьсан юм.

TAEYANG

Бусад гишүүнд нь тохиолдсон явдлыг Taeyang үгүйсгэсээр нэгэн шөнө тэрхүү жигтэй зүйл өөрт нь тохиолджээ. Тэрээр “Нэг орой компьютерийн дуу өсгөгчөөс чимээ гарсан. Уг нь унтраалттай байсан ч ойлгомжгүй хэлээр хурдан ярьж буй эрэгтэй хүний яриа сонсогдсон.

Би бага зэрэг айгаад нүүрээ хүйтэн усаар угаахаар ариун цэврийн өрөө рүү явтал хэсэг хугацааны дараа өрөөний хаалгыг хэн нэгэн онгойлгох гэж оролдлоо. Би хамтлагийнхнаас нэг нь тоглож байна гэж бодоод “Хөөе, болиоч” гэхэд ямар ч хариу байгаагүй. Хэд хэдэн удаа тэгэхээр нь хаалга руу ойртсон чинь гаднаас нь хүн өшиглөж байгаа мэт гэнэт хүчтэй онгойсон. Айж, гайхах зэрэгцэн угаалгын өрөөнөөс гартал хамтлагийнхан бүгд унтаж байв. Тэднийг сэрээгээд юм сонссон эсэхийг нь асуухад бүгд үгүй гэж хариулсан” гэж ярьжээ.

Эх сурвалж: K StarLive

#Оддын тухай #Halloween #Сүнс #Хий үзэгдэл