Дулаахан, мөн сэтгэл гэгэлзүүлэм хаврын улирал ирж хүн болгон сэтгэлдээ хөнгөн баяр хөөр, эсвэл гуниг тээн яваа байх. Эдгээр өдрүүдэд сэтгэл зүйгээ дэмжиж, тогтвортой байлгахыг хүсвэл дараах нийтлэлийг анхааралтай уншаарай.
Хавар бол байгаль орчин, нийгэм соёлын аль алинд томоохон шинэчлэлтийг дагуулдаг улирал юм. Үүнийг Cleveland дахь клиникийн Сэтгэл судлаач, Доктор Dawn Potter “Өвөл бидний эрч хүч суларч, хаврын улиралд сэргэдэг” хэмээн тайлбарлажээ.
Эмх цэгцтэй байдал, аз жаргал хоёр нь шууд хамааралтай бөгөөд DePaul Их Сургуулийн профессор Joseph Ferrari “Гэр орон нь эмх замбараагүй байх тусам хүний амьдралаас авах сэтгэл ханамж нь буурдаг” гэдгийг онцолсон юм. Тэрээр үргэлжлүүлэн, “Эсрэгээрээ аливаа зүйлийг эмх цэгцэд оруулснаар хүн маш их сэтгэл ханамж авдаг. Сэтгэл нь яг л мөрөн дээрх хүнд ачаанаасаа салчихсан мэт хөнгөрдөг” гэжээ.
Орчноо хянах боломжтой болно
Бид гэрээ цэвэрлэснээр хүрээлэн буй орчноо хянах мэдрэмжтэй болдог аж. Ингэснээр тухайн үед шийдэхэд хүндрэлтэй асуудлаа илүү сайн хянаж шийдвэр гаргадаг байна.
Амьдралд тохиолдож буй асуудлууд хяналтаас чинь аль хэдийнээ гарчихсан мэт санагдаж байвал босоод гэрээ цэвэрлээрэй.
Энэ бол нэгэн төрлийн соёл, зан заншил юм
Зан заншил бидний амьдралд хүчтэй үүрэг гүйцэтгэдэг. Улс орон бүрд эртнээс улбаатай гэртээ дэг журам сахиулж, цэвэр цэмцгэр байх соёл байдаг. Ихэнх улс орнууд гэр цэвэр байвал тайван, эерэг уур амьсгалтай байдаг хэмээн үздэг аж. Тиймээс цэвэрлэгээг өдөр тутмын зуршил болгож эрүүл амьдралын хэв маягийг бүтээгээрэй.
Тайвшрал, урам зориг өгнө
Хог шүүрдэх, шал угаах зэрэг нь хувийн орон зайгаа илүү мэдрэхэд тусалдаг гэдгийг чи мэдэх үү? Ингэснээр бид тархиа сэргээн, сошиал ертөнцөөс бүрэн ангижирч чаддаг байна. Цэвэрхэн, эмх цэгцтэй орчинд алхсанаар тайвшрал, эрч хүчийг мэдэрдэг бол эмх замбараагүй орчинд алхсанаар ядарч, дарамттай мэдрэмж төрдөг байна.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх