Вэбд суурилсан үнсэлтийн төхөөрөмж Хятадын төдийгүй дэлхийн сошиал хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна.
Хол зайнд амьдардаг хайртай хүнтэйгээ үнсэлцэхийг хүсдэг хүмүүст зориулж нэгэн сонирхолтой төхөөрөмжийг зохион бүтээжээ. Хүрэхэд яг л хүний уруул шиг дулаахан, зөөлөн, хариу үйлдэл үзүүлдэг уг төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэжээ.
Хоёр биенээсээ хол амьдардаг хосууд бие махбодийн жинхэнэ мэт дотно харилцааг бий болгох зорилгоор бүтээсэн энэхүү төхөөрөмж нь Хятадын олон нийтийн сүлжээнд хэрэглэгчдийн анхаарлыг татаж, багагүй цочирдуулаад байна.
Даралт мэдрэгч болон идэвхжүүлэгчээр тоноглогдсон төхөөрөмж нь хэрэглэгчийн уруулын хөдөлгөөн, температурыг хуулбарлах замаар жинхэнэ үнсэлтийг дуурайж чаддаг байна. Үнсэлтийн хөдөлгөөнөөс гадна эсрэг талын хэрэглэгчийн гаргаж буй дууг дамжуулах боломжтой.
Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн нэг хэсэг нь төхөөрөмжийн хөгжилтэй талыг олж харсан бол зарим нь үүнийг "бүдүүлэг арга" гэж шүүмжилсэн байна. Мөн зарим нь насанд хүрээгүй хүүхэд худалдаж авч хэрэглэх эрсдэлтэй хэмээн дургүйцжээ.
Үнсэлт илгээхийн тулд хэрэглэгч утсандаа аппликейшн татаж аваад төхөөрөмжийг утас цэнэглэх порт руугаа залгана. Аппликейшн дээр хамтрагчтайгаа холбогдсоны дараа хосууд видео дуудлага хийж, төхөөрөмжийг ашиглах боломжтой.
Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд мэдээлснээр энэхүү бүтээлийг Чанжоугийн Мехатроник технологийн дээд сургуулиас патентжуулсан байна.
“Их сургуульд байхдаа би найз охинтойгоо холын харилцаатай байсан тул бид зөвхөн утсаар л харьцдаг байсан. Энэ төхөөрөмжийг бүтээх санаагаа ингэж л анх олсон” гэж уг дизайныг зохион бүтээгч тэргүүлэгч Зян Жунли хэлжээ.
Заавал холын зайн хос гэхгүй хэрэв үл таних хоёр хүн аппликэйшнд таарч бие биедээ таалагдвал төхөөрөмжийн тусламжтайгаар үнсэлцэж болох гэнэ. Үнсэлтийн төхөөрөмжийг Хятадын хамгийн том онлайн худалдааны сайт болох Taobao дээр 288 юань буюу 41 ам.долларын үнэтэй худалдаад эхэлжээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх