Монгол улс анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглоно


Б.Дариа | YOLO.MN
2023-02-27

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд тоглоно.Тодруулбал, Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх багуудыг тодруулах сонгон шалгаруулалтын тэмцээн Монгол улсад боллоо.

Сонгон шалгаруулалтын 1 дүгээр шатны D хэсгийн хоёрдугаар байраар 2-р шатанд шалгарсан Монголын шигшээ баг өнгөрсөн бямба гарагт Сингапурыг хожсоноор урьдчилсан шатанд тоглох эрхээ баталгаажуулав. Тэд Сингапурыг 73-49 харьцаагаар илүүрхсэн бөгөөд Д.Дэлгэрням 16, Г.Баттөр 13, О.Энхбаатар 12 оноо авч багаа тэргүүлсэн.

Монголын шигшээ баг баасан гарагт Хонконгийг 76-69 харьцаагаар хожсон бөгөөд өчигдөр Гуамын шигшээ багтай тоглож 82-81 харьцаатай хожигдож хэсэгтээ хо байраар урьдчилсан шатанд тоглохоор боллоо. Энэ тоглолтод А.Ананд 17, Т.Санчир 15, О.Энхбаатар 14 оноогоор багаа тэргүүлсэн бол Гуамаас Жонатан Галлоуэй 24, Тай Уэсли 20, Эрнест Росс 19 оноогоор багаа хошуучлав.

Ингэснээр Монгол Улс анх удаа 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох 24 багийн нэг боллоо.

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд зургаан улсын баг оролцсоноос Монгол, Гуам, Тайланд, Хонконгийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарч, Малайз, Сингапурын шигшээ багууд гэртээ харилаа. Урьдчилсан шатанд шалгарсан дөрвөн багийг Австрали, Шинэ Зеланд, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Япон, Тайвань, Индонез улсын багууд хүлээж байна.

#Мэдээ