Энэ сарын 20, 24-ний ЕБС-ийн хичээлийг бямба гарагт шилжүүлж, их, дээд сургуулиуд цахимаар орно


Э. Оргил | YOLO.MN
2023-02-14

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай БШУ-ы сайдын тушаал өнөөдөр гарчээ.

Тушаалд: 

  • Цагаан сарын битүүний өдөр буюу 2023 оны 2-р сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт,
  • Шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөр хичээллүүлэхээр тусгасан байна. 
  • Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний өдрийн лекц, семинарын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Лабораторийн болон дадлагын хичээлүүдийг багшийн цагийн ачааллыг зохицуулан гуравдугаар сард нөхөхийг сургуулиудад чиглэл болгожээ.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Манай улс тархай бутархай байршилтай. Малчдын хүүхдүүд сумын төвдөө сургуульд явдаг учир Сар шинийн баяр таарсан долоо хоногийн нэг хоногт нь  хичээллэхтэй холбоотой хүүхдүүд сургуульдаа явах, гэртээ харихад хүндрэл үүсдэг. Мөн ОБЕГ-аас авсан мэдээллээр 15 аймгийн 85 сум зудтай байна. Ийм үед хүүхдүүдийг нэг өдрийн хичээлээс шалтгаалан ямар нэг эрсдэлд орохоос хамгаалах зорилгоор БШУ-ы сайдын тушаал гарч байна. Сайдын тушаалыг бүх аймгийн Боловсролын газарт хүргүүлнэ гэв.  

#Мэдээ