Энэтхэгт Валентины өдрийг “Үхэр тэврэх өдөр” болгон өөрчлөх санаачилга гаргажээ


О.Хандмаа | YOLO.MN
2023-02-13

Энэтхэгийн Хинду шашинтнууд хэдэн зууны турш үхрийг эх дэлхий болон, бурханлаг байдлын бэлгэдэл ариун амьтан хэмээн үзсээр ирсэн.

Тиймээс, эрх баригчид нь Гэгээн Валентины өдрийг “Үхэр тэврэх өдөр” болгон өөрчлөхөөр төлөвлөжээ. Тэд энэ өөрчлөлтийг хийснээр хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж, барууны соёлд уусаж буй өв соёлоо сэргээх зорилготой хүчтэй цохилт өгч чадна хэмээн найджээ.

Гэвч энэ өөрчлөлтийн талаарх мэдээлэл цацагдсаны дараа иргэд интернетээр хошигносон агуулгатай постер, эвлүүлэг, хүүхэлдэйн кино хүртэл хийж, телевизийн хөтлөгч эл агуулгыг онигоо болгон ярьжээ. Улмаар энэ шийдвэр хэрэгжихгүй болсон гэлтэй намжсан байна.

Тухайлбал, Энэтхэгийн Амьтныг хамгаалах зөвлөлөөс хоёрдугаар сарын 14-нийг “Үхэр тэврэх өдөр” болгон зарласан талаар даваа гарагт албан мэдэгдэл гаргасан юм. Үүнд “Үхэр бол Энэтхэгийн соёл, хөдөөгийн эдийн засгийн гол тулгуур” хэмээн тайлбарлажээ.

Энэтхэгийн Загас агнуур, мал аж ахуй, сүүний яаманд зөвлөгөө өгдөг хууль ёсны байгууллага “Үхэр бол байгалийн шинж чанараараа хүн төрөлхтөнд баялаг бий болгодог, "өгөөмөр" амьтан юм” хэмээв.

Үхрийг тэврэх агуулга дэвшүүлснээр барууны соёлын нөлөөнд өртсөн "Ведик" буюу ариун Хинду шашны уламжлалыг сурталчлахад хувь нэмэр болно гэж үзжээ. Тиймээс мэдэгдэлдээ “Барууны соёлын нөлөөллийн улмаас бидний өөрсдийн гэсэн өв уламжлал устахад тулаад байна. Барууны соёл иргэншлийн хурц гялбаанд бидний гэсэн биет өв бараг мартагдах нь” гэдгийг тодотгосон аж.

Гэхдээ энэхүү мэдэгдлийг гарснаас хойш иргэд олон нийтийн сүлжээнд элэг доог хийж, тохуурхсан өнгө аястай хандсанаар “Үхэр тэврэх өдөр”-тэй болох санаачилга хүчингүй болсон бололтой.

Түүнчлэн Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдынхаа төлөвлөгөөг эгдүүцэж, дурласан залуугаас зугтаж буй үхрийг дүрсэлж ёжилсон хүүхэлдэйн кино цацаж, иргэд ч цахимд үзэл бодлоо хүчтэй илэрхийлжээ.

Англи хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг Энэтхэгийн тэргүүлэгч суваг болох NDTV-ийн хөтлөгч хэд хэдэн үхрийг тэврэхийг завдаж буй бичлэг хийсэн бөгөөд энэ үеэрээ “Зөвшөөрөл авч тэврэх нь чухал” хэмээн хошигносон аж.

Германы Deutsche Welle суваг “Энэтхэгийн засгийн газар Валентины баяраар хосууд бие биеэ биш, үхэр тэврэхийг уриаллаа” хэмээн мэдээлж, эрх баригчдын гаргасан мэдэгдлийг онцолсон байна.

\

Эх сурвалж: BBC

#Мэдээ