Б.ИРМҮҮН: ТОМЧУУД аз жаргалтай байхын тулд ҮР ХҮҮХДЭЭ илүү их ХАЙРЛААСАЙ


Үжин | YOLO.MN
2016-12-09

Хүслийнхээ төлөө энэ дэлхийн сүүдрийг
Хүүхдүүд гэрлээр будаж байна
Мөрөөдлийнхөө зүг хайрын уудам зайд
Хорвоог тэд инээдээр зурж байгаа, зурсаар байна ("Гэрэл" дууны хэсгээс...)


Томчууд, тэр дундаа гэр бүл, үр хүүхэдтэй хэн бүхэнд нэгийг бодогдуулах, ухаарал өгөх сайхан уран бүтээлийг Б. Ирмүүн охин дуулжээ. Тэрээр VTV-ийн, Америкийн алдарт дуучин Snoop Dogg-той дуулах дуучныг шалгаруулах 2016 оны “All Or Nothing” тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэг болж байсан юм. Түүнтэй YOLO.mn хийсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

YOLOӨөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Б.Ирмүүн гэдэг. 52-р сургуулийн 9-р ангид суралцдаг. Аав ээж, эгч, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг дуулах дуртай нэгэн байна аа.

YOLOХэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ?
Би ер нь цэцэрлэгт байхаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Дараагаар нь 4, 5-р ангиасаа маш идэвхтэй дуулж эхэлсэн. Урлагийн томоохон тэмцээн уралдаан оролцож байгаагүй, харин саяхан л “All or Nothing” тэмцээнд оролцож шилдэг 10 уран бүтээлчийн нэгээр шалгарч, хамгийн отгон оролцогч нь болсон. Манай гэр бүл Голландад хэсэг хугацаанд амьдарч байсан, тэнд байх хугацаандаа Вагенинген хотын 750 жилийн ойн наадамд сурагчдын авьяасын тэмцээнд оролцоод гуравдугаарт байрт орж байсан.

YOLOХамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох “Гэрэл” дуу нь олонд хүрээд буй. Хүүхэд бүхний өмнөөс томчуудад хаягласан мэт энэ дууны утга агуулга их өвөрмөц санагдсан.
“All or nothing” тэмцээний сүүлийн шатанд монгол хэл дээрх, шинэ дуугаар заавал өрсөлдөх хэрэгтэй болсон. Тэгээд хөгжмийн зохиолч Оки ах надад зориулж “Гэрэл” хэмээх энэхүү сайхан дууг бүтээж өгсөн. Миний бодлоор, томчууд тэр дундаа монголчууд бухимдал ихтэй юм шиг санагддаг. Хаашаа л харна хөмсөг зангидсан, ажлаа хийх гэж яарсан түүндээ цухалдан уцаарласан хүмүүс л байх шиг... Гэхдээ тэд мэдээж гэртээ хариад хүүхдүүдээ хараад аз жаргалыг мэдэрдэг гэж би боддог. Тиймээс уур уцааргүй жаргалтай байхын тулд томчууд үр хүүхдээ сайн хайрлаасай, тэдэндээ анхаарал тавиасай, хүсэл тэмүүллийг нь сонсдог байгаасай гэж хүссэнээр энэхүү дуу маань бүтэж, саяхан клипжүүлсэн нь энэ юм. 

Нөгөө талаар өсвөр насны хүүхдийг хүн биш гэж боддог томчууд цөөнгүй, “хүүхэд л бол хүүхэд” эсвэл “чи юу ч ойлгохгүй” гэсэн өнгө аясаар харьцдаг. Тиймээс амьдралтай дөнгөж танилцаж байгаа тэдэнд аливааг ойлгуулах гэсэн хандлага, хайр энэрэл, анхаарал халамжийг харамгүй хайрладаг байгаасай гэж хүсдэг. Миний хэлэх гэсэн санаа, дотоод ертөнцтэй маш гоё нийцсэн дуу.

YOLOТэмцээнд оролцсоны дараах Б.Ирмүүн хэр өөрчлөгдсөн бэ?
Мэдээж олон ах эгчтэй хамт тэмцээнд оролцоод тэднээсээ шинэ зүйлс сурч туршлага хуримтлуулсан. Чадварлаг шүүгчдээс үнэтэй зөвлөгөө авснаар мөн өөрийгөө сайжруулахдаа илүүтэй анхаарч байсан. Одоо бол өөрийнхөө хоолойд тохирох дууг сонсоод мэдчихдэг болсон. Хувь хүнийхээ хувьд илүү дэвшилттэй болж чадсан. Би өөрөө их дуу цөөтэй хүн, харин тэмцээний дараа илүү чөлөөтэй, нээлттэй болсон. Өмнө нь камерийн өмнө гарч байгаагүй, олон хүний урд гарч үзээгүй хүн их ичээд байсан ч олон дунд ороод ирэхээр яваандаа нээлттэй болдог юм байна лээ. Би мөн багшдаа их талархаж явдаг. Миний багшийг н.Батхүү гэдэг юм. Надад байгаа бүхнээ л зааж сургадаг, би гарынх нь шавь юм.

“Гэрэл” дууны дараа чамайг ямар уран бүтээл хийх гэж буйг сонсогчид битүүхэн хүлээж л суугаа байх.
Би өөрөө хүүхэд учраас хайр дурлал гээд дуулаад байхыг хүсдэггүй ээ. Энэ бол миний насанд тохирохгүй сэдэв. Харин өмнөх дуутайгаа агуулгын хувьд ижил уран бүтээл гаргах бодолтой байна.

YOLOЧиний хүсэл мөрөөдөл юу вэ?
Ээж аав хоёр минь дуулах их дуртай хүмүүс. Гэхдээ урлагийн замаар явахыг хүссэн ч оюутан хүмүүс хичээл номоо зохицуулахаас эхлээд тухайн үед дуучин болох их хэцүү байсан байх. Тиймээс би өөрийнхөө болон тэднийхээ хүсч байсан залуу насны мөрөөдлийг нь биелүүлж чадварлаг дуучин болно. Одоо бол эгч минь бүжиглэх их дуртай. Гэртээ бол эгч бүжиглээд л би дуулаад л байж байдаг юм. (инээв)



Хүн ер нь өөрийн нэг л сонирхдог, сайн чаддаг зүйлээ бариад авах л юм бол түүгээрээ маш амжилттай явж болдог юм шиг санагддаг. Би бага байхдаа самбар дээр шохойгоор бичих нь гэж бодоод л багш болно гэж мөрөөддөг байлаа. Тиймээс өөрийн дурлаж болох мэргэжил, хүсэл мөрөөдлөө сайн эргэцүүлж болж өгвөл зах зухаас нь мэдэрч хийх нь сайн шийдвэр гаргахад нь нөлөөлдөг гэж би боддог.

YOLOТомчуудад хандаж хэлэх гэсэн үгээ чи дуу болгон гаргажээ. Тэгвэл үеийнхэн буюу өсвөр насны хүүхдүүдэд хандаж хэлмээр байдаг үг байдаг уу?
Миний үеийнхэн зарим нь залхуу болоод байна уу даа гэж бодоод байгаа. Хичээл номдоо мэрийж анхаарахгүй урсгалаараа яваад байх шиг... Их орой унтдаг, түүнээсээ болж сайн амарч чадахгүй хичээлээ ч сайн ойлгохгүй шүү дээ.

“Томчуудаас л болж байна, томчууд ингээд байна” гэж гомдоллохын оронд өөртөө мөн шаардлага тавьж өөрийн гэсэн үүрэгтэй байх хэрэгтэй. “Томчууд биднийг хайрлахгүй байна” гэхээсээ өмнө чи өөрийгөө эхлээд хайрла. Чи өөрийгөө хайрлаж байна гэдэг нь зөв зүйлсийг хийж байна гэсэн үг, зөв зүйл хийж байгаа чамайг хараад эцэг эх чинь хайрлах л болно. Эрт унтаж бай, залхуурч хойш суулгүй хичээлдээ мэрий. Эцэст нь чи л хожно шүү дээ, өөрийгөө бүү хохироо. Ирээдүйд хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд одооноос л бид мэрийх хэрэгтэй.

Мөн өөрсдийгөө хэтэрхий наснаасаа овортой болгож харагдуулаад байдаг. Хэт их нүүр будалт хийх эсвэл насандаа тохироогүй хувцаслалттай болох гэхчлэнгээр том болох гэж их яарч байна. Нэг үгээр балчир наснаас шууд том хүн болох гэж . Тэр хоёр зүйлийн дунд байгаа өсвөр насандаа мөн л хүүхэд шиг л байвал гоё. Том болоод эргээд дурсахад л хүүхэд насны тэр дундаа өсвөр үеийн сайхан дурсамжтай байвал сайхан биш гэж үү. 

YOLO: Чи чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Би шүлэг зохиох их дуртай, 5-р ангиасаа л  Дууны үг зохиох гэж хичээдэг. Мөн бүжиглэх, цэвэр агаарт алхах дуртай.

YOLO: Чиний дуртай дуучин?
Уитни Хьюстон, Беойнсигийн дууг сонсох их дуртай. Би ер нь өөрийгөө анзаараад байхад их хүнд хэцүү дууг дуулах дуртай юм байна лээ. Зарим тохиолдолд хуучин хувилбараас нь шал өөр болгож дуулах ч дуртай. Цоглог хэмнэлтэйг нь уянгын болгох, уянгын дууг цоглог хэмнэлтэй болгож дуулах дуртай.

YOLO: Чи сая яриандаа өөрийгөө их даруухан ч гэлээ бага багаар нээж, илүү нээлттэй болж байгаа гэлээ. Тэрхүү зан чанарыг өөртөө хэрхэн төлөвшүүлж байна вэ?
Яг үнэнийг хэлэхэд би өмнө нь өөртөө тийм ч итгэлтэй биш байсан. Дуу цөөтэйн дээр аливаа тэмцээн уралдаанд оръё гэж өөрөө ч хичээдэггүй байсан. Харин одоо бол өөрийгөө сорих ямар л боломж байна, тэрийг алдахыг хүсдэггүй. Хаана миний чадварыг сорих тэмцээн болж байна оръё, юу хийвэл би өөрийгөө хөгжүүлж болохоор байна оролдоод үзье хэмээн байнга эрэлхийлдэг болсон. Тэр хэрээрээ ч олон хүнтэй танилцаж илүү нээлттэй болж байна.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, урлагийн замналд нь өндөр амжилт хүсье.
Маш их баярлалаа.

#Celebrity #Singer #Teenagers #Mission