Тунгалгийн хавангийн эмгэгтэй бүсгүй бусдад урам зориг түгээхээр зургаа нийтлэх болжээ


О.Хандмаа | YOLO.MN
2023-02-03

АНУ-ын Теннесси мужаас гаралтай Могани Гетер хүүхэд байхаасаа өөрийгөө толинд харахаас эмээдэг байжээ. Учир нь тэрбээр төрөхдөө л зүүн хөлдөө тунгалгийн хавангийн эмгэгтэй төрсөн аж. Одоо 25 настай түүний зүүн хөл 40 кг хүртэл жинтэй болж хавагнажээ.

Тэрбээр “Намайг гадуур гарахаар хүмүүс гайхсан харцаар ширтээд хуруугаараа чичилж ярьцгаадаг. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс л ихэвчлэн ийм үйлдэл гаргана. Харин хүүхдүүд бол надаас асуулт асууж сониучирхдаг” хэмээн today сайтад ярилцлага өгчээ.

“Lymphedema” гэдэг нь биеийн эд эсэд тунгалгийн шингэн хуримтлагдсанаас үүссэн хаван гэж “The Mayo” клиник тодорхойлов. Энэ төрлийн эмгэг ихэвчлэн гар, хөлд илэрдэг ч цээжний хана, хэвлий, хүзүү, бэлэг эрхтэнд нөлөөлдөг байна.

Могани Гетерийн онош дөнгөж төрөхөд нь л мэдэгджээ. Учир нь түүний нэг хөл нөгөөгөөсөө том байсан аж. Тэрбээр хөлөө ил харагдуулахгүйн тулд олон жил зөвхөн өмд, урт банзал өмсдөг байв. Харин 2017 онд мэргэжлийн гэрэл зурагчин түүнд санал тавьж зураг авалтад оролцохыг хүсжээ. Могани Гетер дотроо “Яагаад над шиг ийм хүний зургийг дарахыг хүссэн юм бол” гэж эргэлзсэнээ дурсав.

Гэвч гэр бүлийнхэн нь түүнд урам зориг өгснөөр тэрбээр зураг авалтад оролцохыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэснээр түүний амьдрал орвонгоо өөрчлөгдөх эргэлтийн цэг болсон аж.

Тэрбээр энэ тухайгаа “Миний дотор өөртөө маш итгэлтэй нэгэн байгааг нээж илрүүлсэн” хэмээн ярьжээ.

Могани Гетер тунгалгийн шингэн хуримтлагдах өвчний талаар хүмүүст үнэн бодит мэдээлэл өгч, өөртэйгөө адил оноштой хүмүүст итгэл найдвар, урам зориг түгээхээр олон нийтийн сүлжээнд өөрийнхөө зургийг нийтлэх болжээ. Улмаар ажил хайж эхэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр “Хүмүүс зөвхөн махлаг хүмүүс энэ өвчнөөр өвддөг гэж боддог. Гэхдээ өвчин тарган, туранхайг ялгахгүй. Дэлхийн хаанаас ч миний өвчний эсрэг эмчилгээ хийх эмч мэргэжилтэн холбогдоход би нээлттэй байх болно” гэжээ.

Мичиган дахь Коруэлл эрүүл мэндийн төвийн судасны мэс заслын тасгийн сувилагч Лорен Гресслигийн хэлснээр тунгалгийн хаванг бүрэн эмчлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч хаванг хөөж арилгах эмчилгээ (CDT) гэж бий. Энэ нь дотроо олон аргатай аж.

Эх сурвалж: Today

#Мэдээ