Хүсэн хүлээсэн амралтын өдрүүд тулаад ирлээ. Гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгээ юу хийхээ төлөвлөж амжаагүй байна уу? Хэрвээ тийм бол ундаа, поп корн, чипс гээд л өөрийн дуртай амттан, амны зугаагаа бэлдээд цэнхэр дэлгэцнийхээ урд тухлан, бидний санал болгож буй кинонуудаас шимтэн үзэж алжаалаа тайлахыг урьж байна.
Нэр: Daily Dose of Dramovie
Сошиал хуудсууд: FB Page: Daily Dose of Dramovie
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн кино?
-Үзсэн кино бүхэн надад бага том гэлтгүй тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Зарим нь үзэл бодол, зорилго зорилтуудад нөлөөлөхүйц хүчтэй байдаг бол, зарим нь зүгээр л тэр үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжид нөлөөлдөг. Харин хамгийн их зүйл бодогдуулж, нөлөө үзүүлсэн кино гэвэл "Into the Wild", "Nomadland", "Eat Pray and Love", "Little forest" хэмээх кинонуудыг нэрлэнэ.
Эдгээр кинонуудыг ерөнхийд нь харвал хоорондоо ихээхэн төстэй үйл явдалтай буюу гол дүрүүд нь бүгд өөрийгөө нээх, өөртэйгөө байх замыг сонгодог. Хүн өөрийгөө ойлгож нээж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрөөсөө нуух зүйлгүй болж, өөр өөртэйгөө байхдаа тухтай, амар амгалан, аз жаргалтай байж сурсан цагт амьдрал утгаараа амьдарч эхэлдэг юм шиг санагддаг. Мөн яг түүн шигээ бусдыг ч хайрлаж сурч, байгаагаар нь хүлээн авснаар аз жаргалтай, амар амгалан амьдрал цогцолдог гэж боддог. Мөн дээрх кинонуудын өгөх гэсэн бас нэг том санаа бол Into the Wild-н алдарт эшлэл "Happiness is Only Real When Shared" буюу аз жаргал хэн нэгэнтэй хуваалцах үед л жинхэнэ аз жаргал болдог гэдэг санаа. Энэ хоёрын хослол тэнцвэр бол ихээхэн чухал зүйл гэдгийг ойлгон, аль алиныг нь амьдралдаа баримтлан санаж явдаг.
-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?
-"The Boys" болон "Glory" цувралыг үзэж дуусгасан, эхнийх нь супер баатар, адал явдалт төрлийн америк цуврал, нөгөөх нь өшөө авалттай триллер төрлийн солонгос цуврал. Мөн "Tick Tick.. Boom" мюзикл төрлийн киног давтан дахин нэг үзсэн юм байна. Ер нь киноны төрөл жанр хамааралгүй бүх төрлийн кино үзэх дуртай, сонирхолтой. Гэхдээ бүх цаг үед ямар нэгэн солонгос цуврал эхлүүлээд удаанаар ч хамаагүй үзэж л байдаг. Тиймээс ч фейсбүүк хуудас дээрээ солонгос кино, цувралуудын талаар ихэвчлэн бичдэг.
-Үзэх киногоо хэрхэн сонгодог вэ?
-Cast буюу тоглосон жүжигчид болон тэдний хоорондын зохицол (chemistry) томоохон нөлөө үзүүлдэг. Учир нь найруулагч, зохиолчид өөрсдийнх нь хүргэх гэсэн санааг хамгийн нарийн тодорхой гаргаж чадах жүжигчдийг сонгон шалгаруулж тоглуулдаг учир жүжигчдийн сонголтоос киноны чанар маш их хамаардаг юм шиг санагддаг. Мөн жүжигчид ч гэсэн зохиолоо уншиж судалж байж сонголтоо хийдэг тул дуртай жүжигчдийнхээ сонголтод итгэдэг. Гэхдээ заавал алдартай, томоохон нэр хүндтэй гэхээс илүү надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн жүжигчдийн уран бүтээлүүдийг ихэвчлэн үздэг. Мөн киноны өнгө, дүрслэл, дуу чухал. Үзэсгэлэнтэй зураглалтай, сонирхолтой өнцгөөс авсан нүд баясгам үзэгдлүүдтэй кинонуудад маш дуртай. Олны хамгийн сайн мэдэх кинонуудаас жишээ татахад "Call me by your name", "Mr.Sunshine", "La La Land" зэрэг кинонуудын зураг авалт, дүрслэл, байгалийн үзэгдлүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ хорвоод олж хардаггүй, харсан ч нэг их анзаардаггүй тийм зураглал, дүрслэлүүдийг үзэсгэлэнтэйгээр харуулсан кинонуудыг сонгож үзэхийг хичээдэг.
-Өөрийгөө кинотой зүйрлэвэл та ямар кино вэ?
-"Little Women" киноны Jo. Сониуч, эрч хүчтэй, адал явдал эрэлхийлэгч, хорвоо дэлхийг таних их хүсэл эрмэлзэлтэй, амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч бусдын жишгийг дагахгүйгээр өөрийнхөөрөө амьдрах чин зоригтой дүр. Мөн "Eat Pray Love" киноны гол дүр Elizabeth. Нийгмийн тогтсон үзлийг тоохгүйгээр өөртөө үнэнчээр, илүү бүрэн дүүрэн, утга учиртай, өнгө өнгийн мэдрэмжүүд цогцолсон амьдралыг сонгодог дүр.
-Таны дуртай кино зохиолч?
-Солонгос зохиолчдоос гэвэл Lee Woo Jeong, Hong эгч дүүс, Kim Eun Sook. Тэрнээс илүүтэйгээр зохиолч, найруулагчдын хослолуудыг ихээхэн харж үздэг, тэр дундаас хамгийн хайртай нь Lee Woo Jeong зохиолч болон Shin Won Ho найруулагч. Тэдний хамтын уран бүтээлүүдээс дурдвал "Reply 1988, 1994, 1997" болон "Hospital Playlist" байна. Тэдний уран бүтээлүүдийг нэг үгээр илэрхийлбэл дулаахан, зүгээр л маш дулаахан. Онцгой адал явдал байхгүй хэрнээ өдөр тутмын, бидний мэддэг л, нэгэн жирийн гэж боддог амьдралыг маш сэтгэл татмаар, үнэхээр дулаахнаар харуулж чаддаг. Тиймээс ч энэ хоёрын хамтарсан бүтээл л гэх юм бол ямар ч эргэлзээгүй шууд л үздэг.
Мөн Christopher Nolan-ы өөрийн бичиж найруулсан бараг л бүх кинонд маш дуртай, хэдэн ч удаа хамаагүй давтан үздэг, одоо ч бас дараагийн киног нь тэвчээртэй хүлээж байна. Учир нь түүний кинонууд зүгээр л нэг үзээд "таалагдлаа" гээд өнгөрөх биш, гүн бодолд автуулж, тархи ачаалуулж, бодлого санаашралд оруулж чаддаг. Түүний кинонуудын талаар хэдэн ч цагийн турш хамаагүй бусадтай санал сэтгэгдэл, ойлголтоо ярилцахад урамтай байдаг тул түүнийг үнэхээр "хайрлаж, хүндэлж" явдаг даа.
-Манай уншигчдад ямар кино санал болгох вэ?
-Хорвоо ертөнц уудам, үзэх газар их, уулзах хүмүүс ч олон, мэдрэх мэдрэмж ч хязгааргүй их бий. Энэ бүхнийг үзэх, харах, мэдрэхэд нэг хүний нас, нөөц бололцоо хүрэлцэхгүй. Харин энэ боломжийг кино урлаг багахан ч гэсэн олгож, нөхөж өгдөг гэж боддог. Тиймээс ч кино үзэх үнэхээр дуртай, кино үздэг хүмүүст ч дуртай, кино санал болгодог хүмүүст бүр дуртай. Тиймээс хүмүүс нэг их мэддэггүй "Little Forest" хэмээх бүрэн хэмжээний Солонгос киног санал болгож байна. Ядарсан үедээ хүн хэдэн хором нэг тийш гөлрөөд зогсоход тархи юу ч бодохгүй, сайхан амарч буй мэдрэмж төрдөг дөө, яг тийм мэдрэмж өгдөг. Бид бүгд хаашаа ингэж яарна вэ, юуны төлөө ингэж их махарч зүтгэнэ вэ. Хамгийн сүүлд хэзээ зүгээр л сайхан хоол хийж идээд, цонхоор ширтээд, олон зүйлийн талаар санаашрахгүй, стресстэхгүй хэсэг зуур амарсан билээ гэдэг асуултуудыг өөртөө тавьж хэсэгхэн зуур ч гэсэн тайвширч, сайхан том амьсгаа авахуулдаг кино.
-Ярилцсанд баяралалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх