Z үеийн залуус бусад үеийнхэнтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа билээ. Үүнээс үүдэн тэдний хувьд нэг ажлын байранд хэр тогтвортой ажилладаг болохыг тодорхойлоход бодитой тоо гарч ирэхгүй. Гэхдээ судалгаагаар тэдний нэг орон тоонд дунджаар 2 жил 3 сар тогтвор суурьшилтай ажилладаг гэсэн тооцоо гарсан байна.
Тэдний хувьд ажлын байранд эрх тэгш байхыг хамгаас чухалчилдаг бөгөөд бусадтай нийцэх чадвар сайтай, эрсдэлээс зайлсхийдэг, эрх баригчдад итгэл үнэмшилгүй ханддаг гэжээ. Ингээд хөдөлмөрийн зах зээлд гараад удаагүй байгаа, тууштай ажиллахаар зорьж буй z үеийнхний ажилд орохдоо анхаарвал зохих 5 зүйлийг хүргэж байна.
1. Сандралаа өөртөө итгэх итгэлээр солих
Ажлын ярилцлага бол тавхан минутад өөрийгөө хэрхэн илэрхийлж буйгаас тань хамааран тухайн ажлын байранд тэнцэх хүн мөн эсэхийг шалгах нэг төрлийн сорилт. Гэтэл танд өгсөн тэр таван минутад сандарч, гацаж түгдрээд буруу зүйл ярьчихвал харамсалтай биш гэж үү? Нөхцөл байдлыг хэрхэн удирдаж буйгаас тань шалтгаалан тухайн хугацаа “бүхэл бүтэн таван минут” эсвэл “тавхан” минут болж болно. Судалгаагаар z үеийнхэн x болон y үеийнхнээс илүү сандрамтгай, аливаад хөнгөн хуумгай хандах магадлалтай байдаг тул ажлын ярилцлагадаа өөртөө итгэлтэйгээр нухацтай бэлдэж, шинээр ажилд орсныхоо дараа ч өөрийгөө тайван, үг хэлээ тод, зөөлөн байлгах дээр анхаараарай.
2. Анхаарлаа төвлөрүүл
АНУ-ын Robert Half агентлагийн гаргасан судалгаанд дурдсанаар шинэ мянганыхантай харьцуулбал z үеийнхний дунд “Интернет донтогчид”-ын тоо 25 хувиар өндөр байдаг. Мөн тэдний 40 хувь нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг гэнэ. Тэд бусад үеийнхнийг бодвол анхаарал төвлөрүүлэх чадвар багатай ба энэ нь ажлын байранд сул тал болдог байна. Анхаарлаа хэр сайн төвлөрүүлж чадаж байна, ажлын үр дүн төдий чинээ сайн байна шүү дээ. Тиймээс шинээр ажилд орсон даруйдаа өөрийн гэсэн анхаарал төвлөрүүлэх, үр дүнтэй ажиллах зарчимтай болохыг зөвлөж байна. Хэрэв та анхаарал төвлөрөлтөө сайжруулахыг хүсвэл бидний бэлтгэсэн нийтлэлийг ЭНД дарж уншаарай.
3. Авахыг нь авч хаяхыг нь хая
Энэ үеийн залуус ажлын байран дээр ч гэлтгүй аливаа хүрээлэлд үзэл бодлоо илэрхийлэхдээ айж сандралгүй илүү чөлөөтэй харилцдаг. Мөн нийт 50 оронд хийгдсэн судалгаанаас харахад дээр дурдсан бүхнээс хамааран “Z” үеийнхэн илүү даяаршиж, эх оронч ба үндсэрхэг үзлээс холдсон байдаг байна. Гэвч энэ нь өмнөх үеийнхэнтэйгээ үзэл бодол зөрчилдөх, тэдэнд “том толгойтой” санагдуулах эрсдэлтэй. Тиймд өөрийн бодлыг бусдад тулгах, тэдний хэлснийг ч яг таг зөв гэж хүлээж авахгүй байх нь зөв алхам болно. Аливаад уужуу хандаж, өмнөх үеийнхнийхээ үзэл бодлыг хүндэтгэн авахыг нь авч, хаяхыг нь хаяж сураарай.
4. Сахилга бат
Ажил гэдэг ёс зүйн утгаараа асар том хариуцлага мөн. Найз нөхөдтэйгөө гарч, тоглож наадаад маргааш нь хэнэггүй хичээлээ тасалдаг байсан үе ард хоцорсон шүү дээ. Орой эрт унтаж, өглөө эрт сэрээд, ажилдаа хоцролгүй очих нь шинэ ажилтны хувьд хамгийн чухал мөрдөх хуваарь. Нэг ёсондоо өөртөө “сахилга бат”-ыг бий болгох нь зүйтэй. Аливаа зүйлийг олон удаа давтаж хийсэн тохиолдолд тэр нь таны “тав тухтай” бүс болдог. Жишээ нь орой 23 цагт унтахыг хичээсэн ч нэг мэдэхэд л 00, 01 цаг болсон байдаг нь тархи өмнө нь энэ цагаар амардаг байсан тул ингэж унтах нь зөв гэж хүлээж авсныг байдаг байна. Өөрөөр хэлбэл 23 цагт унтах нь танд таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Гэхдээ үүнийг эсрэгээр нь хийж заншвал 23 цагаас нэг л цаг хэтрэхэд таны тархи автоматаар тухгүй болж, унтах процесс эхлэх юм. Аливаа үйлдэл бүр яг үүнтэй адил. Ажилд орсон даруйдаа өөрийн мөрдөх дадлыг бүтээж сахилга батыг бий болгоорой.
5. Тууштай байдал
Z үеийнхний ажлын байранд хамгийн ихээр шүүмжлүүлдэг зан чанар бол туйлбаргүй байдал. Гэхдээ энэ нь ажлын байранд үнэлэгдэхгүй байх, өөрийн хийхийг хүссэн зүйл нь биш байх, цалин бага зэрэг таамаглашгүй олон хүчин зүйлсээс шалтгаалж болно. Дуур дурдсанчлан z-үүд өмнөх үеийнхнийгээ бодвол “хайрцаглагдалгүйгээр” илүү чөлөөтэй сэтгэдэг болсон. Үүний нөлөөгөөр Z үеийнхэн нэг газраа удаан тогтвор суурьшилтай байхын оронд илүү дээр боломжийг хайн нэг газраас нөгөө рүү амархан шилжиж сурсан байдаг. 2022 оны хоёрдугаар сард Harris хэмээх хөдөлмөр зууч агентлагаас явуулсан судалгаанд 2019 оноос хойш хөдөлмөр эрхэлж байгаа 30-аас доош настай иргэдийн 45 хувь нь одоо ажиллаж байгаа газар нь өчүүхэн төдийд таалагдахгүй бол шууд гарах хүсэл төрдөг болсон гэж дурджээ. Эндээс харвал таатай ажлын орчин болоод шинээр хөгжих боломжийг эрэлхийлж байгаа залуучууд өмнөх үеийнхэн шигээ нэг газраа удаан тогтохыг хүсдэггүй болсон бололтой. Гэвч аливаа зүйл хоёр талтай. Том зургаараа шинийг эрэлхийлж, боломжийг хайж байна гэдэг сайшаалтай ч аливаад тууштай байдал ч амжилтыг авчирдаг гэдгийг мартаж болохгүй. Нөгөөтээгүүр ажлын туршлага гэх давуу тал танилцуулгадаа бичүүлэх нь алсдаа хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх