Таны хамтрагч бэлгийн харилцаанд ороход бэлэн байгаа эсэх, хүсэж байгаа эсвэл дургүй байгааг мэдэрч, ойлгохгүй, үл тоомсорлож мэдэх юм шүү. Хамтрагчтайгаа харилцан зөвшилцөлгүйгээр бэлгийн харилцаанд орох, бэлгийн үйлдэл хийх нь бэлгийн хүчирхийлэл, эсвэл бүр хүчинд тооцогдох эрсдэлтэй. Тэгэхээр хамтрагчаа хэрхэн “унших” вэ?
ТИЙМ+ТИЙМ=ТИЙМ
А тал зөвшөөрч, Б тал зөвшөөрч байвал хоёулаа хүсэж байна, хариу нь ТИЙМ гэсэн үг.
ТИЙМ+……=ҮГҮЙ
А тал зөвшөөрч харин Б тал хариулахгүй, эсвэл чадваргүй байвал юу гэж ойлгох вэ? ҮГҮЙ. Жишээ нь, хүн унтаж байхдаа, эсвэл согтуу, эрүүл ухаангүй байхдаа зөвшөөрөл өгөх чадваргүй байдаг. Үүнийг тийм-д тооцож болохгүй.
ТИЙМ+МЭДЭХГҮЙ=ҮГҮЙ
А тал зөвшөөрч, Б тал мэдэхгүй эсвэл эргэлзэж байвал хариу нь ҮГҮЙ гэсэн үг.
ТИЙМ+(ТИЙМ+ҮГҮЙ)=ҮГҮЙ
Энэ томъё жоохон ярвигтай. А тал зөвшөөрч харин Б тал зөвшөөрсөн ч явцын дунд бодлоо өөрчилбөл хариу нь ҮГҮЙ. Хоёулаа нэг оронд орсон ч таны бодол эсвэл нөгөө хүний тань бодол гэнэт өөрчлөгдөж татгалзвал зөвшөөрөл цуцлагдах болно.
ТИЙМ+ҮГҮЙ=ҮГҮЙ
А тал зөвшөөрч, Б тал зөвшөөрөхгүй бол мэдээж ҮГҮЙ. “ҮГҮЙ”гэдэг нь үгүй л гэсэн үг. Энэ нь маш энгийн.
МЭДЭХГҮЙ+МЭДЭХГҮЙ=ҮГҮЙ
Хоёулаа эргэлзэж байвал ҮГҮЙ.
ҮГҮЙ+ҮГҮЙ=ҮГҮЙ
Талууд бүгд үгүй гэвэл хариу нь мэдээж ҮГҮЙ.
Хамтрагчид бэлгийн харилцаа бүрийн өмнө зөвшөөрлөө харилцан илэрхийлснээр зөвшөөрөл дээр суурилсан харилцаа үүснэ. Бүхий л төрлийн бэлгийн харилцаа зөвшөөрөлд үндэслэх бөгөөд тохиолдлын, үерхдэг, эсвэл гэрлэсэн хосын удаан хугацааны хамтрагчдын харилцаа ч үүнээс ангид байх боломжгүй юм.
Дотно харилцааны зөвшөөрөл нь харилцааны тодорхой хэлээр “үгээр” илрэх ёстой бөгөөд ямар нэг асуултыг дагуулж, нууцыг агуулдаггүй. Чимээгүй, дуугүй байх нь зөвшөөрөл биш. Мөн таны өмнөх үйлдэл, биеэ авч явах байдал, хувцаслалт зэрэг нь зөвшөөрлийг тодорхойлохгүй.
Өөрөө зөвшөөрч, мөн зөвшөөрлийг асуух нь та өөрийн хувийн орон зайгаа тогтоож, мөн хамтрагчийнхаа орон зайг хүндэлж буй хэрэг юм.
Эх сурвалж: “Улаан булан” сэтгүүл, Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд ТББ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх