Нохойд хазуулсан скейтбордчин бүсгүй нүүрэндээ уруул шилжүүлэн суулгуулжээ


Сондор | YOLO.MN
2023-01-09

Скейтбордчин, модел Бруклин Хури дээд уруулаа нөхөн сэргээх хагалгаа хийлгүүлж, арьс шилжүүлэн суулгуулжээ. Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард питбул нохойн дайралтанд өртөж, дээд уруул болон хамрынхаа зарим хэсгээ харамсалтайгаар алдсан юм.

Тэрбээр мэс заслын өмнөх болон дараах үеийн зургаа сошиал хуудастаа хуваалцаж “Өмнө нь инээмсэглэж байснаас минь арай өөр” гэх тайлбарыг бичжээ.

Тэрбээр ТикТок видеондоо "Одоо би өөрөөр инээмсэглэдэг болсон. Урьд нь би инээсэн ч, инээгээгүй ч шүднүүд маань ил харагддаг байсан. Харин одоо уруул минь шүд далдалдаг болсон учраас илүү таатай санагдаж байна” гэв. Мөн эдгэрэх явцад ахиц дэвшил гарсаар анхных шигээ инээмсэглэдэг болно гэж найдаж байгаагаа хэлжээ.

Тэрбээр Инстаграмдаа "Би халдлагад өртснөөс хойш хэр хол явснаа өнөөдөр өөртөө сануулах хэрэгтэй боллоо. Гэрэл зураг, бичлэгээ эргэн харахад үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрж байна. Гэхдээ энэ нь миний амьдрал, цаг хугацааны үнэ цэнийн талаарх өнцгийг өөрчилж байна. Би ийм зүйл болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэхдээ би энэ бүх үйл явдлын дараа амьдралын талаар маш их зүйлийг олж мэдсэн. Чи юу ч туулж байсан тэр бүхэн илүү сайхан болж болно” гэжээ.

"Намайг халдлагад өртөх үед миний ирээдүй юу болохыг төсөөлөхөд үнэхээр хэцүү байсан. Надад сэтгэлийн их хүч чадал өгсөн Бурханд талархаж, миний амьдрал өсөн дэвжихэд минь тусалж, надад итгэж байгаа хүмүүстээ баярлалаа" гэжээ.

Эх сурвалж: People

#Мэдээ