Үзээд үз: Одод мэт гялалзах хайр


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-01-05

Уншигчдынхаа чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Үзээд үз” цуврал нийтлэл маань үргэлжлэн хүрэх болсныг та нартаа дуулгахад таатай байна. Энэ цуврал нийтлэлээрээ бид дэлхий дахинаа нээлтээ хийсэн сонирхолтой бүтээлүүдийг сорчилж танилцуулдаг билээ. 

Шинэ жил эхэлсэн, амралт ч давхацсан энэ үеэрээ сонирхолтой бүтээл үзье гэж төлөвлөсөн л биз дээ. Тэгвэл нэг анги алгасах нь битгий хэл гүйлгэж үзэхэд ч хайран “Love like the galaxy” буюу “Одод мэт гялалзах хайр” цувралыг санал болгоё. 

“Love like the galaxy” гэж юу вэ?

“Love like the galaxy” нь өнгөрсөн оны долоодугаар сард Iqiyi-гаар цацагдсан хоёр бүлэг 56 ангитай түүхэн цуврал юм. Бүтээл цацагдсан даруйдаа олны анхаарлын төвд орж драма сонирхогчдын ярианы сэдэв болоод байсан. 

Үргэлжлэх хугацаа: 45 минут

Үнэлгээ: 8.7

Гол дүрүүд: Wu Lei, Zhao Lusi

Яагаад үзэх ёстой вэ?

“Love like the galaxy” нь Ниао Ниао хэмээх охины ээдрээтэй амьдралын талаар өгүүлэх кино юм. Охины эцэг эх нь дайнд явснаас болж тэрбээр эмээ болон авга ахынхаа зальжин эхнэрийн гар дээр өнчин мэт өснө. Хайр халамжаар дутагдаж “Өөрөөс минь өөр хэн ч надад туслахгүй” гэсэн бодолтой өссөн охин 15 жилийн дараа эргэн уулзсан гэр бүлийнхэндээ дасах, ураг барилдах хүнээ сонгох зэргээр олон сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулахыг уг бүтээлээс үзэж сонирхоорой. 

Үргэлжлүүлэн тус киноны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.   

1. Дээд амжилт

Тус цувралын эхний бүлгийн нэг ангийн дээд үзэлт 314 саяд хүрч 2021 оноос хойш эвдэгдээгүй рекордыг эвдэж байв. Мөн ‘Tencent’-ийн 45 хоногийн дотор ЗУРГААН тэрбум үзэлттэй болсон анхны драма юм. 

2. Хамтрал 

Гол дүрүүд өмнө нь “Long ballad” гэх драмад хамтарч байсан. Тухайн үед Ү Лэй гол дүр, Лү Си туслах дүрийг бүтээж байв. Гэвч тэдний хамт тоглосон үзэгдэл тун цөөн байсан юм. Ниао Ниао-гийн адтай сэргэлэн төрх, Лин Бү И жанжны хүйтэн хөндий төрх бие биедээ сүлэгдсэн юм шиг уусаж чадсан эсэхийг киногоо үзэж мэдээрэй. 

3. Гэр орон, эцэг эх, хүлээлт, өөрчлөлт 

Бидний амьдрал заримдаа санасны зоргоор болдоггүй. Үүнтэй адил “Love like the galaxy” хаан суудлын төлөөх тэмцэл гэхээсээ илүүтэй нэгэн айлын амьдралын зөрчилдөөн дээр үндэслэн гол дүр асуудлыг хэрхэн шийдэж байгааг түлхүү харуулах учраас амьдралд илүү ойр санагдах дүрслэлүүд олон гарах болно. 

Хүлээлт ч гэсэн заримдаа өвтгөж болно. Ниао Ниао-гийн 15 жилийн хүлээлт түүнд бяцхан баяр баясал басхүү багагүй шаналлыг тээж ирэх болно. 

Өөрчлөлт хийх амархан. Ердөө бага зүйлээс л эхлэх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ яаж ч хичээгээд өөрчлөгддөггүй зүйлс байхад нүд ирмэхийн зуур өөрчлөгддөг зүйлс ч бас байна. Одод мэт гялалзах хайр киноны нэг, хоёрдугаар бүлэгт Ниао Ниао-гийн амьдралд дэндүү олон өөрчлөлтүүд тохионо. Зарим нь түүнийг жаргалтай болгож, харин зарим нь сэтгэлийг нь гүн гэгч нь шархлуулна. 

4. Хал нь гаднаа хайр нь дотроо

“Одод мэт гялалзах хайр” хоёр бүлгийн турш Ниао Ниао-г зовоогоод дуусах драма биш ээ. Гол болон туслах дүрүүдийн хөгжилтэй, сэтгэлд нэгийг бодогдуулам, бүр уур хүрээд утсаа шидмээр санагдам нэгэн хэвийн бус үзэгдлүүд ч мөн байна. Нэг ёсондоо “Гэнэтийн бэлэг” дүүрэн драма гэж хэлж болно. 

Кино танилцуулна гэчхээд бараг спойлер хийчихлээ гэж бодож байна уу? Энэ бол спойлер биш ээ, драма үзэх хүслийг чинь л өдөөсөн юм. Хэт олон юм нуршаад яах вэ, та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: mydramalist

#Кино урлаг