Бичвэр уншсанаар бие махбодод гарах ЭЕРЭГ өөрчлөлтүүд


YOLO.mn | YOLO.MN
2022-12-21

Бид ном уншихад л ой тогтоолт сайжирч, урт насалдаг гэж боддог ч сонин, сэтгүүл, зурагт ном зэргийг унших ч мөн эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөө үзүүлдэг байна. 

Ингээд та дараах нийтлэлээс унших нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг мэдэж аваарай. 

1. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРНА

2013 онд Gregory S. Berns, Kristina Blaine нарын эрдэмтэд хамтран роман, тууж зэрэг зохиолууд хүний тархинд ямар нөлөө үзүүлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд хэлний үйл ажиллагааг удирддаг тархины хэсгүүд идэвхтэй харилцаа холбоонд орж байсан нь тогтоогджээ.

Бид эдгээр төрлийн бичвэрийг уншсанаар тухайн дүрд төрж буй мэдрэмж, нөхцөл байдлыг нь ч мөн мэдэрч чаддаг. Ийм учир унших үед бидний тархины эсүүд идэвхтэй үйл ажиллагаанд орж, нэгэн төрлийн тархины дасгал болдог байна. 

2. СТРЕССИЙН ТҮВШИН БУУРНА

2009 онд өдрийн ангийн оюутнуудын дунд иог хийлгэж, бичлэг үзүүлж, мэдээ уншуулж стрессийн түвшинг нь тодорхойлсон байна. Хачирхалтай нь 30 минутын турш мэдээ уншсан оюутнуудын цусны даралт болон зүрхний цохилт мэдээ уншихаас өмнөх үеэс эрс буурч, стрессийн түвшин нь мэдэгдэхүйц хэмжээгээр багассан байв. 

Гэхдээ мэдээж мэдээ бүр таныг тайвшруулахгүй тул эерэг агуулгатайг нь сонгож уншихыг зөвлөж байна. 

3. УРТ НАСЛАХАД ТУСАЛНА

Унших нь тархинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй урт наслахад ч тустай. 2017 онд Avni Bavishi, Martin Slade нарын эрдэмтэд 12 жилийн турш хийсэн судалгаагаа тайлагнажээ. Тус судалгаагаар ном уншдаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл уншдаггүй хүмүүстэй харьцуулахад 20 хувиар бага байсан байна. 

Хэдийгээр ном, сонин, сэтгүүл унших нь таны насыг нэмэхгүй боловч эрүүл амьдралын хэв маягтай болоход тань туслах болно.

4. ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАР БУУРАХААС СЭРГИЙЛНЭ

Нас ахихын хэрээр бид суралцах, сэргээн санах, дүгнэлт хийх танин мэдэхүйн чадвараа алдаж байдаг. Гэсэн хэдий ч ном, сонин, сэтгүүл тогтмол уншдаг хүмүүс хөгширсөн ч энэ чадвараа алдах магадлал нь бага байдаг аж.

Кэмбрижийн их сургуулийн судлаачид ном унших болон танин мэдэхүйн чадварын хооронд уялдаа холбоо байгаа эсэхийг 14 жилийн турш судалжээ. Тус судалгааны үр дүнд долоо хоногт нэгээс илүү удаа ямар нэгэн төрлийн бичвэр уншдаг ахимаг насны хүмүүсийн танин мэдэхүйн чадвар нь буурах магадлал бага байсан байна.

5. ОЙ ТОГТООЛТ, АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ САЙЖИРНА

Бидний тархи булчин биш боловч бид тархиа булчин мэт хөгжүүлж байх хэрэгтэй. Туухай өргөх нь булчин чийрэгжүүлдэгтэй адил унших үед ой тогтоолт сайжирч, танин мэдэхүйн чадвар нэмэгддэг.

Хүмүүс ямар нэг бичвэр уншихдаа тархиндаа “газрын зураг” бий болгож байдаг. Энэхүү газрын зураг нь тус бичвэрийн талаар сэргээн санахад тусалдаг байна.

Мөн эрдэмтэн Sabrina Romanoff, “Тархи уншиж буй үгсээ өөрөө бичиж байгаа юм шиг л боловсруулдаг. Харин энэ үйл явц нь анхаарал төвлөрөлтийг шаарддаг. Тиймээс ямар нэг бичвэр унших нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх дасгал болдог” хэмээсэн юм.

Эх сурвалж: Insider

#Зөвлөгөө