Уржигдар дэлхий даяар хөл бөмбөг сонирхдоггүй хүн ч хэсэг ажаад суухад дэлгэцээс хараа салгаж чадахгүй догдолж, фанатууд хөлөрсөн алгаа хавсран, уухайлан баярлан дэвхцэж, нэг хэсэг нь гунигтай ч заримынх нь хувьд хүсэн хүлээсэн аз жаргалтай өдөр боллоо.
Лионель Месси энэ цаг үеийн хөл бөмбөгийн спортын хамгийн шилдэг тамирчин гэдгээ ДАШТ-ий эцсийн тоглолтод баталсан юм. Түүний намтар, спортын замнал, гэр бүлийнх нь талаар зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Нэр: Лионел Андрес Месси Куччиттини
Нас: 35
Өндөр: 170 см
Нүд, үсний өнгө: Хар
Хоч: Лио, Атомын хорт хавдар, Бүүрэг /La Pulga/, Мессидона (Түүнийг дараагийн Марадона хэмээдэг учир ийнхүү хочилдог)
Хобби: Видео тоглоом тоглох, хөгжим сонсох
Гэр бүл: Эхнэр, гурван хүүтэй
Гарын үсэг:
2009, 2010, 2011,2012 оны Дэлхийн хөл бөмбөгийн холбооны шилдэг хөл бөмбөгчин тэрбээр 1987 оны 6 дугаар сарын 24-нд Аргентин улсын Санта-Фэ мужийн Росарио хотод төржээ.
Түүний аав ган хайлшийн комбинатын ажилчин Хорге Горацио Месси, ээж нь Селия Мария Куччиттини гэрийн эзэгтэй. Мөн тэрбээр Родриго, Матиас гэж хоёр ахтай бөгөөд Мария Соль хэмээх эмэгтэй дүүтэй ажээ. Хамгийн том ах нь түүний бизнесийн менежер хийдэг бол удаах ах нь мэргэжлийн брэндүүдийн менежерээр ажилладаг байна.
ТЭРБЭЭР БАГАДАА ӨСӨЛТИЙН ГОРМОНЫ ДУТАГДАЛД ОРЖ БАЙВ
Дөрвөн настай Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөл бөмбөг тоглож эхэлжээ. Дараа нь 1995 онд Ньюэллс Олд Бойз багт оров. Гэвч 10 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал өвчтэй болжээ. Хэдийгээр Ривер Плэйт баг түүнийг ихээр сонирхож байсан ч хүүгийн сард 900 доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин Барселона багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч хэрвээ Барселона багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцахаар болсон байна. Хэрэв Месси эмчилгээ хийлгэж чадаагүй бол одоогийнхоос ч намхан байх байв.
Месси 13 насандаа Испани улс руу эцэг эхийн хамт нүүж ирж Барселона багийн залуучуудын шигшээд орж тоглож 2004 оны 10 дугаар сараас тус багийн үндсэн тоглогчийн гараагаа эхлүүлсэн.
Тэрбээр анх 2004-05 оны улиралд Барса-д анхны тоглолтоо хийсэн бөгөөд залуу тоглогчоос дэлхийн шилдэг хөлбөмбөгч болтлоо дэвшсэн. 2006, 2007 онд түүний амжилт эхэлж Эл Класико-д хет-трик хийж, "Ла" лигийн 26 тоглолтод 14 гоол оруулсан байна. Түүний өсөлтийн хамгийн амжилттай жилүүд нь 2008-2009 оны улирал байсан бөгөөд 38 гоол оруулж Барселона багт 6 цомыг хүртсэн билээ. Тэрээр амжилтаа улам ахиулсаар 2011-2012 оны улиралд нийт 53 гоолыг оруулжээ.
Месси мөн 2005 оны ФИФА Залуучуудын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины багтай түрүүлж, шилдэг тоглогч, шилдэг мэргэн буучийн шагналыг хүртсэн. 2008 зуны олимпоос мөн Аргентины хөлбөмбөгийн багтай алтан медаль хүртэж олимпын аварга болжээ.
Тэрбээр 2010 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн хүндэт элч төлөөлөгч болсон ба өөрийн "Leo Messi Foundation" сангаараа боловсрол болон эмчилгээний тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тусалдаг.
2020 онд Мессиг Forbes сэтгүүл дэлхийд хөл бөмбөгийн спортоор 1 тэрбум ам.доллар олсон хоёр дахь хүн болсныг зарлаж байв.
НАЙЗЫНХАА ҮЕЭЛТЭЙ ТАВАН НАСТАЙДАА АНХ ТАНИЛЦСАН НЬ ТҮҮНИЙ ИРЭЭДҮЙН ГЭРГИЙ БАЙВ
Хөл бөмбөгчний хувьд шилдэг гэдгээ баталсаар ирсэн Мессигийн гэр бүлийн амьдрал нь ч тогтвортой, элдэв асуудалд орооцолддоггүй, үнэнч эр хэмээн олонд хүндлэгддэг. Гурван хүүгийнхээ ээжтэй анх таван настайдаа танилцаж байжээ. Сайн найз Лукас Скаглиагийн үеэл охин хожмоо түүний гэргий болсон юм. Хэдийгээр тэд бага насандаа энгийн нөхөрлөлтэй байхад тамирчин хүү Испанид хөл бөмбөгийн бэлтгэлээ хийхээр 13 настайдаа гэрээсээ явжээ. 2005 онд охины хамгийн сайн найз нь автомашины ослоор нас барсныг Месси сонсоод тэд дахин холбогдож түүнээс хойш хайр дурлалын харилцаа нь эхэлжээ.
Гэргий Антонела Рокуццо Мессигээс нэг насаар дүү юм. Месси “Түүнд минь олон сайхан чанарууд бий. Тэр нь аливаа асуудлыг шийдвэрлэх байдал гэх мэт бидний өдөр тутмын амьдралд ажиглагддаг ба тэр үргэлж сайхан сэтгэлтэй байдаг. Тэр бол амьдралын бүхий л зүйлд маш их ухаантай ханддаг хүн" хэмээн эхнэрээ магтаж байв.
ГООЛ ХИЙСНИЙХЭЭ ДАРАА ТЭНГЭР ӨӨД ЗААДАГ НЬ УЧИРТАЙ
"Таны амьдралын хамгийн жаргалтай хийгээд гунигтай үе хэзээ байв" хэмээх асуултад Месси “Хамгийн баяртай үе эмээтэйгээ хамт хөл бөмбөг үзэж байсан өдөр. Амьдралын хамгийн гунигтай үеэ эмээгээ алдахад мэдэрсэн” гэж байв. Түүний хувьд эмээ нь хамгийн эрхэм нэгэн байв. Бага насных нь хөл бөмбөгийн бэлтгэл, спортын замналд нь хамгийн их тус болсон эмээдээ Месси маш их хайртай байсан. Эмээгээ өөд болсноос хойш тэрбээр гоол оруулах бүрдээ тэнгэр өөд заан талийгаач эмээдээ хүндэтгэл үзүүлдэг болжээ.
16 настай Мессиг хөл бөмбөг тоглож байхыг анх харсан Роналдино багийнхандаа “Ирээдүйд Месси надаас хэд дахин илүү мундаг тамирчин болно” хэмээн магтан зөгнөж байжээ.
Тэрбээр Аргентиний төрийн дуулал эгшиглэхэд дуулдаггүй байсан бөгөөд энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс ямар ч бодолгүйгээр над руу дайрах нь намайг бухимдуулдаг. Би төрийн дууллаа зориуд дуулдаггүй юм. Үүнийг чин зүрхнээсээ мэдрэхийн тулд заавал дуулах шаардлагагүй гэж боддог. Хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдэрдэг, би дотроо мэдэрчихдэг. Зарим тамирчин уйлдаг, энэ мэдээж хэвийн. Миний хувьд үндэсний шигшээ багтайгаа хамт тоглох нь нэн тэргүүний зорилго бөгөөд ялахын төлөө чадах бүхнээ зориулдаг” гэжээ.
Түүний амжилтууд:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх