Бидний суралцсан түүх: Youtuber болсон нь


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-01-03

Аливааг бие даан сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Өөрийн гэсэн хобби, сурах хүсэл тэмүүлэлтэй байх сайхан. Ингээд “Бидний сурсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт контент бүтээгч youtuber-үүдийг онцолж байна.

 Мөнхзул @luminousml_

Намайг Мөнхзул гэдэг. 19 настай. Түр зуур “Youtube”-ээсээ завсарлага авсан байгаа. 

Би өөртөө асуулт тавьж, олон зүйлийг эргэцүүлж боддог. Үүндээ ч хариулт олох гэж аль болох онолын ном уншихыг хичээдэг л дээ. Бас би ихэнх амьтдаас харшилтай ч малын эмч болохыг хүсэх хэмжээний амьтанд хайртай. Эзэнгүй амьтад, муур нохойнд хоол өгөх гэж хийж авч явдаг. Багадаа галуу, муур, тоть, усан хулгана, загас гээд л тэжээж болох бүх л амьтдыг тэжээж үзэж байсан. 

Бага дунд сургуулиа Солонгос улсад төгссөн. Харин ахлах сургуулиа Солонгосод ч Монголд ч төгссөн. Солонгост шалгалт өгөөд ахлах сургуулиа төгсөх боломжтой байдаг. Тийм болохоор надад хоёр улсын ахлах сургууль төгссөн гэрчилгээ бий. 

Зургаадугаар ангидаа бичлэг хийж үзсэн. Гэхдээ Монгол биш Солонгос хэл дээр. Хоол хийж байгаагаа, өдөр тутмын үйл ажиллагаагаа харуулсан “Reels” тухайн үед тренд болж хүүхдүүд ч тийм бичлэг их хийдэг байлаа. Би ч гэсэн тухайн үед тийм бичлэг хийх сонирхолтой байсан. Мэдээж бичлэг бичих туршлага байгаагүй ээ. Ээжийнхээ хийж байгаа хоолыг, өөрийн хийж байгаа өдөр тутмын үйл ажиллагаагаа богинохон бичдэг байсан.  

Youtube-ийг олон удаа оролдож үзсэн. Анх зургаадугаар ангидаа нэг суваг нээгээд бичлэг хийдэг болсон юм.  Дараа нь 2017 онд Солонгос хэл дээр Монгол улсын талаар бичлэг хийдэг байсан. 2018 оноос одоогийн суваг болох MunhZul-ыг нээж Монгол хэл дээр бичлэг хийж эхэлсэн. Гурван youtube сувгаас маань ганцхан MunhZul  Монгол хүүхдүүдэд зориулсан Монгол хэл дээр бичлэг хийдэг суваг. 

Анх бичлэг хийж эхэлж байхад надад мэдээж камер байгаагүй болохоор утсаараа бичлэгүүдээ хийдэг байсан. Бас тухайн үед Selfie hand ашиглаж утсаа тогтоох гэсэн ч миний selfie hand ерөөсөө газар тогтдоггүй бэрхшээл тулгарсан. Анхны видео маань Солонгос дахь амьдралын тухай байсан санагдаж байна.

Гэхдээ инээдтэй. Газар сууж байгаад хоёр хөлийнхөө завсарт Selfie hand-аа хийгээд бичлэгээ бичиж байсан юм. 

Миний хувьд олон янзаар бичлэгээ хийдэг. Ганцхан кпоп ч биш олон сэдвээр бичлэг хийхийг хичээнэ. Гэхдээ хүмүүсийн хамгийн их санал болгосон сэдвээр дараагийн контентоо хийхийг хичээдэг.

Санал болгосон сэдвүүдийг харж байгаад хамгийн түрүүнд тухайн сэдвийн талаар судалгаа хийнэ. Мэдээллээ цуглуулж, тодорхой ойлголттой болсны дараагаар контентынхоо текстийг гаргадаг. Үүний дараа ашиглах зураг, бичлэгүүдээ олж бэлтгэнэ. Нэг бичлэг бэлтгэж бичихэд 3-4 өдөр болдог. Эдит хийж бичлэгээ янзалбал 7 хоног орчмыг нэг л бичлэгт зарцуулна гэсэн үг.

MunhZul суваг маань 4 жил болж байна. Бичсэн хэр нь цацаагүй бичлэгүүд олон байдаг. Цацаагүй шалтгаан нь зарим бичлэг дэх миний дуудлага таалагддаггүй. Би бөөрөнхий хэлтэй болохоор зарим бичлэг дээрээ үгээ сонин дуудчихсан байдаг. Хоёрт гэвэл мэдээллээ ярьж байхад дутуу ярьсан, эдит хийх боломжгүйгээр алдсан бол бас бичлэгээ цацдаггүй. “Контентын маань чанар надад таалагдахгүй бол өөр хүнд таалагдахгүй шүү дээ” гэж боддог. Цацаагүй 40 гаруй бичлэг бий. 

Бичлэгийнхээ эдитийг би MacBook дээр “Final Cut Pro” программыг ашиглаж хийдэг. Үнэгүй эдитинг программууд байдаг ч гэсэн миний хувьд төлбөртэй программ ашиглахад хялбар санагддаг юм. Харин сүүлийн үед надад утсаараа бичих нь илүү хялбар санагдаж байгаа. Камераар бичвэл линз, фокус алдагдах, бичлэгээ алдах ч гэх юм уу жижигхэн асуудлууд үүсдэг болохоор утсаараа бичлэгээ бичиж байна. 

Youtube дээр бичлэг хийж эхлээд би өмнөхөөсөө сэтгэл хангалуун нэгэн болсон гэж боддог. Намайг хайрлаж, дэмжиж буй хүмүүсийг хараад урам зориг авч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийгөө илүү үнэлэж, хайрлах болсон. 

Надад хамгийн сүүлд оруулсан бичлэг маань их таалагдаж байгаа. Нэг ч эдит ороогүй, “Солонгос Монголын эрлийз хүүхэд байх 18 жилийн амьдрал” гэдэг сэдэвтэй бичлэг юм. Дөрвөн жил бичлэг хийх хугацаандаа анх удаа өөрийнхөө талаар гүн гүнзгий яриа өрнүүлж бүтээсэн контент хийсэн гэхэд болох байх. Удаан хугацаанд бичье гэж бодож явсан бичлэг л дээ.  Хүмүүст ч их хүрсэн болохоор яах аргагүй сэтгэлд үлдсэн бичлэгүүдийн минь нэг болсон. 

Би энэ жил 12 дугаар ангиа төгссөн. АНУ-руу бүртгүүлэхээр бэлдэж байна. Бүртгэлийн хамгийн сүүлийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 31. Энэ зуны туршид, одоо байгаа энэ цаг хугацаанд ч би маш олон зүйлсэд суралцсан, арван хоёр жилд сураагүй зүйлсээ ч гэсэн. Тиймээс суралцсан зүйлсээрээ чанартай бичлэг оруулъя гэж бодож байна. Хурдан үзэгчидтэйгээ уулзмаар байна гэсэн сэтгэлээр дутуу дулимаг бичлэг оруулахыг хүсэхгүй байна. Тэгээд л түр зуур Youtube-ээсээ завсарлага авсан нь тэр. 

Өмнө нь миний бичлэгүүд ихэвчлэн кпопийн талаар байдаг байсан бол цаашдаа нэг сэдэв дээр гүнзгий мэдээлэл өгсөн бичлэг хийхээр төлөвлөж байгаа. Мөн бичлэгтэйгээ холбоотой нэг Солонгос үгийг тайлбарлах ч юм уу хүмүүст мэдлэг олгох бичлэг хийхээр бодож байна. Жишээ нь “Extraordinary Attorney Woo” яагаад халим их гардаг вэ гэдгийг, хүний хөгжлийн тал дээр судалгаа хийсэн контент оруулахаар төлөвлөж байна даа. 

Энэ хүртэл уншсан, үзсэн та бүхэнд баярлалаа гэж хэлье. Мөн энэхүү нийтлэлийг уншиж байгаа танд цаашдын амжилт хүсье.

Youtuber болохоор төлөвлөж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Youtube-д хийхийг хүсэж байгаа зүйлсээ бага багаар тогтмол хийж, контент бүтээсээр байвал үзэх сонирхолтой хүмүүс бий шүү. Надаас хүүхдүүд хурдан олонд хүрэх бичлэгийн санаа асуудаг. Тийм сэдэв гэж байхгүй шүү дээ. Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа бичлэгээ хийх нь л чухал гэж бодож байна. “Би үүнийг л хийж чадна” гэсэн сэдвээ барьж аваад өөрийн гэсэн сэдэвтэй болбол давуу тал болдог юм билээ.. 

Ууганбаяр @kabtv_channel

Гурван жилийн өмнө Kab TV сувгаа нээж байсан. Gameplay бичлэг хийдэг, төдийлөн их үзэгчгүй байсан.  Би Red Burger сувгийг их үздэг л дээ. Бүх л бичлэгийг нь үзсэн. Ийм төрлийн бичлэг хийвэл болох юм байна даа гэж бодож байсан. Тухайн үедээ Gameplay бичлэгээ хийгээгүй удчихсан, бараг л хийхээ больчихсон байсан юм. Тэгээд л энэ оны дөрөвдүгээр сараас кино ярих бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийж эхлэхийн өмнө миний subscribe 100 гаруйхан л байсан. Хоёр гурван бичлэг цацсаны дараагаар үзэлт ихсээд, хүмүүс ч урмын үгтэй сэтгэгдэл их бичээд эхэлсэн л дээ. 

Одоогийн байдлаар би бичлэгээ хийхдээ “Preimer pro” программыг ашиглаж байна. Ингэхийн тулд юуны түрүүнд киногоо 2-3 удаа үзэж ойлгоод бичвэрээ боловсруулдаг. Preimer pro программ дуу хураах боломжтой болохоор программ дээрээ шууд дуугаа оруулдаг. Үүний дараа аудиогоо янзална. Тэгээд киноны дүрсээ яриандаа тохируулж засварлана. Улмаар хамгийн сүүлийн удаа дахиж янзлаж, энкод хийгээд нэг бичлэг бэлэн болно. 

Хоолойгоо бичихдээ ямар нэгэн эффект ашигладаггүй. Миний ярьдаг кинонууд ихэвчлэн нууцлагдмал, гэмт хэрэг, далд утгыг агуулсан, адал явдалт төрлийн кинонууд байдаг. Намуухан дуугаар ярихгүй бол тухайн киноны мөн чанар алдагдах юм шиг санагдна. Хоолойгоо зөөллөөд аль болох намуухан өнгө аясаар ярихыг хичээдэг. Энгийн үед ярьдгаас хоолой маань өөр сонсогддог шүү. 

Мэдээж өөрийнхөө сонирхолд тулгуурлаж киногоо сонгоно. Хамгийн анх би " Triangle " киног ярьж байсан. Багадаа үзэж байсан ч  киногоо бүрэн ойлгоогүй “Аймшгийн кино байна даа” гэж бодоод л өнгөрсөн. Том болсон хойноо дахиад үзсэн ч гэсэн сайн ойлгоогүй. Хоёр ч үзсэн ч гэсэн ойлгоогүй болохоор сонин санагдсан шүү. Тэгээд бүр гуравдахаа, дөрөвдөхөө үзэж байж бүтэн ойлгосон. "Triangle "-ийг ойлгосныхоо дараагаар эхний үзэлтээр бус давтаж үзэж байж ойлгодог, анхаарал шаарддаг киног өөрийнхөө ойлгосноор яривал гоё юм байна гэж бодоод энэ чиглэлийн киног ярих гэж хичээдэг болсон. 

Надад таалагдсан ч гэсэн ярихад хэцүү кино гэж байдаг. Заавал тухайн киног үзэж байж тэр кино танд өгөх мэдрэмжийг мэдэрдэг кинонууд. Ийм төрлийн киног яривал би тухайн киноноос өгөх мэдрэмжийг үзэгчдэдээ хүргэж чадахгүйгээс гадна агуулга нь бага зэрэг утгагүй болчихдог. Харин үйл явдал цаг, хугацааны дараалалтай киног ярихад тохиромжтой байдаг. 

Эхний бичлэгүүд дээр “Red Burger-ийг дуурайсан байна” гэсэн сэтгэгдэл их ирсэн. Гэхдээ би ач холбогдол өгөөгүй ээ. “Red Burger”-ийг харж, санаа авсан нь үнэн шүү дээ. Ихэвчлэн эерэг хандлагатай сэтгэгдэл ирдэг нь баярламаар... 

Бас би Солонгос кино үзэх дуртай. Нэг ангит, цуврал кинонууд байнга үздэг. Европ кинонуудын үйл явдлыг нь таамаглахад хялбар байдаг. Сүүлийн үеийн Солонгос кинонууд эсрэгээрээ таамагласнаас хол төгсгөлтэй болчихсон шүү дээ. Тийм болохоор шимтэж үзэж байгаа. 

Одоо харахад би анхны бичлэгүүд дээрээ дуугаа тохируулж чаддаггүй байсан юм шиг санагддаг. Нэг бол чанга нэг бол сул тавьчихдаг. Харин сүүлийн бичлэгээ заавал 2-3 удаа үзэж хянаад дуугаа оруулж байгаа.Туршлагажаад л байна гэсэн үг. 

Бас одоог хүртэл миний сурахгүй байгаа бас нэгэн зүйл бол бичвэр. Киногоо үзэж байхдаа би бичвэрээ өөрийнхөө ойлгосноор буулгадаг. Харин дараа нь дуугаа хураах гээд шууд уншихаар нэг л биш болчихно. Уншвал ойлгох хэдий ч ярихад тохиромжгүй бичвэр гэх юм уу даа. Тийм болохоор дуугаа хураахдаа дахиад засаж цаг их алддаг. Дуугаа хураахдаа зориулж бичвэрээ эхнээс нь гаргах тал дээр одоо голчлон анхаарч байгаа. 

Youtuber болохоор төлөвлөж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Ийм төрлийн контент хийж эхлэх хүсэл эрмэлзэлтэй нэгэн байгаа бол тууштай байх хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь би анх удаа бичлэг оруулахад 10, 20 үзэлттэй л байдаг байсан. Өөрийнхөө Facebook шейр хийгээд найзууд маань л үздэг байсан. Тууштай хийгээд 3, 4 бичлэгийн ард гарсны дараагаар хүмүүс үзэж эхэлсэн. Алдана гэж санаа зоволтгүйгээр зоригтой, тууштай хийгээрэй гэж зөвлөмөөр байна. 

Г.Бөридэм @buriiiii

2020 оны 10 дугаар сараас бичлэг хийж эхэлсэн. Тухайн үедээ үерхдэг байсан охиндоо хаягдсан байлаа. Тийм үе заримдаа хүнд эрч хүч өгдөг шүү дээ. Тэр эрч хүчээрээ контент хийж эхэлсэн гэхэд болно. Өөртэйгөө адил төрлийн контент хийдэг Япон youtuber-ийн бичлэгийг үздэг байсан л даа. Монголд ч энэ төрлийн контент хомс. Байгаа хэдэн номын тухай контентууд нь харьцангуй урт хугацаатай, сонсож дийлдэггүй байсан. Ийм төрлийн контент хийх бодол ер нь байсан. Харин тухайн үйл явдал түлхэц болсон юм болов уу гэж боддог. 

Шангриллагийн 4 давхарт технологийн хэрэгсэл зардаг дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрээс 120 мянгаар микрофон аваад, ганц микрофонтойгоо л эхэлж байсан. Интернэтээс эдит хийх программ судалж байгаад хууль бусаар “Wondershare Filmora” программыг аваад эдит хийх болсон. Одоо харахад инээдтэй шүү. Чанаргүй, ярьж байгаа зүйл нь худлаа уншаад байгаа ч юм шиг. Харин тухайн үедээ бичлэгээ цацчихаад “Алаад өглөө” гэж л бодож байсан. 

Номын тухай ч гэлтгүй Youtube дээрээ оруулж байгаа контентууд маань нэг хэв маягаар явдаг. Эхний ээлжид заавал текстээ бэлднэ. Ажлын маань 60-70 хувь нь текст болдог. А-Я хүртэл бүх текстээ буулгана. “Яавал илүү сонирхолтой болох вэ” гэж л тархиа их гашилгалдаг. Текстээ биччихээд подкаст байх юм бол микрофоноо, видео контент байх юм бол камераа гаргаж ирээд ярина. Миний бичлэгийн эдит харьцангуй хялбар. 

Миний хувьд өмнө нь ном уншдаггүй байсан. Яагаад ч юм “Ад үзэгдэх зориг” гэдэг номыг уншиж эхлээд номын сайхныг мэдрээд тогтмол уншдаг болсон. Одоо бол долоо хоногт нэг удаа тогтмол уншдаг. Нэг ном уншаад л шууд үр дүн нь мэдрэгдэнэ гэж байхгүй шүү дээ. Ном уншина гэдэг урт хугацаанд үргэлжлэх процесс. Одоо би ном уншиж эхлээд 2 жил болсон байна. Ахиад 2 жилийн дараа ном уншдаг би, уншдаггүй байсан би хоёрын хооронд их ялгаа гарах байх гэж боддог. 

Youtube нь өөрийнх нь үндсэн ажлаас илүү орлоготой болоод эхлэхээрээ ажилдаа төвлөрч чаддаггүй асуудлууд гардаг байх гэж би боддог. Ажлаа хийж байгаа үедээ “Энэ долоо хоногт ямар контент хийх вэ”,  “Тэр хүнтэй хэзээ уулзах вэ”, “Тэр компаниас авсан саналыг яаж хүлээж авах вэ” гэдэг ч юм уу контентоос гадна цаг зарцуулах олон үйл ажиллагаатай болчихдог. 

Өөрийнхөө хийж чадаж байгаа зүйлээ аль болох бусдад үнэгүй түгээх, өгөх ёстой гэж боддог. Ямар нэгэн сургуулиас эсвэл хаа нэг газраас ярилцлага авъя гэхэд би хэзээ ч төлбөр асууж, татгалзаж байгаагүй. Хэчнээн завгүй байсан ч гэсэн. Хүний аз жаргал хаанаас эхэлдэг вэ гэвэл “Хуваалцах” үйл явцаас эхлэх болов уу. Би өөрөө хэчнээн гоё байсан ч аз жаргалыг хэмжиж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Бүгд нэг л цэг дээр дуусна. Гэхдээ хэн нэгэнд ямар нэгэн зүйл өгөөд “Нэг ч гэсэн хүнд тус болж чадаж байгаа юм байна даа” гэсэн аз жаргалын мэдрэмж бол хязгааргүй юм шиг санагддаг. 

Хамгийн баян гэр бүл гэж олонд танигдсан гэр бүлийн нэг хүн ингэж хэлсэн байдаг. Нөхөр өөрөө амьд байхдаа сайн дурын ажил их хийдэг байсан. Бусад хүмүүс баян болохоороо сайн дурын ажил хийх боломжтой байна гэж их хэлдэг байсан. Гэхдээ баян байхдаа гол нь биш шүү дээ. Тэр хүн өөрөө ядуу байхаасаа эхлээд орлогынхоо 10 хувийг сайн дурын ажилд зориулдаг байсан. Бид нар чинь хүнд мөнгө өгөх хэмжээний мөнгөтэй байна гэдэг чинь ховор тохиолдол. Ялангуяа Монголд бол. Заавал мөнгөөр биш гэхэд бусдаас арай илүү орчинд өссөн нийгэмдээ өөрийнхөө азаасаа хуваалцах ёстой гэж боддог.

Би Зориг сангийн нэгэн хөтөлбөрт оролцоод сайн дурын ажил хийж байсан. Түүнээс гадна асрамжийн газарт бүжиг зааж байв. Саяхнаас “Global Ships” гээд сайн дурын байгууллагат ороод явж байна.

Миний хувьд ер нь л тогтмол хөдөлгөөн хийдэг. Оюутан байхдаа бүжиглэдэг байсан. Одоо бол идэвхтэй бүжиглэхгүй байгаа. Идэвхтэй бүжиглэхээ больсны дараа фитнесээр хичээллэж эхэлсэн. Сүүли йн үед фитнесээ болиод бокс сонирхолыг минь татаж байгаа. Биеэ хөдөлгөж амралтын мэдрэмж авдаг болохоор ийм төрлийн хоббинд дуртай. 

Би анх 23 насандаа Youtube дээр бичлэг хийж эхэлсэн. Хоцроод эхэлсэн юм шиг санагддаг байсан ч үгүй юм байна лээ. Саяхнаас Япон нэг суваг үздэг болсон. Тэр youtuber орон гэргүй, 60 гаруй настай. Бичлэг хийж эхлээд 2, 3 сарын дотор 300 мянган дагагчтай болсон. Тиймээс би хөгшин, би залуу гэсэн зүйл байхгүй гэж бодож байна. Бүх хүмүүст нээлттэй зүйл шүү дээ. 

Одоохондоо контентоо хийхээ болих бодол байхгүй байгаа. Контент хийх процессыг би гоё гэж хэлэхгүй. Хүмүүс бодохдоо өөрөөр боддог. Гэхдээ үгүй. Өдөржин шөнөжин хэлэх үгээ бодоод л, эдит хийгээд л дизайнерын ажлаас ялгаагүй ажил. Хэчнээн жаргалтай процесс биш ч гэсэн хүмүүс сэтгэгдэл бичихэд, бас хамгийн гол нь би хийэ буй зүйлээсээ кайф авдаг. Энэ кайфыг мэдэрсээр ч байгаа, мэдрэхийг хүссээр ч байгаа болохоор зогсоох бодол байхгүй ээ. 

Youtuber болохоор төлөвлөж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Олон зүйл бодоод, өөртөө төгс шаардлага тавиад, хийнэ гэж бодоод эхлээгүй хүмүүс 95% хувь юм шиг санагддаг. Мэдэхгүй ч байсан хамаагүй Google-ээс хайгаад нэг өдрийн дотор видео хийж болно шүү дээ. Заавал микрофон авах ч шаардлага байхгүй. Утасныхаа микрофон дээр тохируулаад биччих. Ямар ч гэсэн эхлүүлчхээд дараа нь яах вэ гэдгээ бодвол зүгээр гэж боддог. Хамгийн эхний контентыг угаасаа хэн ч үзэхгүй. Тийм болохоор төгс байх гээд хичээх шаардлагагүй. Ямар ч байсан оролдоод үзэх нь л чухал юм шүү.

#Ярилцлага