Дуучин Селин Дион ховор тохиолддог мэдрэлийн эмгэгтэй болжээ


Сондор | YOLO.MN
2022-12-09

Селин Дион ховор төрлийн мэдрэлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон талаараа ярьжээ.

Эмгэгийн улмаас дахин дуулах боломжгүй болсон тул Европт хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтуудаа цуцалжээ.

Энэхүү эмгэг нь сая хүнд нэг удаа тохиолддог ховор төрлийнх аж.  54 настай дуучин өөрийн албан ёсны инстаграм хуудсандаа энэ талаар ярьсан бичлэгээ оруулжээ. Тэрбээр  "Энэхүү ховор тохиолдлын талаар би судалсаар байгаа.  Харамсалтай нь саажилт миний өдөр тутмын амьдралын бүхий л хэсэгт нөлөөлж, заримдаа алхахад  ч хүндрэл учруулж, эмч нар дуулахыг минь хориглосон" гэжээ.

"Мэдрэлийн эмгэг, цус харвалт судлалын үндэсний хүрээлэн"-гийн мэдээлснээр, хөшүүн хүний хам шинж нь мэдрэлийн систем, ялангуяа тархи, нугасны системд нөлөөлдөг ховор, хүндрэл ихтэй гэнэ. Булчин чангарах, их бие, мөчрөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, хөдөлгөөний чадварыг ноцтой бууруулдаг байна. Тусгай эмчилгээ  байдаг ч тэр нь шинж тэмдгүүдийг бууруулахаас өөрөөр эмгэгийг бүрэн эмчлэх боломжгүй аж.

Дион хэсэг хугацаанд уг өвчинтэй тэмцэж буй талаараа дурдаад, эмнэлгийн ажилтнууд, баг хамт олон, хүүхдүүдийнхээ дэмжлэгийг маш их хүртэж буй талаараа ярьжээ. Тэрбээр "Би өөрийн хүч чадлаа эргүүлэн олж, тайзан дээр дахин гарахын тулд өдөр бүр спортын эмчтэйгээ шаргуу хичээж байна. Гэхдээ энэ нь маш хэцүү байсан. Би та бүхнийг маш их санаж байна. Тайзан дээрээс та нарыгаа харж, бүгдэд нь зориулан тоглолтоо хийгээд зогсох өдөр ирнэ гэж итгэж байна. Би аливаа шоугаа хийхдээ үргэлж өөрийгөө 100 хувь дайчилдаг, гэвч миний одоогийн нөхцөл байдал надад тийм боломж олгохгүй байна” гэжээ.

Тэрбээр сошиал хуудсаар дамжуулан хайр, дэмжлэг үзүүлж, урам зориг хайрласанд шүтэн бишрэгч, дагагчдадаа талархал илэрхийлэв.  Тэрбээр эцэст нь “Өөрсдөдөө анхаарал тавь. Эрүүл саруул сайн сайхан байгаарай. Би та нарт маш их хайртай, удахгүй дахин уулзана гэж найдаж байна” гэжээ.

Селин Дион 2023 оны хаврын шоунуудыг 2024 он хүртэл хойшлуулж, зун хийх байсан найман тоглолтоо цуцалснаа мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

#Оддын тухай