Шинэ жилийн сар эхэллээ. Арванхоёрдугаар сар гарав уу үгүй юу ажлын газар, сургуулиуд шинэ жилийн хүлээн авалтуудаа ар араас нь зохион байгуулдаг. Энэ үед эмэгтэйчүүдийн бодолд уяатай явдаг гол асуудал бол “Юу өмсөх вэ”. Иймээс хараахан даашинзаа сонгож амжаагүй охид бүсгүйчүүддээ дараах бяцхан санааг “шидье”.
Харахад яг л торт шиг хэдэн давхар цацагтай дэрвийсэн том даашинзнууд загварын чиг хандлагаас хэдийн холдсон. Нэмэлтээр мэдээж гоймон шиг ороосон үс, битүү цацсан саа хамтдаа улиран одсон билээ. Загвар гэлтгүй бидний амьдрал тэр чигтээ эргээд илүү энгийн рүү тэмүүлэх болжээ.
1.Гялалзсан металл өнгөтэй болон арьсан хувцас
Энэ жил металл өнгөтэй хувцас, хэрэглэл тренд болж буйг та аль хэдийн анзаарсан байх. Элдэв чимэглэлгүй байсан ч өөрөө содон харагддаг учраас энгийн хэр нь онцгой хувцаслалт мөнөөс мөн.
2. Сахиусан тэнгэрийг санагдуулам дэгжин цагаан
Цас хаялсан өвлийн үдэш цасан охин шиг цагаан даашинз өмсөх нь хамгийн сонгодог хэвээр. Гэхдээ хуримынх мэт урт дэрвэгэрийг биш яг л сахиусан тэнгэр шиг эс бөгөөс сахилгагүй цасан охин шиг энгийн зуны ч гэж болом цагаан даашинз таныг илүү дур булаам харагдуулна.
3. Carrie Bradshaw
“Sex and the City” цувралын Carrie Bradshaw-гийн хувцаслалт өнөөг хүртэл тренд хэвээр байгаа нь гайхалтай. Түүний эгэл жирийн мэт эсвэл онцгой содон ч юм шиг цаанаа л донжтой хувцаслалтаас санаа авч болох юм.
4. Шинэ жилийн үдшийн жинс
Жинсэн хувцас бидний өдөр тутмын сонголт байдаг. Загварлагаас гадна биед эвтэйхэн хэчнээн амар билээ. Тэгвэл жинсэн хувцсыг шинэ жилдээ өмссөн ч хамгийн загварлаг, шинэлэг нь харагдана. Сонин содон хувцаслалтаараа бусдын анхаарлыг татдаг модель Жулиа Фокс жинсэн хувцсыг яаж л бол яаж өөрийнхөөрөө загварчилж өмсөж болдгийн тод жишээ билээ. Мөн энгийн жинсэн өмд, хүрмэн дээрээ хүссэнээрээ шигтгээ, саа, чимэглэл нааж, оён шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж болох юм.
5. Хар мини даашинз
Хар мини даашинз эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байхад илүүдэхгүй, юутай ч зохицож болох хамгийн алдартай хувцас гэдгийг бүгд мэдэх байх. Энгийн хэр нь тачаангуй, ямар ч цаг үед хамгийн классик нь байдаг энэ даашинз шинэ жилийн хувцасны сонголтод хэзээд багтсаар байх болно. Дээрээс нь хар өнгө бараг л хүн бүрд гайхалтай зохидог шүү дээ.
6. Корсет
Гоёмсог корсетыг өмд, банзал гээд юутай ч хослуулж өмсөж болно. Шинэ жилд заавал үргэлжилсэн даашинз өмсөлгүйгээр өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхийг бүтээхэд корсет туслах нь. Та корсетоо өргөн өмд, өндөр өсгийт, том хүрэмтэй хослуулан өмсөхөд л үнэхээр загварлаг, дэгжин харагдана гээд бод доо.
7. Зоригтой алхам хий
Эцэст нь санал болгоход энийг ингэж л өмсдөг гэж битгий баригдаарай. Юунд ч баригдалгүй банзлаа топ болгон өмсөж, гадуур нь өмсдөг хувцсаа дотуур нь, дотуур өмсдөгийг нь гадна нь гаргаад үз. Уяа, боолт чимэглэлийг донжийг нь тааруулаад хүссэн газраа уяж, хатга. Гялалзсан өмдийг, өдөн топтой хослуулж нүүрээ будаагүй мэт хөнгөхөн буд. Хааш яаш мэт мөртлөө хамгийн загварлаг нь харагдах энгийн хувцаслалт л таныг шинэ жилийн үдшийн гүнж болгоно. Дээрх бяцхан зөвлөгөө танд ердөө санаа өгөх зорилготой учраас та юунд ч баригдалгүй сэтгэж, цор ганц тэр л хувцсыг бүтээгээрэй. Амжилт үдэшлэгийн хатан хаан минь.
Эх сурвалж: The Vanity Magazine
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх