Шинэ төрлийн цусны бүлгийг тогтоожээ


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-11-30

Чи цусны бүлгээ мэдэх үү? Хүнд цус сэлбүүлэх шаардлагатай, амь насанд аюултай нөхцөл байдал хэзээ ч үүсэж мэднэ. Тийм учраас хүн бүр өөрийн цусны бүлгийг мэддэг байх нь зүйтэй. Саяхан АНУ-ын судлаачид ховор төрлийн шинэ цусны бүлгийг нээсэн гэдгээ олон нийтэд мэдээлжээ. 

Цусны хэдэн арван бүлэг байдаг ч бидний сайн мэдэх нь A, B, O, АВ гэх дөрвөн бүлэг юм. Шинээр тогтоосон цусны бүлгийг “E-R” гэж нэрлэж байгаа гэнэ. Энэ нь одоогоор тогтоогоод буй 44 дэх цусны бүлэг аж. Судлаачид одоогоор “E-R” бүлгийг ховор төрөл гэж тодорхойлж байгаа ч цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзжээ. 

Цус нь хүний биеийн жингийн 5-9 хувийг эзлэх ба ойролцоогоор 5-5.5 литр орчим хэмжээтэй, зуурамтгай чанартай шингэн бөгөөд улаан эс, цагаан эс, ялтаст эс, сийвэн гэсэн хэсгээс бүрэлддэг. Цусны бүлэг нь бидний эцэг, эхээс удамшдаг. Арьс өнгө, хүйс, наснаас хамаарахгүйгээс гадна насан туршид өөрчлөгддөггүй учраас цусны бүлгээ тодорхойлуулж мэдэж аваарай.

Эх сурвалж: thehill.com

#Сонин хачин