Э. Шүтээн “Women in Jazz” уралдааны ЭЦСИЙН ШАТАНД өрсөлдөж байна


Миау | YOLO.MN
2021-04-12

“Women in Jazz” олон улсын уралдаан 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний сүүлийн шатны шилдэг 25 оролцогчийн нэгээр Э.Шүтээн хэмээх монгол охин шалгарсан бөгөөд бид түүнийг ялагч болоход нь туслах боломжтой аж. 

“Women in Jazz” нь жазз хөгжмийн урлагт эерэг өөрчлөлт үзүүлсэн, үзүүлж байгаа, ирээдүйд ч үзүүлэх боломжтой эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм.

Эрдэнэбаатар овогтой Шүтээн нь Монгол Улсын Консерваторийг сонгодог төгөлдөр хуурч, Соёл, урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Мөн өнгөрсөн жил Мюнхены Хөгжим театрын урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан ба одоогоор жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр дараагийн магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа аж. 

Э. Шүтээн энэ оны эхээр Курт Маасын нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн чадварлаг нэгэн. Харин “Women in Jazz” уралдаанд жазз квинтет хамтлагт бичсэн хөгжмийн бүтээлүүдээрээ тэнцсэн аж. Хэрэв энэ уралдаанд түрүүлбэл ирэх жилийн фестивальд нь хамтлагаараа тоглолт хийж өөрийн бүтээлүүдээ танилцуулахаас гадна шинээр найруулан бичсэн монгол ардын дуунуудаасаа толилуулахаар төлөвлөсөн гэв. 

Уралдааны эцсийн шатны шалгаруулалт үзэгчдийн санал дээр тулгуурлан явагддаг ба цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор санал хураалтыг тавдугаар сарын 13-ныг дуустал цахимаар зохион байгуулахаар болжээ. 

ХЭРХЭН САНАЛ ӨГӨХ ВЭ?

1. Уралдааны цахим хуудас руу хандан дараах сонголтуудаас сонгоно.

2. Эхний гурван цонхонд дэмжиж буй уран бүтээлчийнхээ нэрийг сонгоно. Түүний нэрийг гурван цонхонд гурвууланд нь сонгож болох ч таны түүнд өгөх санал нэгээр л тооцогдоно.

3. Дөрөв дэх буюу сүүлийн цонхонд өөрийн и-мэйл хаягийг бичнэ.

4. Ингээд Absenden/Submit товчийг дарна.

Хамгийн олон санал авсан гурван оролцогчийн бүтээлүүд тавдугаар сарын 15-ны өдөр тус сайтад байрших аж.

Нийтлэлийн төгсгөлд түүний зохиосон "Summer Haze" бүтээлийг хүргэж байна.

#Мэдээ #Урлаг #Жазз