Л.Түвшинтөр: Халдвар аваад эдгэрсэн ч эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу ЭЕШ өгөх боломжгүй болсон


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2021-08-20

Улсын хэмжээнд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2021.08.19/ эхэлсэн. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм. Тэдний нэг нь 12 дугаар ангийн төгсөгч Л.Түвшинтөр. 

Тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалтаа Монголын түүх, нийгэм, математик, физик гэсэн дөрвөн хичээлээр өгөхөөр бүртгүүлжээ. Гэвч наймдугаар сарын 7-ны өдөр түүнээс ковидын халдвар илэрч эмнэлэгт хэвтэв. "Хүндэвтэр" гэсэн оноштойгоор 12 хоног хэвтэн эмчлүүлээд ЭЕШ эхлэхээс нэг хоногийн өмнө буюу наймдугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс эдгэрсэн бичгээ аваад гарчээ.

Эмнэлгээс "Коронавирусээр өвдсөн иргэн халдвар хамгааллын дэглэм баримталж гэртээ долоон хоног өөрийгөө тусгаарлах, оношлогдоод эмчилгээ хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас ажилдаа явах, нийтийн дунд чөлөөтэй байх боломжтой" гэсэн заавар, зөвлөмжийг өгч буй. Иймд Л.Түвшинтөр Монголын түүх хичээлийн шалгалтдаа /2021.08.19/ хамрагдаж чадаагүй аж. 

Тэрбээр энэ тухай "Би ковидын халдвар аваад наймдугаар сарын 7-ноос 19-нийг хүртэл хугацаанд баруун, зүүн уушги хатгаатай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эдгэрээд гарахад эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу шалгалтаа өгөх боломжгүй болсон. Ингээд Монголын түүх хичээлийн шалгалтаасаа хоцорсон. Үлдсэн гурван хичээлийн шалгалтаа мөн л өгөх боломжгүй байгаа. Дахин шалгалт хэзээ, хэрхэн авах нь тодорхойгүй байгаа учраас их, дээд сургуульд элсэж чадалгүй хугацаа алдах вий гэхээс эмээж байна" хэмээн ярилаа. 

Л.Түвшинтөр МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн их сургуулиас сонголтоо хийж элсэх аж. Ирээдүйд программ хангамжийн инженер болох зорилготой. 

БҮТ: ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН СУРАГЧДААС НЭМЭЛТ ШАЛГАЛТ АВАХ ТУЛ ТЭВДЭХ ШААРДЛАГАГҮЙ 

Засгийн газрын мэдээнд /2021.08.19/ "Халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулсан" гэж дурджээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад "Ковидын халдвараар өвчилсөн хүүхдүүдээс есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд шалгалт авах тов тодорхой болсон. Харин шалгалтыг аймаг, орон нутагт нь эсхүл нийслэлд нэгдсэн байдлаар зохион байгуулах эсэх тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамнаас наймдугаар сарын 10-наас наймдугаар сарын 22-ны хооронд халдвар авсан, өвдсөн, эмчлүүлсэн хүүхдүүдийн мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө. Энэ тоонд үндэслэн шалгалтыг зохион байгуулах журмыг тодорхой болгох юм.

Нэмэлт шалгалтад зөвхөн ковид-19 халдвараар өвчилсөн хүүхдүүдийг хамруулна. Тиймээс шалгуулагчид энэ удаад өнжөөд дараагийн шалгалтад хамрагдана гэж ойлгож болохгүй. Нэмэлт шалгалтыг авах тов тодорхой болсон тул халдварын улмаас энэ удаагийн ЭЕШ-аас хоцорсон хүүхдүүд сандарч, тэвдэх шаардлагагүй" гэсэн юм.

#Боловсрол #ЭЕШ