Аливааг өөрийн хүсэл тэмүүллээр сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Хэн нэгнээр заалгаж, гэрийн даалгавар хийх гэж үстэй толгойгоо зулгаалгүй өөрийн гэсэн хобби, сурах эрмэлзэлтэй байх сайхан. Ингээд Yolo.mn сайтын “Бидний суралцсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт багын сонирхлоо олон жилийн туршид хөгжүүлж чадсан залуу зураачдыг онцолж байна.
А.Хүслэн: “Гажууд ертөнц” вебтүүний зураач @a_khuslenart
Би 18 настай. Одоо манга, вебтүүн чиглэлээр зурж байна.
Жоохон байхаасаа зураг сонирхдог, зурдаг байсан. Өөрийн зургийн чиглэлийг олох бага зэрэг ярвигтай байсныг сайн санаж байна. Уран зураг, хар зураг гээд бүхий л чиглэлээр зурж үзсэн дээ. Тэгж байхдаа аниме үзэж эхлээд “манга” гэдэг зүйл байдгийг мэдсэн. Тэгээд л тэр үеэс манга, анимед татагдаж энэ чиглэлээр зурж үзэхээр шийдсэн юм.
Зурах чиглэлээ олсны дараа зургийн чадвараа сайжруулах гэдэг том даалгавар гарч ирсэн. Тухайн үед яагаад ч юм "Цаасан дээр сайн зурдаг болчихъё. Тэгвэл дижитал дээр ч хялбархан зурж чадна" гэж бодоод цаасан дээр олон зураг хуулж зурсан. Ингэж хуулж зурсан ч тухайн зургаа ойлгож хуулахгүй бол сайжрахгүй юм билээ. Тэгээд "анатоми", "орчин" гээд л гүнзгийрүүлж судлах болсон. Олон зүйл гүнзгийрүүлж, хэдэн арван зураг хуулж зурсны үр дүнд зургийн чадвар маань ч бага багаар ахисан байх.
Хоёр, гурван жил энэ байдлаараа хуулж зурсан. Удаан хугацаанд, олон зураг хуулж зурахаар зурах техникээ тогтоочихдог. Жишээ нь хүний гар олон удаа хуулж зураад “Ингэж зурдаг, ийм байдаг” гэхчлэн мэддэг болчихсон. Ингээд эцэст нь зохиож зурдаг боллоо. Миний зурах чадвар сайжирсан нь мэдэгдсэн л дээ. Гэсэн ч би одоог хүртэл заримдаа "Reference" харж хуулж зурдаг хэвээрээ.
Хөл хорионы үе эхлээд би дижитал дээр зурж үзье гэж бодоод оролдож үзсэн чинь илүү хурдан сайжирсан.Урт хугацаанд зурах боломж байсан болохоор "Манга бүтээх" гэдэг зорилго өөртөө тавиад бага багаар судлав. Sunny ахын гаргасан “Манга түүвэр” ном дээр манга бүтээх дараалал байдаг юм. Уг номоос ерөнхий суурь ойлголтоо аваад цааш нь өөрөө гүнзгийрүүлж судалсан.
Өөрийн гэсэн арт-стилийг олоогүй байсан нь тухайн үедээ хэцүү санагддаг байлаа. Хэдэн арван зураг зурсан ч бүгдийг нь өөр өөр хүмүүс зурчихсан юм шиг харагддаг. Зураач ах маань “Дуртай зураачийнхаа эсвэл чамд таалагдсан арт-стилийг шууд хуул. Оргүй хоосноос гоё сайхан шинэ зүйл гаргаж авна гэж байхгүй шүү дээ. Олон өөрт таалагдсан зүйлээ нийлүүлж үзбэл гарт чинь ороод чиний зүйл болно” гэж хэлж байсан юм. Тэгээд л би дуртай зураачийнхаа зургуудыг дахиад л хуулж зурдаг болсон. Хуулж зурчихаад олон зүйлс нэмж хасаж өөрчилсөөр “Минийх” гэж хэлж болох стилийг олсон доо.
Бие дааж сурч, судалсан зүйл олон байсан. Гэхдээ өөрөө чармайж сурсан зүйл, мэдсэн мэдлэг мартагдахгүй, оюун санаанд илүү тод үлддэг юм билээ. Гэхдээ хааяа мухардалд орох ч үе байна. Хэрвээ мухардчихвал энэ чиглэлээр ажилладаг хүмүүсээс зөвлөгөө авдаг байсан. Чадахгүй, алдаж байгаа зүйлээ мэдэж, суралцах нь цааш "Зөв хийх" том чиглүүлэг болдог юм байна гэдгийг ойлгосон юм.
Дөрөв, таван жилийн өмнөөс сошиал хаягаараа зурсан зургуудаа цацаж эхэлсэн. Өөрийнхөө хэр сайжирсныг шууд харах гэж нэг төрлийн тэмдэглэл болгож ашиглая гэж бодсон л доо. Идэвхтэй хөтлөөд байж чаддаггүй ч гэсэн тогтмол зургуудаа хийж байгаа.
Өнгөрсөн жилээс ажлын саналууд авдаг болсон. Одоо гэхдээ тогтвортой ажиллаж байна. Би зохиол бичихдээ тааруухан. Тийм болохоор ч ажлын санал авахдаа зохиолыг чухалчилдаг. Одоо ажиллаж байгаа вебтүүний маань зохиолын төгсгөл надад их таалагдсан. Бас миний арт-стилиэр вебтүүн зурж дуусагдана гэдэг сайхан боломж шүү дээ.
Зурж эхэлж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Зурах сонирхолтой хүн бүрд л “Энэ зураач шиг болох юм сан” гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Тэр зураачаасаа үлгэрлэж, олон эх сурвалжаас мэдээлэл авч судлаж, нэг зүйлд битгий баригдаарай гэж зөвлөмөөр байна. Бас өөрийн чинь чадвар дутагдалтай гэдгийг хүлээн зөвшөөрвөл сайжрах эхний алхам болдог юм шүү.
А.Дөлгөөн: Зураачдын эрин үе группийн админ, freelance artist @dul9uun
Би 18 настай. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Эрдмийн Ундраа Цогцолбор 77 дугаар сургуулийн сурагч.
Багаасаа зураг зурах сонирхолтой байсан ч гурван жилийн өмнөөс яг эрчимтэй зурж эхэлсэн. Тэр үед нэг хүний хөргийг зурж өгсөн юм л даа. Хөрөг зураг нь зургийн эзэнд их таалагдаад надад төлбөр өгсөн. Ингээд урамшиж илүү сайн бүтээл гаргахыг хичээх болсон юм.
Бага байхдаа “Dragon Ball Z” анимийг DVD-гээр авчхаад зурагтаараа үзэж байхдаа зогсоогоод л дагаж зурдаг байсан. Тухайн үедээ анимэ дүрүүд л их зурдаг байж. Тэгж байтал аав минь надад зургийн будаг, хэрэгсэл авч өгснөөр анх уран зураг зурж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл уран зургийг л голчлон зурж байна даа.
Бас жаахан байхад уран зургийн тайлбар нэвтрүүлэг зурагтаар их гардаг байлаа. Би ч үзэх дуртай. Винсент Ван Гог, Леонардо Да Винчи-гийн зураг бүр өөр өөрийн хэв маягтай, хувь хүний онцлог, үзэл бодлыг зурсан зураг нь харуулж байсан. Тийм болохоор уран зургийн төрөл бусдаасаа их таалагдсан. Хальт харахад миний зургууд тийм ч ойлгомжтой биш байж магадгүй. Тогтоод удаан харах юм бол зураг бүр минь далд утга санааг илэрхийлдэг. Тэгж ч зурахыг хичээдэг. Өнгөрсөн гурван жилд 30 орчим уран зургийг зурж, худалдаалсан байна.
Зураг зурахдаа эхлээд толгой дотор бодогдож байгаа зүйлсээ скеч хийх буюу ноороглоно. Скеч хийж дуусчхаад шинэ цаас гаргаж скечэн дээрх замбараагүй санаагаа цэвэрлэж зурдаг. Ингээд цэвэрлэсэн скечээ зотон дээр буулгана. Ийм дараалалтайгаар зургаа зурдаг даа.
Есөн настай байхдаа би Турк улс руу явсан юм. Тэнд дөрвөн жил болох хугацаандаа сургуульд сураагүй. Гэртээ компьютер, гитар хоёртой л үлддэг хүүхэд байлаа. Тэгээд ааваараа Photoshop программыг заалгаж тоглодог байсан Minecraft-ийнхаа зургийг зурж, хүмүүст лого хийж өгдөг болсон. Уйдахын эрхээр өөр олон зүйлсийг ч туршиж үзсэн байдаг. Цаасан урлал, оригами, зураг зурах гэх мэт.
Тэр үед би “Youtube”-тэй их найзалсан шүү. Зураг зурахыг хүртэл анх “Youtube”-ээс “How to draw” гэж хайгаад анхан шатны зүйлсээ сурч байсан. “Youtube” дээр олон сэдвээр, үнэгүй хичээлүүд их байдаг. Одоо ч гэсэн ямар нэг зүйл судлахдаа “Youtube”-ээс хайгуул хийдэг.
Зураг зурж хэвшихээр аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг болдог юм шиг санагддаг. Хүний харж чадаагүй зүйлийг ухаж ойлгож, өөр өнцгөөс харах гэдэг зуршилтай болдог юм билээ. Зураг зурдаг ч гэлтгүй урлагийн хүмүүс их тайван байдаг даа. Магадгүй хийж байгаа зүйлээсээ тайвшрал аваад уг хүн нь ч гэсэн тайван тогтуухан нэгэн болчихдог байх.
Аав маань уран зураг, барималд сонирхолтой хүн. Багадаа аавыгаа зураг зурж байгааг их сонирхдог байлаа. Аавын сонирхол ч надад өвлөгдсөн байх. Тийм болохоор би урлагт хайртай. Зургаас гадна гитар, төгөлдөр хуур тоглох дуртай. Уран баримал ч хийх сонирхолтой. Хааяа шөнөөр ч хамаагүй баримал хийгээд суучихдаг. /инээв/
Ирээдүйд би өөрийнхөө зурсан зургуудаар галлерей эсвэл жижигхэн өрөөг дүүргээд дотнынхоо хүмүүсийг урьж үзүүлэхийг хүсдэг.
Зурж эхэлж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Би зургийн дугуйлан ажиллуулж байсан. Энэ туршлагаас дүгнэж хэлэхэд хүүхдүүд удаан хугацаа шаардах зүйлийг бага хугацаанд оролдож үзээд л шантардаг юм шиг санагдсан. Сурах үйл явц гэдэг хурдан хийх зүйл биш. Үүнд тэвчээр, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдана гэдгийг эхлээд ойлгоорой. Тэвчээртэй байгаарай, өөрийгөө сайн дайчлаарай, youtube-ийг сайн ашиглаарай гэж зөвлөмөөр байна.
В.Ариунжаргал: Дижитал артист @rainbow_wang1123
Би 17 настай. Хөлд ороод л үзэг харандаа бариад ханан дээр сараачаад явдаг байсан. Зураг зурах бол миний багын авьяас байх.
Бага байхаасаа л зүүдэлсэн зүүд, өөрт мэдрэгдсэн зүйлээ зурж сошиал дээр тавьж хүмүүст хүргэх сонирхолтой байсан. Хүмүүс ч хариу зөвлөгөө, шүүмж өгдөг. Талархлыг хайрлаж, шүүмжийг “Муу байгаа юм байна, үүнийгээ засчих юм бол би илүү сайжирна” гэдэг өнцгөөс хүлээж авахыг хичээдэг.
2019 оноос дижитал зургийг сонирхож, зурж эхэлсэн. Таблет дээр зурж байсан л даа. Анх гөлгөр гадаргуутай болохоор тэгшхэн зураас ч зурж чадахгүй, эвгүй, цааснаас их ялгаатай санагдаж байлаа.
Аав маань зураач, ээж харин хөгжим тоглодог. Гэрийнхэн бүгд урлагийн хүмүүс л дээ. Тийм болохоор миний уран сэтгэмж, урлагийг хүлээж авах мэдрэмж сайжирсаар байгаа гэж боддог.
Жаахан байхдаа зураг зурчхаад аавдаа харуулахаар “Охин минь авьяастай хүүхэд. Зааж өгөөгүй хэр нь өнгө будаг бүх зүйлийг тохируулж чадаж байгаа болохоор аав нь шат ахиулаад зөвлөөд явъя” гэж хэлдэг байсан. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд алхаж сурах шиг аав надад зураг зурах суурийг сайн тавьж өгсөн. Үүнээс цааш биеэ дааж, хөгжих боломжийг минь ч нээж өгсөн гэж боддог.
Би аниме дүрийг 3D болгож загварчлахаас авхуулад зургийн олон төрлийг оролдож үзэх хоббитой. Тосон будаг, усан будгаар цаасан дээр ч олон төрлөөр зурдаг.
Арван хоёр настайдаа аавтайгаа хамт анхны ажлаа хийж байсан. 60 метр ханан дээр байгалийн зураг зурах байсан юм. Анхны цалин, анхны ажил болохоор сайхан дурсамжтай үлдсэн. Одоо сард дөрөв, таван ажлын санал авдаг. Хүмүүс захиалга өгөх, гадаадаас миний зургийг үнэлэх ч тохиолдол байдаг. Тийм болохоор “Монгол зураач” гэж олон улсад хийсэн бүтээлээр танигдахыг хүсдэг болсон. Одоо хувьдаа анимейшн хийж байгаа. Мөн хэд хэдэн гадаад багуудтай хамтран ажиллаж байна.
Зургаас гадна би мотокросс унах дуртай. Мөн л аав минь мотокросст сонирхолтой болохоор аавыгаа дагаж дуртай болсон.
Зураг бол миний багаасаа сэтгэл зүйгээ, бодол санаагаа илэрхийлэх хэрэглүүр байсан. Агаар байхгүй бол амьсгалж чадахгүйтэй адил зураг байхгүй бол би байхгүй. Тийм болохоор үхэн үхтлээ зурсаар байх болно гэж боддог.
Зурж эхэлж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Эхлээд цаасан дээр хэмжээтэй зурж сураарай гэж зөвлөмөөр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх