ЗАХИДАЛ: Би түүн шиг муу хүн болчихвол яанаа


ССҮТөв | YOLO.MN
2018-10-03

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би энэ хүн шиг муу хүн болчихвол яанаа

Сайн байна уу? Миний аав үргэлж уур хилэн, бухимдалтай байдаг. Багад маань ээж уургүй сайхан байсан ч алтны дэргэд гууль шарлана гэгчээр аавын хажууд байсаар байгаад уурлаж бухимдах нь ихсэх болсоон. Аав намайг болох болохгүй үгээр харааж зэмлэдэг. Дараа нь надаас уучлалт ч гуйдаггүй. Заримдаа би түүнийг үнэхээр үхээд өгөөсэй гэж маш ихээр гуйж хүсэх юм. Би мөн адил их түргэн ууртай болж байгаа маань ажиглагдаж байгаа. Хэрвээ би энэ хүн шиг муу хүн болчихвол яанаа гэж айх юм. Аавыгаа яах вэ? Заримдаа бүр гэрээсээ явмаар санагдтал зодуулж загнуулж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хэрэгтэй үедээ хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандаж тусламж аваарай

Сайн уу? Бидэнд итгэж захиа илгээсэнд баярлалаа. Уур гэдэг нь хүний сөрөг мэдрэмжээс үүсэх сөрөг сэтгэл хөдлөл юм. Тэр сөрөг мэдрэмж нь юунаас үүсдэг вэ гэхээр бусад хүмүүс өөрт нь шударга бус хандаад байна гэж бодсон үед, дээрэлхүүлчихлээ, намайг хүндлэхгүй байна гэж бодсон үед хүн өөрийгөө хамгаалахын тулд уурлах сэтгэл хөдлөл төрдөг гэсэн үг. Уурладаггүй хүн гэж хаана ч байхгүй. Өөрийн дотор байгаа уур бухимдлаа хэрхэн илэрхийлж гаргах вэ гэдэг л бидний анхаарах асуудал. Аавын чинь хувьд өөрийн сөрөг сэтгэл хөдлөл болох уураа маш буруу замаар илэрхийлдэг гэдэг нь захианаас тод харагдаж байна. Хичнээн уурласан ч бидэнд бусад руу дайрч доромжлох, биед нь халдах эрх байхгүй. Харин чиний хувьд өөрийн сэтгэл хөдлөл, үйл хөдлөлдөө дүгнэлт хийдэг тул “Аав шигээ болчихвол яана аа” гэж битгий ай. Чи уурлаж болно. Уур бухимдал гэдэг эрүүл хүн бүрт төрдөг сэтгэл хөдлөл. Дотроо гомдол, уур бухимдлыг удаан хугацаанд хадгалж явсны үр дүнд хүний ааш зан өөрчлөгдөж, түргэн ууртай, уураа хянах чадваргүй ч болох боломжтой. Иймд уурлахгүй байхыг хичээх бус, уурлах мэдрэмж, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж гадагшлуулах жагсаалтыг хамтдаа гаргацгаая.

Уурласан үедээ хийх зүйлс:

  • Нүдээ аниад зүрхний цохилтоо хэвийн болтол гүнзгий амьсгал авах, гаргах,
  • Уйлах,
  • Тэмдэглэл хөтлөх,
  • Дуртай дуугаа сонсох, тайвшруулах дуу сонсох, энэ үедээ юу болоод өнгөрсөн, чамд юу мэдрэгдэж байгааг эргэцүүлэх

Уурласан үедээ хийж болохгүй зүйлс:

  • Гарт тааралдсан зүйлээ авч шидэж болохгүй.
  • Хараалын үг хэлж, чанга хашгирч болохгүй.
  • Хүнд гар хүрч болохгүй.
  • Хүн гомдоохоор үг хэлж болохгүй.

Энэ мэтчилэн тус тусд нь үргэлжлүүлэн жагсаалтыг гүйцээгээрэй.

Эцэст нь хэлэхэд чиний аав ч гэсэн чамд гар хүрэх эрхгүй гэдгийг сайн ойлгоорой. Хэрэгтэй үедээ хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандаж тусламж аваарай.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter