“Тоёота Мотор Корпорац” “Мөрөөдлийн машин” олон улсын зургийн уралдаанаа зарлалаа


О.Хандмаа | YOLO.MN
2022-11-02

-Чиний мөрөөдлийг цаасан дээр буулгавал ямар харагдах бол?-

 

Хүүхэд болгоны дотор хэзээ нэгэн цагт биелнэ хэмээн итгэдэг мөрөөдөл бий. Тэр л цагаахан мөрөөдлөөрөө жигүүрлэж, шинийг эрэлхийлэх багачуудын хүсэл тэмүүлэл хамгийн өхөөрдөм.

Бяцхан гартаа харандаа, бийр барин хичээнгүйлэн зурах хүүхдүүд өөрсдийгөө яг л алдартай уран зураач мэтээр төсөөлнө. Алдхан биедээ багтамгүй асар их мөрөөдөлтэй хүүхдүүдийн сэтгэлд дэлхий ертөнц тэр чигээрээ багтах шиг олон төрлийн мөрөөдөл өнгө өнгөөр алаглана.  

Хэрвээ хэн нэгэн мөрөөдлийг чинь биелүүлье гэвэл ямар мөрөөдлөө хамгийн түрүүнд хуваалцах бол. Чиний мөрөөдлийг цаасан дээр буулгавал ямар харагдах вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад мөрөөдлийн ертөнц рүүгээ өнгийгөөд нэг хараарай.

Учир нь хүүхэд бүрд мөрөөдлөө цаасан дээр буулгаж, хүссэн машинаа зурж “амилуулах” боломж олгодог “Мөрөөдлийн машин” олон улсын зургийн уралдаан зарлагдлаа.

“Toёота Мотор Корпорац”-ийн зүгээс уг уралдааныг 2004 оноос хойш дэлхий даяар зохион байгуулж эхэлсэн юм. Олон улсын багачуудыг нэгэн агуулга дор нэгтгэдэг энэхүү зургийн уралдаанд энэ жилийн байдлаар дэлхийн 140 улс, бүс нутгийн 8 сая хүүхэд бүтээлээ илгээн оролцсон байна.

Үүнийг уншиж буй чамд ч гэсэн уран сэтгэмжээ ашиглан зурсан зургаараа мөрөөдлөө биелүүлэх боломж бий учир уралдааны удирдамжид анхаарлаа хандуулна уу.

УДИРДАМЖ

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХАД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРАХЫГ ХҮҮХДҮҮД ТА БҮХЭНД ДАХИН САНУУЛЪЯ

  • Бүтээлийг зөвхөн онлайнаар бүртгэнэ
  • Бүртгэлийг http://dcac.toyota-mongolia.mn/ вебээр хийх бөгөөд бүртгэлийн маягт хэсгийг бүрэн бөглөсөн байна.
  • Бүтээл, гар зургийнхаа фото зургийг авч бүтээл оруулах хэсэгт оруулна
  • Фото зурагт нэг л бүтээлийг бүтнээр нь багтаан дарсан байх
  • Гэрэлтүүлэг сайн орчинд зураг дарсан байх (байгалийн гэрэл)
  • Дарсан зураг 4:3 харьцаатай байх (босоо, хөндлөн хамаагүй)
  • Зургийн нягтаршил 2880*2160 pixels –с багагүй байх
  • Зургийн хэмжээ 3 mb-ээс хэтрэхгүй байх
  • Jpg, bmp болон зургийн форматаар дарсан байна
  • Зураг зурж байх үеийн бичлэгээ 1 минутад багтаан хийж, бичлэг оруулах хэсэгт оруулна
  • Бичлэгийн хэмжээ 10МБ-аас хэтрэхгүй
  • Mov, mp3 зэрэг бичлэгийн форматтай байна.

ЖИЧ:

Цахимаар ирүүлсэн зургийн өнгө, гэрэл зөрүүтэй байх, бараан харанхуй байх, томруулж үзэхэд бүрсгэр байх зэрэг чанарын шаардлага хангаагүйгээс болж шүүлтийн явцад сул тал үүсэх эрсдэлтэй тул аль болох гэрэлтүүлэгтэй орчинд авсан байхыг зөвлөе.

Мөн цахимаар ирүүлсэн хуулбар зураг шилдгээр шалгарсан тохиолдолд бүтээлийн эх хувьтай харьцуулан баталгаажуулах болохыг анхаараарай.

Энэ удаагийн уралдааны талаарх мэдээллийг хүүхдүүд Та бүхэнд хүргэхэд Боловсролын ерөнхий газар хамтран ажиллаж байна.

2021 ОНЫ “МӨРӨӨДЛИЙН МАШИН” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

2021 оны “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны шилдэг бүтээл "Харийн хүнтэй уулзсан нь" Б.Цэцэнцэлмэг /6 настай/

/Хажуу тийш гүйлгэн үзээрэй./

#Мэдээ