Бусадтай ХЭРХЭН биеэ барилгүй НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАЖ сурах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2016-11-30

"ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?" цахим санал асуулгадаа оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ!

Өсвөр насныханд тохиолддог бэрхшээлүүд дунд өөрийгөө илэрхийлж, бусадтай чөлөөтэй өөрийнхөөрөө харилцаж чадахгүй байх асуудал нэлээд тулгардаг. Тиймээс хэрхэн бусадтай чөлөөтэй харилцаж, бас өөрийгөө илэрхийлэх талаар дараах зүйлүүдэд анхаараад туршаад үзээрэй.

Ярь бас сонс. Харилцаанд чи заримдаа сонсогч, заримдаа “яригч” болдог. Гэхдээ хэт их сонсоод дуугүй байгаад байвал бусад чинь чамайг үг цөөнтэй зожиг гэж бодно. Харин өөрөө л байнга ярьж, бусдыг сонсохгүй, ярих боломж олгохгүй байвал чамайг чалчаа, олон үгтэй, бусдыг сонсдоггүй өөрийгөө бодсон хүүхэд хэмээн дүгнэж, аль аль тохиолдолд чамаас дөлөх болно шүү. Иймд өөрөө ярих, сонсохоо ээлжлэх хэрэгтэй.

Зөв сонсож сур. Насанд хүрэгчид хүртэл сонсох гэдэг ямар чухлыг бараг л мэддэггүй. Бусдыг сонсож чадах нь тэднийг ойлгох боломж олгодог. Сонсоно гэдэг зүгээр л сонсохын нэр биш бөгөөд тухайн ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавьж, түүний сэтгэл санааг мэдэрч, түүнд нь тохирсон асуулт асуугаад, ярилцлага өрнүүлэхийг хэлнэ. Жишээ нь, найз чинь дүүгээ хараад гарч чадаагүй тухайгаа хэлэн гуниглаж байхад чи хэрхэн чөлөөт цагаа сайхан өнгөрөөснөө ярих биш, харин найзыгаа хэрхэн өдрийг өнгөрөөсөн, дүүтйэгээ гэртээ байх ямар байсныг гээд найзыгаа сонирхон асууж, сонсох хэрэгтэй, энэ нь чамайг жинхэнэ найз гэж бодох бодол нь нэмэгдэхэд нөлөөлдөг юм шүү.

Сонирхолтой бас хэрэгтэй зүйл ярь. Ямар сэдвүүд ихэвчлэн хүмүүст таалагддаггүй вэ гэхээр өөрийнхөө тухай хэт ярих, байнга өөрийгөө магтах зэрэг. Чамд ч гэсэн бусдын тийм яриа  төдийлөн таалагддагүй байх. Иймд тухайн ярилцаж буй хүндээ тохирсон сэдвээр ярихыг хичээ. Спорт сонирхдоггүй хүүхдэд NBA-ийн сагсчдын тоглолтын тухай яриад нэмэргүй л болов уу. Мэдээж ярианы чинь сэдэв нь чамд ч гэсэн сонирхолтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид олон төрлийн мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй учраас ном сайн уншаарай.

Өөртөө итгэлтэй ярь. Энэ эхний үед тийм ч амаргүй байх болно. Гэхдээ хүмүүстэй ярилцахын хэрээр, олон дахин давтагдсаны хүчинд чи хэнтэй яаж ярих, ямар үед ямар үг хэллэг ашиглахаа бүгдийг сайтар мэддэг болчихдог. Тиймээс ярихаасаа ичиж л болохгүй шүү.

Биеийн хэлэмжээ ашигла. Бусадтай харилцахдаа аль болох чин сэтгэлээсээ инээж, ойлгосон бол толгой дохиж, үгүй бол сэгсрэх, анхааралтай сонсож буйгаа илтгэж ярьж буй хүн рүүгээ харах гэх мэтээр хариултаа үйл хөдлөлтэйгээ тохируулж илэрхийлж байгаарай. Ингэснээр та 2-ын хооронд илүү их ойлголцол бий болж, харилцахад ч амар байх болно.

Өөртөө дүгнэлт хийж бай. Бид заримдаа бусдаар өөрийгөө тольдож байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бусдын чамд хэлж байгаа үгсийг өөртөө эмзэгээр тусгаж авалгүйгээр яагаад надад ингэж хэлэх болов, нээрээ би түүний хэлснээр “...”-ээд байгаа юм болов уу гэж өөртөө асуулт тавин хэрэв үнэхээр тийм алдаа дутагдалтай байвал өөрийгөө зөв тал руу нь өөрчлөхийг хичээгээрэй. Мөн дотны найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөрийнхөө алдаатай талыг асууж, ярилцаж байх нь өөрөө л учраа олох гэхгүйгээр маш хурдан дүгнэлт хийж, цаг хугацаа хожих нэг том боломж болдгийг санаарай.

Дээрх зөвлөмжүүдийг буюу аргуудыг хэрэгжүүлснээр чи удалгүй л бусадтай ярилцахдаа айж эмээдэггүй, бусдыг ойлгож, өөрийгөө илэрхийлж чаддаг болно. Хамгийн чухал нь хийхээсээ, ярихаасаа, асуухаасаа битгий айгаарай.

 

#Problem #Friends #Teenagers