Маккензи Скотт охидын скаутад 84.5 сая доллар хандивласан нь дээд амжилт тогтоолоо


Сондор | YOLO.MN
2022-10-21

Тэрбумтан Маккензи Скотт АНУ-ын Охидын скаутын холбоонд 84,5 сая долларын хандив өргөсөн нь бие даасан нэг хандивлагчаас өгч буй түүхэн дэх хамгийн их мөнгөн дүн болжээ.

Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосоос 2019 онд салсан, экс эхнэр Маккензи Скотт нь дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг билээ.

Скотт 2021 онд 1,7 тэрбум долларыг 300 орчим байгууллагад, 2020 онд 4 тэрбум долларыг олон төрлийн үйл ажиллагаанд зориулан хандивлажээ. Тэдгээрээс хамгийн том нь 436 сая долларыг Хүн төрөлхтний амьдрах орчин олон улсын байгууллага болон түүний салбар байгууллагуудад хар арьст болон цөөнхүүдийн орон сууц өмчлөх эрхийг дэмжихэд зориулжээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр 2020 оны дунд үеэс хойш Скотт 1200 гаруй байгууллагад 12.8 тэрбум доллар хандивласан байна.

Охидын скаутуудад олгох буцалтгүй тусламж нь нэг талаараа  нийгэмд гишүүнчлэлийн илүү тэгш боломжуудыг бий болгох болон охидын ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих, тэр дундаа охидыг манлайлалд бэлтгэхэд зориулагдахаас гадна ажлын гараанд бэлдэх, тэдний сэтгэцийн эрүүл мэндэд чиглэх болно гэж хэвлэлд дурджээ.

Охидын Скаутын Гүйцэтгэх захирал София Чанг "Энэхүү хандив нь охидод өөрсдийн нийгэмд болон дэлхийн хэмжээнд манлайлахад шаардлагатай ур чадвар, харилцааг бий болгоход нь туслах бидний тасралтгүй хүчин чармайлтын хүчийг нэмэгдүүлж байна" гэжээ.

АНУ-ын Охидын скаут нь  дэлхий даяар 2.5 сая гишүүнтэй, охидын манлайллын хамгийн том байгууллага аж.

Эх сурвалж: CNN

#Оддын тухай