"Коко" хүүхэлдэйн киноны амьдрал дээрх жинхэнэ дүр 109 насандаа таалал төгслөө


Сондор | YOLO.MN
2022-10-18

"Pixar"-ын "Коко" хүүхэлдэйн киноны дүрийг төлөөлсөн өндөр настан Мария Салуд Рамирес Кабалеро 109 насандаа таалал төгсжээ.

"Pixar" 2017 онд Мексик эмэгтэй Мария Салуд Рамиресаас санаа авч "Коко" киноны гол дүрийг бүтээж байв. Тэрбээр өөрийн төрөлх нутаг Мексикийн Санта Фе де ла Лагуна хотод төрсөн гэртээ нас баржээ. Мексикийн Мичоакан мужийн Аялал жуулчлалын нарийн бичгийн дарга Роберто Монрой 10-р сарын 16-нд Кабалерог нас барсан талаар твиттер хуудсаараа дамжуулан анх мэдэгдсэн байна.

Монрой "Дэлхийн хүүхдүүд төдийгүй томчуудад ч энэхүү хайр татам дүрээрээ урам зориг өгч, амьдралын үлгэр дуурайл болсон "Коко ээж" Дона Мария Салуд Рамирес Кабалеро нас барсанд гүнээ харамсаж байна" гэж бичжээ. Мөн Кокогийн олон шүтэн бишрэгч түүний үхэлд эмгэнэл илэрхийлэн твиттер хуудсаараа гашуудал илэрхийлжээ.

Нэгэн хэрэглэгч "Би өглөөжингөө уйллаа. BTS цэрэгт татагдсан, тэд 2025 он хүртэл ирэхгүй. Гэтэл Коко эмээ нас барсныг би дөнгөж сая мэдлээ. Би өнөө орой “Коко” үзэх болно" гэж жиргэжээ.

2017 онд гарсан хүүхэлдэйн кино нь 12 настай Мигель хүү өвөг дээдсийнхээ гитарыг тоглож, ид шидийн гэмээр үхэгсдийн орноор аялж, талийгаач элэнц өвөөтэйгөө уулзсан тухай өгүүлдэг. Коко эмээ бол жүжигчин Ана Офелия Мургуиагийн дуу оруулсан Мигелийн элэнц эмээ юм.

Хэдийгээр Дисней компани Кабалеро эмээ киноны баатрыг төлөөлсөн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаагүй ч зураг авалтын явцад тэдний гэр бүлтэй ярилцсан гэжээ.

Бодит амьдрал дээрх Коко эмээ шаазан ваарчин байсан бөгөөд тэрбээр гурван хүүхэд, олон ач зээ, гучтай юм.

Мексикт бүх цаг үеийн тэргүүн хит бүтээл болж дээд амжилтыг эвдсэн тус хүүхэлдэйн кино 2018 оны Оскараас томоохон шагнал хүртэж, Кристен Андерсон-Лопез, Роберт нарын "Намайг санаарай" дуу хүүхэлдэйн киноны шилдэг дуугаар шалгарсан билээ.

Эх сурвалж: EOnline

#Мэдээ