Анимэйшны дүр бүтээнэ гэдэг чамгүй ур чадвар шаардсан ажил юм. Хүний хөрөг зурах ямар төвөгтэй билээ. Гэтэл хорвоод оршдоггүй зүйлийг бүтээнэ гэдэг бараг л өвсөн дундаас зүү хайхтай дүйх биз. Дэлхий дахинаа хэдийн танил болсон Диснэй компанийн дүрийн хөгжүүлэлт ямагт үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл энэ удаа алдартнуудын дүр төрхөөс сэдэвлэн бүтээсэн Диснэйн арван дүртэй танилцацгаая.
1. Edith Head
“Ер бусын гэр бүл” анимэйшны Эдна Моадын дүр нь алдарт загвар зохион бүтээгч Эдит Хидтэй тун төстэй. Мэргэжил, зан араншин, гадаад төрх, хувцаслалт зэрэг нь усны дусал мэт адил гэдгийг дээрх зураг баталж байна.
2. Tom Cruise
Аладдины дүрийг анх “Ирээдүй рүү буцсан нь” киноны Майкл Фоксын дүрээс сэдэвлэх гэж байжээ. Гэвч анимэйторууд түүнийг “инээд хүрэм” төрхтэй гэж дүгнэн өөртэй итгэлтэй байдлыг нь харгалзан Том Крузыг сонгож байжээ.
3. Alyssa Milano
Диснэйн 1989 онд бүтээсэн "Бяцхан лусын дагина" хүүхэлдэйн киноны Ариэл гүнжийн дүрийг 80-аад оны "Хэн нь босс вэ?” гэх алдартай шоуны залуу жүжигчин охиноос сэдэвлэжээ. Түүнийг Алисса Милано гэдэг бөгөөд энэ жил 50 нас хүрэх аж.
4. Robin Williams
Диснэйн хамгийн мартагдашгүй бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Аладдин билээ. 1992 онд бүтээсэн уг киноны "Жини"-ийн дүрийг жүжигчин Робин Уильямст зориулж тусгайлан бичсэн гэнэ. Түүний алиа хошин зан болон дуу хоолой энэ дүрийг амилуулна гэж найруулагчид нь үзэж байжээ.
5. The Beatles
Ширэнгэн ойн түүх буюу МАУГЛИ анимэйшны 1967 онд гарсан хувилбарт дөрвөн тас шувуу модон дээр суун дуулж байгаа дүрслэл гардаг билээ. Уг шувуудын үсний засалтыг алдарт “The Beatles” хамтлагийн гишүүдээс сэдэвлэсэн ажээ.
6. Irene Bedard
Покахонтас нь Америкийн индиан гүнжээс сэдэвлэсэн дүр юм байна. Гэвч дүрийг амилуулахын тулд дуу хоолой, дүр төрх, ааш араншин зэргийг жүжигчин Айрин Бедардын төрх байдалтай жишин гаргажээ.
7. Divine
"Бяцхан лусын дагина" анимэйшны хорон санаат далайн шулам Урсулагийн дүрийг бүтээхдээ анимэйторууд нь хэд хэдэн хүнээс санаа авч байжээ. Гэвч сэтгэлд нь хүрээгүй тул дуучин, жүжигчин Дивайны өвөрмөц нүдний будалт болон биеийн галбир дүрийг төгс амилуулна гэж үзэн түүнийг сонгож байжээ.
8. Jeremy Irons
Оскарын шагналт жүжигчин Жереми Айронс “Араатны хаан” анимэйшны Сорвитын дүрийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Кино багийн зүгээс түүнийг дуу хоолой, гадаад төрх, нүүрний хувирлын хувьд Сорвитод тохирох нэгэн гэж дүгнэжээ. Харин бодит амьдрал тэр Сорвитын дүрийн зан чанараас тэс өөр хүн аж. Тэрээр сайн үйлсийн ажиллагаанд оролцож хүүхэд, залуучуудад боловсрол олгох буяны байгууллагуудад тогтмол хандив өргөдөг байна.
9. Danny DeVito
Диснэйн 1997 онд гаргасан "Геркулес" анимэйшнд баатруудыг сургадаг хагас хүн, хагас ямаа төрхтэй булцгар амьтан буюу Фил хэмээх нэгэн дүр гардаг. Тус дүрийг ДеВитогийн намхан, булцгар биеэс санаа авсан байна. Хамгийн чухал нь Холливудын шилдэг инээдмийн жүжигчдийн нэг гэгддэг ДеВитогийн царайны хувирал дүрийг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг найруулагч нь онцолжээ.
10. Ed Asner
Диснэйн болон Пиксар студийн 2009 онд гаргасан “Up” анимэйшны гол дүр болох зөрүүд хөгшин Карл Фредриксений дүрийг мөн алдартнаас сэдэвлэжээ. Аснерийн том хамар, дөрвөлжин нүдний шил, харваас ааш муутай төрх нь Карлтай тун чиг адилхан.
Эх сурвалж: 10 Disney characters inspired by real-life celebrities (msn.com)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх