Машин дотор амиа алдахаас сэргийлэх төхөөрөмжийг 10 настай хүү бүтээжээ


Аска | YOLO.MN
2017-06-23

Судалгаанаас үзэхэд Америкт 1998 оноос хойш машин дотор цоожлогдон үлдэж хэт халуунд бүгчимдэж амиа алдсан хүүхдийн тоо 712-т хүрээд байгаа аж. Эцэг эхчүүдийн анхаарал, хайхрамжгүй байдлаас болж Америк улсаар зогсохгүй манай орны хувьд ч уг асуудал тулгамдсан асуудлуудын нэг болсоор байгаа билээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ машин дотроо зориуд хэсэг хугацаагаар үлдээх эсхүл мартах тохиолдлууд их гарч байгаа аж.

Энэхүү асуудлаас гарах гарцыг 10 настай бяцхан хүү нэгэн төхөөрөмж бүтээснээр шийджээ. Түүнийг Бишоп Курри гэдэг бөгөөд МакКинни мужид аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Бишоп хүүгийн хөрш айлын 6 сартай хүүхэд халуун машин дотор амь насаа алдсан харамсалтай хэргийг сонссоноор тэрээр энэхүү төхөөрөмжийг бүтээх санаагаа олжээ.

Энэ төхөөрөмжийг Оазис хэмээн нэрлэжээ. Оазис төхөөрөмж нь машины суудалд бэхлэгдэж машин доторх дулааныг хянаж байх юм байна. Машин доторх хэм дээд цэгтээ хүрсэн тохиолдолд өөрөөс сэрүүн агаар ялгаруулж антенээрээ дамжуулан машины эзэд болон холбогдох байгууллагад дохио өгч мэдэгдэх аж.

Хүү төхөөрөмжөө үйлдвэрлүүлэх мөн оюуны өмчийн эрхээ хадгалан үлдээх шаардлагатай хөрөнгийг босгох аян эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 24 мянган ам.доллар цуглаад байгаа юм байна.

#boy #cars #device