Танилц: Wattpad дээрх бичвэрээрээ ном бүтээсэн зохиолч О.Анхзаяа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-09-20

Бичих, туурвих сонирхолтой хүн бүрийн чөлөөт талбар Wattpad сайтаас номын гараагаа эхэлж, өдгөө будаг нь ч хатаж амжаагүй шинэхэн "Lost in Sound" номоо өлгийдөн аваад буй О.Анхзаяа зохиолчтой номын баярын өдрөөр цөөн хэдэн хором ярилцах боломж олдсоныг тэмдэглэн хүргэж байна. 


YOLOСайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

- Сайн уу, Намайг О.Анхзаяа гэдэг, 26 настай. UB Life болон Gereg сэтгүүлд сэтгүүлч, контент бүтээгчээр ажиллаж байна. 

YOLOWattpad сайт дээр бичиж эхэлсэн гэсэн. Тухайн үед ямар өгүүллэг бичиж эхэлж байв?

-Арван жилээ төгссөний дараа чөлөөт цаг их байсан л даа. Ингээд чөлөөт цагаараа өгүүллэг, цуврал бичиж болох Wattpad сайт байдаг гэдгийг мэдээд  2014 онд “Алисагийн мэдэхгүй ертөнц” өгүүллэгээ бичиж эхэлж байлаа.

 


YOLOБичихэд хүндрэлтэй зүйлс байв уу?

- Эхэн үедээ би өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг байсан. Том сайт дээр нийтэлж байгаагаас гадна олон хүмүүст хүргэж байгаа учир өөрийгөө мэргэжлийн зохиолчдоос дутахгүй байх ёстой гэж дайчилж, байнга шинийг, хурдтай уншигчдадаа хүргэхийг зорьдог байсан юм. Гэсэн ч хааяа дараагийн цувралаа оруулах завгүй үе байна. Тийм үед уншигчид дараагийн хэсгээ хүлээгээд, нэхэх үед л бага зэрэг хэцүү санагддаг даа.  

YOLOЭнэ удаагийн номын баяр таны хувьд онцлог болж байгаа байх. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

- Анх удаа номын баярт өөрийн бичсэн номтой оролцож байна. Өмнө нь асруудаар тойрч гүйгээд л уншигчийн хувиар оролцож байсан. Олон хүмүүс баяр хүргэхээр ирээд л, уншигчдадаа гарын үсгээ зурж өгөх мэдрэмж үнэхээр сайхан байдаг юм байна.

 


YOLOНомын далд утга, уншигчдад өгөхийг хүссэн мессеж юу байв?

- Хэвлэгдсэн даруйд нь “Энэ номыг аваарай” гээд зарлаж боломгүй ном шиг санагдсан. Номонд өсвөр насны охин нэгэн залууд дурласнаар үйл явдал өрнөнө. Хэдий бүтэхгүй, хориотой хайр ч гэлээ тэрхүү хайр өсвөр насны нэгэн охиныг хэрхэн өөрчилж буй тухай өгүүлэх болно. Гэхдээ энэ ном танихгүй охины түүх биш. Өөрөөсөө тусгал авч бичсэн, өөрийнхөө түүхээс сэдэвлэн бүтээсэн зохиол. Уншигчид маань гол дүрийн охины мэдэрч буй бүхнийг, миний шингээж бичсэн уйтгар гуниг, баяр жаргал бүрийг адилхан мэдрээсэй гэж хүсэж байна. 

 


YOLOЦаашид үргэлжлүүлэн зохиол бичиж, ном бүтээх үү?

- Wattpad дээрхээс илүү өөрийн шинэ зохиолоо бичихийг төлөвлөж байна. Миний зохиолын үйл явдал ихэвчлэн гадаадад өрнөдөг бол энэ удаа Монголд өрнөх болно. Мөн ээж хүний, аливааг харах өнцгөө өөрчилсөн хүний хувиар шинэ зохиол бичихийг зорьж байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.

#Ярилцлага