Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нарын дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер, удирдлагууд манай улсад ирээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Дэлхийн кино урлагийн чиглэлийг тодорхойлогчид манай улсад ирсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхийд толилуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Дэлхийн томоохон кино компаниуд Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Кино урлагийг дэмжих тухай хууль 2021 онд батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Энэ хүрээнд Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл хамтран “FAM TOUR-2022” арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх