YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Хэсэг хугацаанд завсарласан ч дахин захиа хүлээн авах боломжтой боллоо. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би BTS-д хэтэрхий их автаад байна
Сайн байна уу? Би 16 настай эмэгтэй хүүхэд. Кпоп, BTS сонсоод 2 жил болж байна. Гэхдээ би тэднийг шүтэн бишрэгчийн хувиар харах ёстой гэж боддог ч тэгж чадахгүй байсаар байна. Ирээдүйд тэдний нэгтэй нь гэрлэх талаар хүртэл мөрөөддөг.
Саяханаас надад өөрийн мэдэлгүй их сонин мэдрэмж төрдөг болсон. Тэднийг ямар нэг эмэгтэй хүнтэй ойр дотно байхыг нь харвал үнэхээр их уур хүрч, зүрхний цохилт түргэсэж бачууран өнөөх эмэгтэйг нь тэднээс хол аваачаад нуучихмаар санагддаг. Нэгэнт л би тэдэнтэй хамт байж гэрлэж чадахгүй гэдгээ мэддэг ч миний оюун санаанд автоматаар тэдэнтэй хамт байгаагаар төсөөлөгддөг. Мөн бүх зүйлсийг тэдэнтэй холбож боддог. "Jimin байсан бол ийм үйлдэл гаргаж байгаа даа" гэх мэтээр. Би тэдэнд хэтэрхий их донтсон бололтой. Би энэ байдлаас яаж гарахаа үнэхээр мэдэхгүй байна. Тэднийг сонсож бас харахаа больчихвол амьдрал уйтгартай (бараг л төсөөлөгдөхгүй), амьдрах утга учиргүй болох юм шиг санагдаж байна. Магадгүй би тэдэнгүй амьдрахаас айж байгаа байх. Зүрх, тархи 2 маань зөрчилдөөд байна. Зүрх минь "тэдэнгүй бол амьдарч чадахгүй, чи тэдэнд хайртай" гэж хэлж байгаа ч тархи минь надад "чи тэднээс цугтахгүй бол үргэлж л шаналж, хий хоосон мөрөөдөлдөө умбасан уйтгартай нэгэн болно" гээд л...
Надад алийг нь ч сонгосон нөгөөд нь харамсах мэдрэмж төрнө. BTS надад үзүүлж байгаа сайн тал нь дуунуудаараа дамжуулж эрч хүч, урам зориг өгдөг. Мөн миний амьдралыг илүү утга учиртай болгодог. Эсрэгээрээ муу тал нь миний цаг зав болон мөнгийг үрдэг, намайг шаналгаж хий хоосон мөрөөдөхөд хүргэдэг.
Би тэднийг шүтээний хувиар хардаг болохын тулд өөрөөсөө юуг нь өөрчлөх хэрэгтэй юм бол оо? Би тэднээс бүр мөсөн холдох бас хэт донтсон хэвээрээ байх хоёрын нэгийг сонгож чадаагүй тул энэхүү шийдвэрт хүрсэн юм. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Алдартанд хэт донтох нь амьдралын чинь хэмнэлийг алдагдуулдаг
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Олны танил, дэлхийн хэмжээнд нэр хүндээ гаргасан хамтлаг, дуучид, жүжигчдийн уран бүтээлийг ойлгож шүтэн бишрэх нь ихэнх хүнд байдаг ойлголт. Урлагаар дамжуулж нийгэмд олон төрлийн мэдрэмж хүргэж байдаг нь уран бүтээлчдийн онцлог.Тэдний уран бүтээлийг хэрхэн хүлээж авах нь үзэгчдийн хүртэхүйгээс хамаарна. Өөрийн шүтэж биширдэг уран бүтээлчдийг дэмжиж, тэдний гаргасан цомгийг худалдан авч тэднийг дэмжих нь өөрийн чинь сонголт. Аливаа зүйлийг хэвийн хэмжээнээс хэтрүүлж хийж, бодож, төсөөлөх нь тийм ч таатай үр дагаварт хүрдэггүй. Алдартанд хэт донтох нь амьдралын чинь хэмнэлийг алдагдуулдаг. Хэрхэн энэхүү хамаарлаас гарах вэ:
1. Үүнд цаг хугацаа орно гэдгийг хүлээн зөвшөөр. Хамаарал нь бусад донтолттой ижилхэн нөлөөтэй байдаг тул шууд гарах боломжгүй. Хэт хамаарлаа болиулахын тулд тодорхой цаг хугацаа орох л болно.
2. Зай барих. Уг хамтлагтай холбоотой нэвтрүүлэг, баримтат кино, youtube болон Tik Tok-ийн бичлэг зорьж хайж үзэхгүй байх. Тэдэнд хандуулах анхаарлаа зориудаар багасгах. Үүнд ч ялгаа байхгүй өөрөөс чинь эрч хүч гарна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Youtube хуудсанд чинь мэдэгдэл ирдэг бол “unsubscribe” хийх. Facebook дээрх тэдэнтэй холбоотой хуудсыг ч дагахаа болих.
3. Бодит харилцааг тэргүүнд тавих. Өөрийн чинь хайртай, биширч явдаг хамтлаг хэдий ч яг одоо дэргэд байгаа гэр бүл, сургууль, найзууд чинь л хүмүүстэй “холбоо, харилцаатай байх хэрэгцээг” хангаж чадна. Бодит харилцаа маш чухал. Уран бүтээлчийг шүтлээ гээд бодит харилцаанаас өөрийгөө тусгаарлах хэрэггүй.
4. Уран бүтээлчдийн арын албанд тэднийг маш сайхан харагдуулах гэж олон хүмүүс ажилладаг гэдгийг санаарай. Уран бүтээл хэдэн сая хүмүүст хүрдэг тул тэр бүр муу бүхнийг харуулахыг хүсэхгүй. Тиймээс тэднийг өөрийн анги, хамт олон, бодит амьдрал дээрээ мэдэх таних хүмүүстэй жишиж харьцуулахгүй байх. Дээрх аргуудыг хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Гэрийнхэн минь найз залуугаасаа сал гэсэн
Сайн байна уу. Би одоо 18 настай.Би монголдоо сурахгүй намар Япон явахаар болсон. Би их дотогшоо хүн. Ер нь л дотроо их юм бодож, дотроо л зорилго ирээдүйгээ боддог. Гэвч гэрийнхэн энийг минь мэддэггүй. Багаасаа л гэрийнхэнтэйгээ хувийн зүйлсээ ярьж чаддаггүй, нээллтэй байж чадалгүй байсаар өдийг хүрсэн. Гэвч одоог хүртэл “Чи хүүхэд шиг инээж хөхрөөд ярьдаггүй юм уу?, Жоохон сэргэлэн байгаач” гэх мэтээр загинаж зэмлэдэг. Хааяа нэг цохиж зодуулна, үгээр ч хараалгана ер нь жаахан хатуу хүмүүс л дээ.
Харин одоо надад тохиолдож байгаа гол асуудал нь би найз залуутайгаа гэрийнхнээсээ нууцаар үерхээд нэг жил болж байгаа. Бид хоёр нэг ангид багаасаа л сурсан. Харин ээж найз залууд минь яагаад ч юм дургүй. Ээж найз залуутай минь нэг ч ярьж үзээгүй байж, өөрийнхөөрөө л бодож байгаа. Найз залуу мин муу хүн биш, тайван даруухан надад ч өөрөөсөө илүү хайрладаг. Бид 2 бие биедээ хайртай. Гэсэн ч саяхан гэрийхэн мэдээд “Намар гадаад явах гэж байгаа хүүхдээс салга, больсон дээр” гээд тэдний гэр бүлтэй ярьсан. Ээж намайг найз залуугаасаа болоод Япон явах дургүй байгаа гээд ойлгочихсон. Мэдээж би явах дуртай байгаа, бас зорилгоо ч мэдэж байна. Би дотогшоо болохоор хэлдэггүй. Гэрийнхэнтэйгээ ярилцъя гэсэн ч ойлгодоггүй, өөрсдийнхөөрөө зүтгээд байдаг болохоор ярих ч хүсэл алга. Би найз залуугааса салмааргүй байна. Ээжийн бодож бгаа шиг хүн биш шүү дээ. Бие биедээ хайртай байхад заавал салах хэрэгтэй гэж үү?
ЗӨВЛӨГӨӨ: Нээлттэй байдлыг өөртөө бий болгохыг хичээгээрэй
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захианаас харахад дотогшоо гэдэгтээ хэт төвлөрсөн бас түүндээ итгэчихсэн юм шиг санагдаж байна. Чиний дотогшоо байдал өөрчлөгдөх боломжтой гэж бодож үзсэн болов уу? Өөрийнхөө дотогшоо байдлыг өөрчилье гэсэн бодол байдаг уу? Аль эсвэл хэн нэгэнд өөрт болж буй зүйлээ хуваалцахгүй байх нь чамд илүү амар санагддаг уу? Үүнийгээ мэдэхийн тулд маш амархан. Зөвхөн өөрөө өөртэйгөө ярилцаж дотроо аливааг бодсоноор ямар ямар эерэг болон сөрөг үр дагавар бий болж байгааг анзаараарай. Захиан дээрээс харахад гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаггүй, аливаа асуудлаа хуваалцдаггүйгээс гарч буй сөрөг үр дагаврууд байгааг харж байна. Чиний доторх бодлыг аав ээж нь мэдэхгүй учраас мэдээж үл ойлголцол үүснэ гэдгийг санаарай. Хэрвээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлбэл аав ээж нь чиний юу бодож байгааг харгалзан үзэж аливаа үйлдэл шийдвэрүүдийг гаргана байх. Тэрнээс тэдэнд юу ч хэлэхгүй ярилцахгүй байна гэдэг мэдээж чамайг буруу ойлгож эхлэх нэг үндэс юм шүү. Тиймээс найз хөвгүүнээ ч гэсэн чи л ээж аавдаа сайн ойлгуулж хэлэх нь зүйтэй шүү дээ. Тийм болохоор үүнээс хойш нээлттэй байдлыг өөртөө бий болгохыг хичээгээрэй. Мөн нээлттэй байснаар байдал хэр дээрдэж байна гэдгийг анзаараарай. Япон явах шийдвэр гаргаж байгаа нь сайн хэрэг байна. Япон явах дуртай байгаа мөн зорилгоо тодорхойлсон байгаагаа нэг бүрчлэн аав ээждээ хэлэх нь зүйтэй шүү. Тэгвэл тэд чамайг арай өөрөөр харах болно гэж найдаж байна. Мөн өөрийн дотогшоо хандлагатай гэдгээ ч гэр бүлийнхэндээ нуулгүй хэлээрэй. Бүх зүйлд энэ байдал нөлөөлдөг гэдгээ мөн хэлээрэй. Аав ээждээ асуудал болж буй зүйлүүдээ үнэн зөв бодитой тайлбарлаж хэлэхийг хүсье. Амжилт
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач. А.Норовбадам
АСУУДАЛ: Намайг ялгаварлан гадуурхвал яах вэ? Яаж өөрийнхөө айдсыг даваад илэн далангүй, нийтэч хүн болох вэ?
Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би 17 настай, одоо төгсөх ангид орно. Би өнгөрсөн жил сургуулиа сольсон юм л даа. Гадаадын ахлах сургуульд орох боломж надад олдсон.
Эхэндээ гоё санагдаж байсан. Өөр улс руу очиж үзнэ, шинэ найзуудтай болно гээд л. Миний бодсоноос өөр байсан. Сургуульдаа ороход миний хувьд бүх зүйл өөр байсан. Хэл, соёл гээд л. Хүмүүстэй найз болъё гэхэд ичээд ч байгаа юм шиг, айгаад ч байгаа юм шиг. Намайг одоог хүртэл нэг айдас дагаж явдаг. Тэр нь хэрэв намайг ялгаварлан гадуурхавал яах вэ? Яаж өөрийнхөө айдсыг даваад илэн далангүй, нийтэч хүн болох вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө бусдад илэрхийлсээр байгаарай
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Зориг гаргаж гадаад улсад боловсрол эзэмших гэж явсанд баяр хүргэе. Гадаад улс руу явах шийдвэр гаргасан цаг үеэс эхэлж бид сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж их олон зүйл төсөөлж боддог. Энэхүү үйлдлийг хийдэггүй хүн гэж бараг байхгүй тул өөрийг чинь буруутгаагүй юм шүү. Эх орноосоо өөр соёлтой гадаад улсад ирэх үед төсөөлөөгүй олон зүйлс гарч ирдэг. Энэ бол дасан зохицох үйл явцын л нэгээхэн хэсэг юм шүү. Дасан зохицоход хугацаа дунджаар 6 сараас 1 жил байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Шинэ орчинд дасан зохицож байх үедээ дараах зүйлсэд анхаараарай:
1. Дасан зохицох хугацаа өөрт чинь хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Цаг хугацаа өнгөрөх үед нөхцөл байдал хавь илүү дээр болох болно.
2. Шинэ соёл, орчин ондоо хэдий ч ойлгож, хүлээн зөвшөөрөх. Дасал болоогүй газар байх хэцүү гэсэн ч давуу талыг нь харах гэж оролдоорой. Соёл болгонд өөрсдийн гэсэн онцлог, сайхан, гайхмаар зүйлс бий шүү дээ. Тухайн соёлд амьдрах хугацаандаа таашааж болох зүйлсийг чадах чинээгээрэй мэдрээрэй.
3. Монголд байгаа танил, найз нөхөдтэйгөө цахимаар холбоотой байх.
4. Өөрийн мэдрэмжийг гэр бүлийн хүмүүст хэлж байх. Хэцүү зүйл байвал нуулгүй хэлээд нөхцөл байдалтай хэрхэн зохицох талаарх санаагаа ярилцах
5. Сэтгэл санаа хэцүү байсан ч зөв хооллолт, нойрны эрүүл хэмнэлийг хадгалах.
6. Хүмүүстэй харилцахаас зугтахгүй байх. Хэлний ялгаа гарч ирэх тул эхэндээ өөрийгөө илэрхийлэх тал дээр асуудал гарах уу? Мэдээж гарах болов уу. Гэсэн ч өөрийгөө бусдад илэрхийлсээр байгаарай(амаргүй санагдаж байсан ч). Намайг “гадуурхаад байвал”гэсэн бодлыг чинь батлах нотлох баримтууд бий юу? Шинэ орчинд дасахгүй байгаагийн улмаас санаа зовнилоосоо болж ургуулж бодоод байна уу? Энэхүү санаа зовнилыг чинь батлах хангалттай нотлох баримтууд гарч ирлээ гэж үзье. Хэнд хандах талаараа судалсан уу? Өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх төсөөлөл байгаа юу? Санаа зовнилоо цааш ургуулж бодохоос илүүтэй авах боломжтой арга хэмжээний талаар бодож байгаарай.
Бүхий л соёлд бусадтай дээрэнгүй харилцах хүмүүс гарч ирдэг. Энэ бол чиний хяналтаас үл хамаарах зүйл. Эрсдэл хаана ч гарч ирэх боломжтой шиг бусадтай таагүй харилцдаг хүмүүс хаана ч гарч ирэх боломжтой. Гэсэн ч бусадтай эелдэг ханддаг хүмүүс ямар ч соёлд мөн бий гэдгийг санах нь зөв.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Өдөр бүр хар дарж зүүдлээд байна. Амар тайван унтахын тулд яах ёстой юм бол оо?
Би одоо 20 настай. Жирийн л нэг их сургуулийн оюутан. 15 наснаасаа эхлээд 5 жилийн турш нэг хэв шинжийн байдлаар хар зүүдлэж байна. Эхэндээ унтахаас ч айж, амиа хорлох гэж ч үзэж байсан. Гэхдээ өдөр бүр хар дарж зүүдэлдэггүй ч 7 хоногт дөрөв тавд нь хар дардаг. Муухай зүүд зүүдэлдгээсээ болоод сайн амарч чаддаггүй. Сүүлийн үед үргэлж л уур бухимдалтай, ядарсан байдалтай байх болсон. Нилээн дотогшоо, найзуудтайгаа их ярилцахгүй байсаар бараг бүх найзуудаа алдсан болохоор ярилцах хүнгүй. Ер нь бодоод байхад миний эргэн тойронд намайг сонсоод тайтгаруулах хүн байдаггүй юм билээ. Хамгийн их ярилцаж ойлголцдог хүн маань ээж л байсан. Ээж минь 3 жилийн өмнө өөд болсон. Түүний асар их хайр халамжинд өлгийдүүлэн өссөн болохоор түүнээс хойш хорвоо дэлхий дэндүү хатуу санагдах болсон. Нэг эрэгтэй дүүтэй , аавтайгаа тийм ч дотно биш болохоор их зүйл ярилцдаггүй. Ер нь ярилцах хэн ч байхгүй болохоор одоо яах ёстой вэ? Ингэж бүх юмаа дотроо хадгалаад дээрээс нь надад ямар ч инээж баярлах мэдрэмж байдаггүй хааяа хүчээр инээдэг, бас харанхуйгаас үнэхээр их айдаг, маш амархан цочдог. Энэ байдал минь хар дарж байгаатай минь хамаатай болов уу? Эсвэл өөр зүйл байгаа юм болов уу? Өндөр голчтой ч хүсээгүй мэргэжлээрээ сурж байгаа болохоор бас л ямар ч баяр баясалгүй хичээлдээ явдаг. Гэх мэт олон асуудлууд байна. Гэхдээ хамгийн их хүсч байгаа зүйл нь зүгээр л тайван зүүд зүүдлэхгүй унтах. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Зүүдэндээ биш шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууддаа анхаараарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Зүүдийг маш олон онолоор тайлбарладаг. Өөрт чинь зүүдний талаарх баттай зөвлөмж хэлж чадахгүй. Шийдвэрлэж чадаагүй олон асуудал, эвлэрч чадахгүй үйл явдал болсон тул тархи амрахгүй үүний улмаас хар дараад байгаа болов уу гэж таамаглаж байна. Зүүдэндээ биш шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэдрэмжээ хэрхэн хүлээн зөвшөөрөх дээр анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Захиан дээр “бүх юмаа дотроо хадгалаад” гэсэн байна. Эхний ээлжид өөрийн мэдрэмжийг гадагшлуулах дээр ажлаарай. Өөрийг чинь сонсож чадах хэн нэгэнд мэдрэмжээ илэрхийлж байгаарай. Эсвэл өдөрт төрсөн мэдрэмжүүдээ бүртгэж байх. Цаасан дээр өөрийн бодлоо бичиж гадагшлуулах. Бодлууд яг гинжин холбоо шиг нэг бодсон бодлоос цааш бодлууд төрсөөр л байдаг. Сөрөг зүйл бодоод эхэлбэл цааш хэтрүүлэн бодохын өмнө хүчээр бодлоо зогсоох гэж оролдоорой. Өөрийн хяналтанд шийдвэрлэх боломжтой асуудлуудад анхаарлаа төвлөрүүлээд шийдвэрлэх боломжуудыг бодож үзээрэй. Асуудлуудаа мэдэж байгаа ч арга хэмжээ авахгүй удах нь тархинд амрах боломж олгохгүй байгаатай адил. Бага ч болов асуудлуудаа шийдвэрлэж эхлэх үед тархи амрах боломжтой болно. Өөрөөсөө их хүч гаргана гэдгийг ч хүлээн зөвшөөрөөрэй. Хэрвээ юу асуудал болоод байгааг ойлгож байгаа яаж шийдвэрлэх аргаа олохгүй, яаж мэдрэмжээ илэрхийлэхээ мэдэхгүй байвал мэргэжлийн сэтгэл судлаачаас биечлэн уулзаж зөвлөгөө авах боломжтой байдаг шүү.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх